МУИС-ийн археологи, антропологийн тэнхимийн судлаач Д.Түмэнтэй ярилцлаа. Түүнтэй сүүлийн үед олон улсын хэвлэлээр шуугиад байгаа "Чингис хаан Европ хүн” хэмээх мэдээллийн талаар ярилцсан юм. Тэрбээр энэ сарын 26, 27-нд болж буй "Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа юм.
-Энэ удаагийн "Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хуралд ямар сэдвээр илтгэл тавьж байна вэ?
-Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2002 оноос хойш хэрэгжүүлж буй"Дорнод Монгол” нэртэй антропологийн судалгааны төслийн үр дүнгээс танилцууллаа. Миний хувьд оюутан цагаасаа л энэ чиглэлийн судалгааг их сонирхож ирсэн. Тэгээд Монгол улсын их сургуулийн Азийн судалгааны төв /ARC/, Солонгосын ахисан түвшний судалгааны сан /KFAS/, тус сургуулийн эрдэм шинжилгээний сангийн санхүүжилтээр "Дорнод Монгол” нэртэй археологи, антропологийн төслийг 2002 онд Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт археологийн хайгуул судалгааг хийхээр болсон юм. Энэхүү судалгааны үр дүнд Монголын түүхийн янз бүрийн үед холбогдох олон дурсгалын цогцолборыг шинээр илрүүлж, анхан шатны баримтжуулалт хийсэн. Тэр дундаа Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгой, тус аймгийн Түвшинширээт сумын Дэлгэрхаан уул, Дорнот аймгийн Гурванзагал сумын Цагаанчулуут гэдэг гурван газар миний сонирхлыг маш ихээр татсан. Учир нь, эдгээр газарт шинэ чулуун зэвсгийн үеэс эхлүүлэн түүхэн бүх цаг үеийн дурсгалууд бий.
-Монгол орны зүүн хэсэгт шинээр ямар ямар дурсгалт газруудыг нээсэн бэ. Бусад дурсгалт газруудаас юугаараа онцлог байв?
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уулын Улаазуух, Адгийн гол, Булгын эх, Өвдөг, Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаан чулуут хэмээх газруудад орших хүрлийн үеийн хоёр өөр өвөрмөц соёлт хүн ам иргэншиж байсныг харуулсан байдаг. Мөн Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаанчулуутад жирийн иргэдийн амьдарч байсныг харуулдаг бол Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойд Монголын язгууртны үеийн булш олдсон байдаг. Миний бие энэ гурван газар сүүлийн 10 гаруй жил малтлага судалгаа хийж байна. Тиймээс энэ удаагийн илтгэлдээ эртний булшны зохион байгуулалт, зан үйлийн талаар ярихаас илүүтэйгээр малтан судалж буй булшнаас гарсан эд өлгийн зүйлс, хүний ясанд хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан. Тухайн дурсгалыг цөмийн физикийн аргаар үндсэн он цагийг тогтоох, хүний ясанд хийсэн ДНК-ын судалгаагаар хоорондоо ямар хамааралтай эсэхийг нарийвчлан судалснаараа онцлог юм.
-Сүүлийн үед хэвлэлүүдээр "Чингис хааныг европ хүн” гэсэн судалгааны дүнг танилцуулах юм. Үүнийгээ та бүхний хийсэн судалгаанд үндэслэсэн гэсэн байсан. Энэ генийн судалгааны талаар танилцуулахгүй юу?
-"PLОS ONE" сэтгүүлд нийтлэгдсэн жинхэнэ өгүүллийг нь бүрэн эхээр нь уншиж, танилцаагүй байж, хэвлэлээр буруу мэдээлэл цацсан гэж сонссон. Энэ судалгааг бид 2004-2007 оны хооронд Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгой гэдэг /таван шовгор толгод байдаг/ газар Монголын эзэнт гүрний үеийн булшны дурсгалыг малтан судалсан. Энд нийт 11 дурсгалт газрыг малтан судалсан. Тэндээс шонхорын дүрстэй алтан бөгж, төрийн дээдсийн малгайн жинс, болор бүс зэрэг маш баялаг дурсгалын эд өлгийн олдворууд олдсон. Бид энэхүү олдворуудыг 2008 онд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн цөмийн физикийн лабораторит үндсэн он цагийг тогтоолгоход 1130-1280 оны хоорондох дурсгал болохыг тогтоосон юм. Тэгэхээр манай Монголын эзэнт гүрний үеийн дурсгал гэдэг нь батлагдсан гэсэн үг. Ингээд тус малтлагыг ахалж буй нэрт академич Д.Наваан гуай бид хэд тэр шонхорын дүрстэй бөгж зэрэг эд өлгийн дурсгал нь алтан урагтай холбоотой байж болох эсэхийг таамагласан байдаг.
-Чингис хаан Европ хүн гэдэг нь худал гэсэн үг үү?
-Манайхан англи хэл дээр гарсан сэтгүүлийг зөв уншиж зөв ойлгохгүйгээр буруу мэдээлэл гаргасан байна лээ. Би тийм дүгнэлт огт хийгээгүй. Зарим нь Тавантолгойг нүүрсний Тавантолгойтой андуурсан гэж дуулсан. Энэ чиглэлээр хийсэн 11 булшны дунд, баруун, зүүн овоо гээд бүх цаг үеийн түүхэн дурсгалууд багтдаг. Тэр дундаас Эзэнт гүрний үеийн дурсгалуудыг нь онцлон судалсан. Харин цөөн тоотой хүннүгийн үеийн хэдэн дурсгалыг судалсан юм. Энэ судалгаагаар олдсон оршуулганаас гадаад төрх шинжээр нь судалж үзэхэд одоо үеийн монголчуудтай яг адилхан дүр төрхтэй байсан. Цаашлаад биеийн бүтцийнх нь хувьд судлаад үзэхэд бие бялдрын өсөлт хөгжлөөрөө өнөөгийн монголчуудаас ялгарах зүйл байхгүй байсан. Бид эдгээр оршуулга нь хоорондоо ойрхон, дунд толгойн энгэр газар наран талд байрлуулсан учраас алтан урагийн хүн мөн үү гэдгийг судалсан юм.
-Нийт 11 булшнаас долоон булшинд ДНК-ын шинжилгээ хийсэн юм уу?
-Тийм ээ. Бид хамгийн сүүлд долоон булшнаас олдсон хүний ясанд ДНК-ын судалгаа хийсэн. Судалгаагаар эхийн талаас удамшдаг генийн судалгаагаар бүгд Азийн гаралтай болох нь тогтоогдсон. /Монголын гаралтай гэж ярьдаггүй. Тивээр нь ярьдаг/ Тухайн ген нь аль газар илүү давтамжтай байгаагаас хамаарч Ази, Европ тивийнх гэдэг. Энэ удаа эхийн талаас удамшдаг D4 ген нь энэ Тавантолгойн булшны дөрөвт нь ижилхэн гарсан. Нөгөө гуравт нь эрэгтэй хүний ген буюу R1b-M343 илэрсэн. Эцгийн талын "Х” хромсон нь мөн Азийн ген гэсэн дүн гарсан. Энэ ген ерөнхий тархалтаараа Төв Ази болон зүүн Азийн нутагт тархалт өндөртэй байдаг. Энэхүү R1b-M343, D4 генүүд нь орчин үеийн монголчуудын 20 хувьд нь удамшигдан бидэнд хадгалагдаж буй юм. Тархац нутгийнхаа хувьд тэр нутгуудаар тархсан гэснээс биш Чингис хаан Европоос гаралтай гэж яриагүй. Бас Тавантолгойгоос олдсон дөрвөн эмэгтэйн оршуулгын нэг нь Чингис хааны удмын эмэгтэй гэсэн дүн гарсан. Чингисийн алтан ургийн удмын талаар түүхэнд дурдсанаас биш тодорхой мэдээлэл байдаггүй шүү дээ. Түүхэнд тэмдэглэснээр Чингис хааны хан хөвгүүдийн охид өөр овог аймгуудад гүнж болсон гэсэн баримтууд байдаг. Энэ удаагийн судалгаа, шинжилгээгээрЧингис хааны бага хүү Толуйгийн охин Онгууд аймгийн гүнж болсон ирсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн. Тэрхүү Онгуудын аймгийн нутаг нь одоогийн Сүхбаатар аймгийн Тавантолгой гэдэг газар юм.


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих