Орос дахь "Шилдэг борлуулалтай автомашины блог”-ийн идэвхтнүүд Монголын нутгаар аялахдаа манайхны түлхүү ашигладаг автомашинуудын тухай бичсэнийг тоймлон орчуулан хүргэж байна. Орос аялагчид Монголын автомашины зах зээлийг эзэлж буй автомашинуудыг нэрлэсэн байна.
"Манай блогийн эрхэм уншигчдадаа ээлжит аяллын сонин сайхнаа хуваалцъя. Бид өргөн уудам Сибирийн нутгаар дамжин Байгал нуур, Улаан-Үд хотоор зочилж, Монголын өмнөд нутаг хүртэл аяласан юм. Энэ хүртэлх замдаа Монгол дахь автомашинуудын тухай сонирхсон билээ.
Монгол Улс нь 1.6 сая км хавтгай дөрвөлжин талбайг эзлэх ба 2.9 сая гаруй хүн амтай. Өөрөөр хэлбэл, далайд гарцгүй энэ улс хүн амын тоогоороо ОХУ-аас 50 дахин, БНХАУ-аас 450 дахин цөөн. Нийслэл Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Нэгдүгээр сарын хамгийн бага хэм нь -30 байв. Оюу Толгойн ордыг ашиглаж эхэлснээр Монголын эдийн засаг 2012 оноос хойш эрчимтэй хөгжих болсон. Гэсэн хэдий ч өнөөдөр тус улсын хүн амын 20 гаруй хувь нь өдөрт 1.25 ам.доллартай тэнцэх хэмжээний орлоготой...
Одоо бүгдээрээ энэ улсын автомашины ертөнцийг тольдоё. Монголын автомашины зах зээл ЗХУ-ын үетэй салшгүй холбоотой. Харин 1990-ээд оноос хойш "LADA” түүх болж, түүний залгамж халааг "Hyundai”-гийн автомашинууд эзэлсэн юм. Тиймдээ ч би Улаанбаатарын гудамжинд ганцхан "GAZ Volga” автомашинтай тааралдсан юм. Энд Оросын жижиг суудлын автомашинууд харагдахаа больжээ. Ихэвчлэн хөдөө орон нутагт "УАЗ Фургон”, "УАЗ 469” харагдах бөгөөд Хятадын аварга ачааны автомашинууд олон тааралдана.
Улаанбаатарын гудамжаар явбал "Toyota” компанийн "Prius” автомашины нэг, хоёр дахь загваруудтай бараг хэдхэн минутад л тааралдана. Би энэ автомашиныг Улаанбаатарт л хамгийн олон удаа харсан. Баруун талдаа жолооны хүрдтэй, хосломол хөдөлгүүртэй япон автомашинууд Монголын зах зээлийг хэдийнэ эзэлжээ. Энэ нь Монгол Улс хайбрид буюу байгальд ээлтэй цахилгаан-шатахуун хөдөлгүүртэй автомашинаас татвар авдаггүйтэй салшгүй холбоотой юм. Мөн хайбрид автомашин -40 хэмд асуудалгүй ажиллах чадвартай байдаг нь залуусын тэргүүн сонголт нь бололтой.
Тэрчлэн, "Toyota”-гаас гуравхан жилийн хугацаанд үйлдвэрлэсэн "Verossa” загварыг монголчууд эдлээд дуусч байгаа бололтой. Орост "Verossa” олон хэдий ч Монголд илүү олон гэж ойлгож болох юм. Үүнтэй адил үйлдвэрлэгдэхээ больсон "Toyota”-гийн "Mark II Grande”, "Mark X” автомашин түгээмэл.
Харин монголчууд төдийлөн олон өөр загварын шинэ автомашинууд унадаггүй. Ихэвчлэн "Toyota”-гийн "Land Cruiser” болон тансаг зэрэглэлийн "Lexus LX” харагдана. Мөн "Nissan”-ий "Patrol”, "Infiniti QX” загвар "G Class”, "Hummer” нэмэгдэнэ. 2010 онд Монголд 300 хүн л "Hummer” унадаг байсан бол 2013 оны эцсийн байдлаар энэ тоо 1000 хол давсан байна. Монголын чинээлэг иргэд нэгнээсээ ялгарах загвартай автомашин унадаггүй. Харин ч адилхан загвартай автомашин худалдан авдаг бололтой.
Монголд илүү олон хүн унаж байгаа нь автомашины жагсаалтад "Hyundai”-гийн шинэ загварын "Sonata”, "Elentra”, "Accent” багтана. Шинэ автомашины борлуулалтын хувьд тэд хамгийн амжилттай байгаа аж. Мөн хамгийн олон харагдах автомашины тоонд "Hyundai”-гийн "ix35”, "Kia”-гийн "Sportage”-ийг нэрлэж болно.
Монголын өргөн талын эцсийн хязгаарт хүрч чаддаг автомашин бол "УАЗ Фургон” юм. Уг автомашин 1965 оноос хойш үйлдвэрлэгдэхдээ загварын хувьд төдийлөн өөрчлөгдөөгүй. Хэдхэн эд анги нь л шинэчлэгджээ. Шинэ "Фургон”-ы үнэ нь 26 сая төгрөг буюу ойролцоогоор 15 мянган ам.доллар юм. "Хүйтэн дайн”-ы үеэс хойш ЗХУ-ын армид ашиглагдах болсон энэ автомашин дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй, 100 км-т 20 литр шатахуун зарцуулдаг.
Бидний хөлслөн явсан "Мөнгөн хүлэг”-ийн жолооч Оогий өөрийнхөө автомашиныг бараг үйлдвэрлэгчээс нь илүү сайн мэднэ. Хаана нь, ямар гэмтэл, эвдрэл гарсныг хурдан тодорхойлж хялбархан засчихдаг.
Орчуулсан Т.Мунаа
time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих