ЗГҮАХ-т хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр 47 зорилт тусгагдсан бөгөөд ЗГ-ын 100 хоногийн хугацаанд 13 зорилтыг хэрэгжүүлэхээр санаачилга гарган ажиллалаа. Өнгөрсөн 100 хоногт 2 хуулийн шинэчилсэн найруулгыг боловсрууллаа. Түүнчлэн 7 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлээд байна.
Ахмадууддаа "Насны хишиг”-ийг жилд 2 удаа олгох хуулийн төсөл санаачлав
Ахмад настанд жилд 2 удаа "Насны хишиг” олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өдөр УИХ-д өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөл батлагдвал 121,0 орчим мянган ахмад настанд жилд 2 удаа 50,0-250,0 мянган төгрөгийн тэтгэмж олгох нөхцөл бүрдэж, азай буурлуудын амьжиргаанд нь дэмжлэг үзүүлсэн нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ хэрэгжих юм. Насны хишгийн зардалд зориулан Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд 20,5 тэрбум төгрөгийг тусгалаа.
Ахмад настанд төрийн цогц үйлчилгээг хүргэх эрх зүйн орчинг шинэчлэх нөхцөл бүрдлээ
Засгийн газраас ахмадууддаа насны хишиг олгох төдийгүй тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг нь хойч үедээ өвлүүлэх зорилгоор ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Уг хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Энэ хуулийн төсөл батлагдснаар Монгол Улсын 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй 241,8 мянган[1] иргэний нийгмийн баталгаа хангагдаж, ахмадын өмнө хүлээх хариуцлага сайжрах болно.
Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болов
Малчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар бууруулах зорилгоор "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо.
Энэхүү хуулийн төслийг батлуулснаар ажил амралтын горимгүй, байгалийн хатуу ширүүн нөхцөлд цаг наргүй хөдөлмөрлөдөг боловч бэлэн мөнгөний хомсдолд өртдөг 269,5 мянган[2]малчдын нийгмийн баталгаа хангагдаж тэтгэврийн мөнгөн орлоготой болох юм. Хуулийг 2019 оноос хэрэгжүүлбэл жилд 20,6 мянган малчны тэтгэврийг 5 жилийн өмнө тогтоон олгоход 96,2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулна.
Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах санаачлага
2016 оны 2 дугаар улирлын байдлаар нийт тэтгэвэр авагчдын 59.4 хувь буюу 219.6 мянгантэтгэвэр авагч арилжааны банкуудад 508.8 тэрбум төгрөгийн[3] зээлийн үлдэгдэлтэй байна.Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэйгээр олгож байгаа нь ахмадуудад санхүүгийн ихээхэн дарамт болж байна.
Иймд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хүүг үе шаттайгаар бууруулах бодлого гаргаж, банкуудтай ярилцахаар болов. Энэхүү санаачилга үр дүнгээ өгвөл тэтгэврийн зээлийн хүүг сард 33 хувиар бууруулж 1 хувь болгох тохиолдолд тэтгэвэр авагчдийнхүүнд төлөх зардал жилд 30,4 тэрбум төгрөгөөр хэмнэгдэнэ. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг эхний ээлжинд Төрийн банктай хамтран энэ онд багтаан зохион байгуулж эхлэхээр төлөвлөж байна.
Элэгний С вирусын өндөр өртөгтэй эмийн үнийг хөнгөлөхөөр боллоо
Манай Улсын хүн амын дунд элэгний өвчлөл ихээхэн нэмэгдэх болов. Тиймээс элэгний өвчлөлийг бууруулах вирусын эмийг санхүүжүүлэхэд зориулан эрүүл мэндийн даатгалын сангаас 40 хүртэл хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тодотголд23,4 тэрбум төгрөг суулгалаа. Үр дүнд нь элэгний өвчнөөр шаналж буй 30 мянга орчим өвчтөн 2016 онд хөнгөлөлттэй үнээр С вирусын эм худалдан авч, бүрэн эмчлэгдэх нөхцөл бүрдлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 өвчтөнд дунджаар 525,0 мянган төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлнэ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 373 аж ахуйн нэгжийн хаагдсан дансыг нээв
Эдийн засгийн хямралаас үүдэн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 2016 оны 8 дугаар сарын байдлаар 116 тэрбум төгрөгт хүрч бэлэн мөнгөний урсгалд сөргөөр нөлөөлж байна.
Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан авлагыг барагдуулах ажлыг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж 8 тэрбум төгрөгийн авлагыг сарын хугацаанд нийгмийн даатгалын санд төвлөрүүлэн ажиллав.
Харин шимтгэлийн өртэй боловч үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа 373 аж ахуйн нэгж, байгууллагуудад итгэл хүлээлгэж, үүссэн шимтгэлийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлүүлэх, харилцах дансны гүйлгээг нээх, шүүхийн шатанд шилжүүлэх зэрэг ажиллагааг түр хугацаагаар хойшлуулах арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэснээр энэ онд шимтгэлийг авлагыг 50 хувиар бууруулах зорилт тавьж байна.
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд бэлнээр болон бэлэн бусаар олгох хөрөнгийн эх үүвсэрийг шийдвэрлэв
Хүүхдийн мөнгийг энэ оны 6 дугаар сард олгоод Хүний хөгжил сангийн 2016 оны батлагдсан төсөв дууссан юм. Харин эдийн засгийн хүндрэлтэй үед Засгийн газраас хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэлээ.
Ингэхдээ амьжиргаа багатай өрхийн 660.0 мянган хүүхдийнмөнгийг 2016 оны 7 дугаар сараас эхлэн тооцож олгоход зориулж 2016 оны төсвийн тодотголд 79,8 тэрбум төгрөгийг тусгав. Харин 2017 оны төсвөөс 161,5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зориулна.
Хүүхдийн мөнгөө бэлнээр аваагүй үлдэх 396,0 мянга орчим хүүхдүүд 2019 оноос эхлэн 2016-2018 онуудын мөнгө болох 580,0 мянган төгрөгийг нөхөж олгохоор шийдвэрлэв. Ингэснээр бүх хүүхэд хүүхдийн мөнгө бодлогод бүрэн хамрагдана.
"Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлэх хуулийн төслийг санаачиллаа
Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлэв.
УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд :
"3 хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлэх"
"Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасрахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ."
"Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцдог болно" гэснийг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулав.
Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөлд :
3 хүртэл насны хүүхэдтэй эхэд "Цалинтай ээж" тэтгэмжийг сар бүр олгох; /50000 төгрөг/
ажил, хөдөлмөр эрхлээгүй 3 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг хүүхэд асарч байх хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэлийг ХХДХ-ээс тооцон 100 хувь сар бүр төрөөс хариуцах;
Нийгмийн халамжийн тухай хуулинд заасан 4 хүртэл насны ихэр хүүхдэд 1 удаа олгож байгаа тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмжийг энэ хуулинд тусгана.
Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг дагалдуулан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн төслийг боловсруулна. Энэ хуулинд
3 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд хүүхдийн тооноос хамааран ажилласан жилийг 1 хүүхдэд 1.5 жилээр тооцон нэмэгдүүлэх зохицуулалтыг нэмнэ.
Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулинд /шинэ хууль/ дараах асуудлыг тусгана:
3 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-эд улирал тутам ХХДХ /2017 оны 01 сарын 01-нээс 240.0 мянга/-ээр тэтгэмж олгоно.
"Залуучуудын хөгжлийн тухай хууль”-тай болно
Манай Улсын хэмжээнд 2015 оны эцэст 15-34 насны 1,085,001 залуучууд байна. Энэнь нийт хүн амын 35,5 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 55 хувь болно. Түүнчлэнбүртгэлтэй ажилгүй иргэдийн 60,6 хувь нь,Улаанбаатар хотод шилжин ирэгчдийн 63,5 хувь ньзалуучууд байна[4].Хүн амын бүтцэд залуучуудын тооны эзлэх хувийн жин өндөр боловч тэдний дунд ажилгүйдэл өндөр, өөрийн эзэмшлийн орон сууцгүй байх, мэргэжлийн ур чадвар дутмагаас бага цалин хөлстэй хөдөлмөр эрхлэх, боловсрол сургалтын тогтолцоо чанаргүй байх зэрэг олон асуудлууд тулгамдах боллоо.
Тиймээс залуучуудын оролцоонд тулгуурлан төрөөс залуучуудын хөгжлийг дэмжиж, хөдөлмөрлөх, боловсрох нөхцөлөөр хангах зорилгоор анх удаа Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж эхэллээ.
Хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд "Залуучуудын хөгжлийг дэмжих нь" хэлэлцүүлгийг УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороотой хамтран 2016 оны 10 сарын 26-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НББСШУБХ-ны гишүүд, залуучуудын асуудлаар холбогдох яамд, бусад төрийн байгууллага, ТББ нийт 70 гаруй төлөөлөл оролцож, залуучуудын хөгжлийн асуудлаар хэлэлцсэн бөгөөд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулж, гарсан санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусган уг хуулийн үзэл баримтлалын төслийг 2016 оны 11 сарын 2-ны өдрийн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Хөгжлийн бэршээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах хуультай болно
2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр батлан мөрдөж буй "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах зохицуулалт тусгагдаагүй юм.
Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулдаг болох заалтыг Хөгжлийн бэршээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмж оруулах төслийг боловсруулан УИХ-д 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөрөргөн барилаа.
Энэ хууль батлагдснаар 34,5 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн Нийслэлийннийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх нь баталгаажина. Энэ зорилгоор Монгол Улсын 2017 оны төсөвт 6,7 тэрбум төгрөгийг тусгаад байна.
Төрийн албан хаагчдад урьдын адил 36 хүртэл сарын тэтгэмж олгоно
Төрийн албан хаагчдын санал хүсэлтийн дагуу урьдын адил 36 хүртэлх сарын буцалтгүй тусламж олгодог болох хуулийн төслийг санаачилан УИХ-д өргөн мэдүүлэв.
Хуулийн төслийг баталснаар төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 хүртэлх сарынүндсэн цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж авах юм.
Төрийн албан хаагчдын тэтгэмжид зориулж 2017 оны төсвөөс 89,6 тэрбум төгрөг зарцуулна.
"Орлоготой оюутан" үндэсний хөтөлбөрийн төслийг боловсрууллаа
"Орлоготой оюутан" үндэсний хөтөлбөрийн төслийг БСШУCЯ-тай хамтран боловсруулж, Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.
Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төв, политехникийн коллеж, их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдад суралцахын хажуугаар ажил, хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлж, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгоход чиглэгдэнэ.
Хөтөлбөрийг 2016-2020 оны хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд оюутны хөдөлмөр эрхлэлтийн нийгмийн орчин, тогтолцоог бий болгоно.
Цалингийн зээлийн хүү, шимтгэлийг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ
Монгол банкнаас гаргадаг "Иргэд, ЖДҮ эрлэгч ААН-д олгосон зээлийн улирлын тайлан”-гаар 2016 оны 2 дугаар улирлын байдлаар 263,3 мянган иргэн буюу нийт ажиллагчдын 23.3 хувь нь1,4 их наяд төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байна. Арилжааны банкуудаас олгосон цалингийн зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 20.5 хувь /сараар тооцвол 1.7 %/, олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 30.9 сар байна.
Банкуудаас цалингийн зээлийг сард 1.2-3.0 хувийн хүүтэйгээр олгохдоо зээлийн шимтгэлийг нэг удаа нийт зээлийн дүнгийн 0.5-1.5 хувьтай тэнцүү дүнгээр тооцож, зээлдэгчээс төлүүлж ирсэн. Энэ нь иргэдэд санхүүгийн ихээхэн дарамт болж байгааг шийдвэрлэхийг олон нийт хүссээр ирсэн.
Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээтэй хамтатган цалингийн зээлийн хүү, шимтгэлийг бууруулах асуудлыг банкуудтай харилцан тохиролцох ажлыг эхлүүлэв. Санамж бичиг байгуулах ажлыг Төрийн банкнаас хэрэгжүүлэхээр боллоо.
Банкнаас олгох цалингийн зээлийн сарын хүүг 0.2-0.3 хувиар бууруулахад 33.5-50.2 тэрбум төгрөгөөр, зээлийн шимтгэлийг зогсооход 14.0 тэрбум төгрөгөөр зээлэгдэгчдийн зардал багасч, ажиллагчдын орлого нэмэгдэх тооцоотой байна.
Ажиллах хүч гадаадад гаргах хамтын ажиллагааг БНСУ, Японтой гүнзгийрүүлнэ
БНСУ-ын Засгийн газартай ажиллах хүч гаргах хэлэлцээрийг шинэчлэх ажлыг тус яамнаас санаачлан эхлүүлээд байна.
Хэлэлцээрээр хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, стратегийн өндөр ач холбогдолтой салбарт Монгол иргэдийг ажиллуулах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн ур чадвар, мэргэжлийн түвшинг үнэлж, Карьерын сертификат олгох асуудлыг шийдвэрлэх юм.
Түүнчлэн манай Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчдөд өндөр технологи, мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор Япон улсын аж ахуйн нэгж, байгууллагад дадлагажуулах талаар Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт өөрчлөлт оруулахаар боллоо. Мөн санамж бичигт Япон Улсын дадлагын тогтолцооны ажил мэргэжлийн жагсаалтад шинээр нэмэгдэж буй асаргаа, сувилгааны чиглэлээр Монгол Улсаас дадлагажигч илгээх асуудлыг тусгах юм.
Австрали, Монголын 18-30 насны залуучуудын дунд 1 хүртэл жилийн хугацаатайгаар "Ажиллах ба амрах” хөтөлбөрийг харилцан хэрэгжүүлэхээр тохиролцож, Засгийн газар хоорондын санамж бичгийн төслийг боловсруулаад байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр залуучууд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ, ажил мэргэжлийн дадлага эзэмшиж, тухайн орны соёл хөгжлөөс суралцах нөхцөл бүрдэх юм.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгав
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015 стандарт болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт шалгалт хийж, зөвлөмж дүгнэлт гаргах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/174 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Нийслэлийн 6 дүүрэг, Хэнтий, Төв, Дархан-Уул, Орхон аймгийн 29 хүүхэд харах үйлчилгээ үзүүлж буй төвүүдэд газар дээр нь очиж, хяналт, шалгалт хийж ажиллалаа.
[1]Монгол Улсын статистикийн эмхэтгэл, 2015 он, ҮСХ
[2]Монгол Улсын статистикийн эмхэтгэл, 2015 он, ҮСХ
[3] Монголбанк,2-р улирлын тайлан, 2016 он
[4]Хүн амын статистик үзүүлэлтүүд, 2015 он, ҮСХ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих