Монгол Хятадын мэргэжилтнүүд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших 10 дугаар зууны үед холбогдох "Хэрлэн барс” хотын цамхагийг 2014-2016 оны хооронд бэхжүүлэлт, сэргээн засварлалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Сэргээн засалтын ажил 2016 оны есдүгээр сард албан ёсоор дуусгавар болж байгаатай холбогдуулан, сэргээн засварлагдсан дурсгалыг орон нутагт нь албан ёсоор хүлээн авах ёслолын ажиллагаа өчигдөр болжээ.
Сэргээн засварлагдсан "Хэрлэн барс” хотын цамхагийг Монголын талд хүлээлгэн өгөхөд БНХАУ-ын Соёлын өвийн академийн ерөнхий Захирал Чай Шао Мин, тус академийн ахлах инженер Лю Жиан, Дурсгалыг хүлээн авахаар Монголын талаас БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болд, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Д.Даваацэрэн, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат болон бусад холбогдох төлөөлөгчид оролцсон байна.
Монгол Хятадын мэргэжилтнүүдийн хоёр жил зарцуулсан уг сэргээн засварлах ажлыг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 2010-2013 онд хэрэгжүүлэх Соёлын солилцооны төлөвлөгөөний 6 дугаар зүйл, 2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газар хооронд байгуулсан "Хэрлэн барс" хотын суврагыг сэргээн засварлах талаар хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, мөн 2014 онд БНХАУ-ын Соёлын өвийн академи болон Монгол Улсын Соёлын өвийн төвийн хооронд байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих