
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тойрсон асуудал энэ долоо хоногт эцэслэгдэх болов уу гэсэн хүлээлт байсан ч дахин тав хоногоор хойшиллоо. Уг нь мэдээжийн ийм асуудлаар улстөрчид ингэж цаг хугацаа алдахын хэрэг байхгүй билээ. Улс орны хэмжээнд хүлээлт үүсгэсэн олон чухал хуулийн төслүүд хүлээгдэж байгаа энэ үед нэг сайдыг огцруулах асуудлаар ингэж хугацаа алдаж суугаа нь олон хүний бухимдлыг төрүүлж байгаа. Тэгвэл өөрийг нь огцруу¬лах асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш хар цагаан дуугүй байсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрөгч лхагва гарагт хэвлэлийнхэнд мэдэгдэл хийсэн юм.
Тэрбээр энэ 14 хоногийн хугацаанд хэвлэлийнхэн, залуучууд өөрийг нь ямар нэг шахаас, хэн нэгний захиалгагүйгээр дэмжиж байсанд урамшиж, цаашдаа энэ шинэчлэлээ тууштай үргэлжлүүлэн ажиллах болно хэмээн ярьсан билээ. Х.Тэмүүжин сайд энэ хугацаанд яагаад дуугүй байсан бэ гэдгээ тайлбарлахдаа "Би болж байгаа үйл явцыг зүгээр үзэгдэл гэдэг талаас нь харж байна. Хаа хүртэл явах нь вэ гэдгийг бас харж хүлээлээ. Хуу¬лийн салбарт хийгдэж байгаа шинэтгэлийн явцад гарч болох нэг л үзэгдэл. Би хувьдаа энэ үзэгдэл 2015 оны хавраас эхлэв болов уу гэж тооцоолж байсан, харин ч эрт эхэлж байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд намайг аль байдгаараа харлуулах, ямар нэг хууль бус зүйлтэй холбогдуулах гэж янз бүрийн л гүтгэлэг явлаа. Зарим талаар инээдэмтэй. Намайг юутай холбож, юу гэж гүтгэж болох бай¬на, бүгдийг хийлээ. Эмэгтэй хүнтэй холбож үзлээ, хар тамхины хэрэгт гүтгэлээ, гадаадын тагнуул ч гэж үзлээ, холбоогүй юм байхгүй” хэмээн ярьжээ.
Өөрт нь энэ бүхний талаар олон баримт байгаа ч цагдаагийн байгууллага шалгаж байгаа баримт, дэлгэж болохгүй гэсэн учраас дэлгэхгүй байгаа гэнэ. Түүнтэй нэр холбогдоод буй бүсгүйг ч санаатайгаар эртнээс төлөвлөж бэлтгэсэн зүйл гэдгийг хэлээд тодорхой хугацааны дараа бүх үнэн дэлгэгдэнэ гэсэн юм.
Р.Бурмаа: Үндсэн хуулиас давсан намын дүрэм байдаг юм байна
УИХ-д цаашлаад, улс төрийн хүрээнд сонирхол татаж байгаа нэг асуудал бол УИХ-ын гишүүн Р.Бурмааг АН-аас гаргах асуудал хөндөгдөж эхэлсэн тухай юм. Өөрөөр хэлбэл, УИХ-д хэлэлцэгдэж байсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй гэх нэмэлт өөрчлөлтөд Р.Бурмаа гишүүн санал өгөхдөө энэхүү хуулийн төсөл энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой хэмээн санал өгсөн нь Засгийн газрыг унагах санал болсон гэж намын гишүүд нь үзсэн байдаг. Тиймээс намын гишүүний өгсөн санал Засгийн газрыг унагахад нөлөөлсөн бол гэдэг үндэслэлээр намаас хасах тухай асуудал хөндөгдөж эхэлсэн.
Тэг¬вэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Үндсэн хуулиас дээгүүр давсан намын дүрэм байдаг гэдгийг би сая л мэдлээ. Ийм намын дүрэм байж болохгүй. Энэ асуудлаар намын дүрэм Үндсэн хуульд нийцэх ёстой гэдэг дээр цаашид би анхаарч ажиллана. АН Их хурлаа зарлаж, Үндсэн хууль зөрчсөн намын дүрмээ өөрчлөх ёстой. Намын дүрмээр яваад намын гишүүнд хариуцлага ногдуулна гэж байгаа бол Хяналтын ерөнхий хороо хуралдахдаа надад мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, Хяналтын ерөнхий хороонд миний эсрэг 13 гомдол гарсан гэдгийг урьдчилан надад мэдэгдэх ёстой. Хяналтын ерөнхий хороо хууль зөрчилгүй хурлаа явуулсан уу, хэн нэгний захиалгаар хуралдсан уу гэсэн хардлага төрөхөөр байгаа юм” хэмээн ярьжээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг тойрог, жагсаалтаар ялгаж нам цэгнэх ёсгүй гэж үзжээ. Ард түмний төлөөлөл учраас ард түмэн шийдэх ёстой гэж үзжээ.
Д.Батцогт: Би аль нэг нам эвсэлд орохгүй
УИХ дахь "МАХН-МҮАН”-ын "Шударга ёс” эвслийн гишүүн Д.Батцогт бүлгээсээ гараад байгаа билээ. Олон зүйл дээр санал нэгдэхгүй байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэдгээ Д.Батцогт мэдэгдэж байсан. Түүнийг эвслийн бүлгээс гарсан нь баз болох МАН- ын бүлгийн дарга С.Бямбацогтын шахалт байсан, АН-д элсэх гэж байгаа гэх элдэв таамаг яригдаж байгаа. Тэгвэл энэ асуудалд албан ёсоор тайлбар өгсөн нь өнгөрөгч долоо хоногийн анхаарал татсан сэдвийн нэг байлаа.
Д.Батцогт хэлэхдээ "Би "Шударга ёс” эвслийн бүлгээс гарлаа гэж мэдэгдсэн
болохоос МҮАН-аас гарна гэж хэлээгүй. Зарим хэвлэлүүд намайг АН-д
элссэн, "Шонхор” фракцийг дагаж байна, С.Бямбацогтыг дагаад МАН-д элсэх
гэж байна гэж мэдээлсэн байна билээ. Үнэн хэрэгтээ би аль нэг намд орох
тухай бодоо ч үгүй явна. Яах вэ, эвслээс гарсны дараа нөхөд "Манай намд
элс, манай намд ор” гэж тоглоом, шоглоомоор хэлж байна. Би үүнийг албан
ёсны яриа гэж хүлээж авахгүй байгаа. Би ер нь цаашдаа асуудалд бие
даасан байдлаар хандаж, өөрийн дэмжих асуудлыг дэмжээд, санал
нийлэхгүйгээ орхиод явдаг УИХ-ын чөлөөтэй гишүүн байя гэж бодож байгаа.
"Шударга ёс” эвслийг бүрдүүлж байгаа МАХН- ын гишүүд "Д.Батцогтоос
Байнгын хорооны даргын ажлыг авъя” гэж ярилцсан тухай дуулсан. Анх эвсэл
байгуулагдахад МАХН, МҮАН хоёр УИХ-ын хоёр Байнгын хороог удирдана гэж
тохирсон. Тийм учраас энэ асуудлыг МҮАН шийднэ л дээ. Хэрвээ нөхөд
"Байнгын хорооны даргын ажлаа өг” гэвэл татгалзах юм алга. Би ажлаа
өгнө” хэмээжээ.
МОНГОЛЫН МЭДЭЭ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2068
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих