Хөрстийн муухайг нарнаас нуух гэж
Хурмаст тэнгэр бүрхдэг гэнэ лээ
Хүний нүглийг хүнээс нуух гэж
Халуун хайр заяадаг гэнэ лээ
Хорвоогийн ёс зөөлөн байна
Хөл хүндэрдэггүй бүсгүйн хойгуур
Хөнгөн инээлдэхийг цээрлэдэг бол
Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр
Хөндлөн гардаггүй ёсон байна
Хүү нь мөд очихыг эхэд нь түрүүлж дуулгадаг бол
Хүү нь мөнх болсныг эхэд нь бус
Эцэгт нь түрүүлж дуулгадаг
Хүний ёс хатуу байна
Ёс мэдэхгүй хүнд
Ёр халддаг байна
Ном мэдэхгүй хүн л
Зэм хүртэж чаддаггүй
Нум татаагүй эр л
Сум алдаж магадгүй гэдэг
Тааруухан залуусын амнаас унах
Таван үгний дөрөв нь гадаад
Тачаадах бүсгүйн сэтгэлээс урсах
Тавин хүслийн нэг нь дотоод
Айлд юу байгааг нь асууж ордог
Айлаас юу байгааг нь аваад гардаг
Дээл бүс
Дээдэс удам
Дэг соёл гэж мэдэх ч үгүй
Харийн хурдыг дагаж хийсэхдээ
Өөрийн сэтгэлээ гөвчихсөн
Хуучин цагийн юм бүхнээс
Хумсанд орсон хир мэт цэрвэдэг
Гавалны гаднахаа гангалахаас
Гавлан доторхоо өнгөлдөггүй
Өөрөө ч хараагүй мөнгөн зорилготой
Өөрөөсөө ч ухаантай утсан дөнгөтэй залуус
Өндөр дээдсийн өв соёлоо
Өнөөдөр эрх чөлөөгөөр дарж
Өөр нэг өдөр эмтэрхий ч үгүй булахаар байна
Араг хөмөрч гишгэсэн хүүхний хөрөг
Адууны толгой эвсэн хүний зураг
Ёс мэдэхгүй хүнд
Ёр халдахгүй гэж
Ёроолгүй гүн тэнэглэлд нэгнээ түлхэж
Юм бүхэнд орчин цаг гэж хийрхээд
Зүг бүрээс чуулсан золбин ноход шиг хэмлэлцэх та нар
Хугас жаран өнгөрөхөд
Хутга барьж чадахгүй
Худаг явж үзээгүй
Ховоо татахыг хараагүй
Холбоо үг ойлгохгүй
Ачтайгаа ч золгож мэдэхгүй
Ардын дуу, уртын соёл
Амнаас нь гарах нь бүү хэл
Араас нь түрээд ч нэмэргүй
Айраг юугаар хийдгийг асуусан
Адуу тэмээгээ ялгахгүй
Айлгүй шалдан эмэгчүүл
Ойгүй тэнэг өвөгчүүл
Монголоор нэг болох вий дээ
Хэний ч хараагүй
Хэзээ ч дуулаагүй
Хэмжээгүй, эмтлээгүй
Хэлж мэдэхгүй
Хир хүргээгүй
Хийж байгаагүй тийм орчин цаг гэж үгүй
Тэртээ эрт баларын үед
Түүнээс өмнө ч
Түүнээс хойш ч
Орчин цаг байсаар л байсан
Одооны юм бүхэн
Од түгэж, нар мандахад өнгөрсөн цаг болно
Өнөөдөр хэн байснаараа
Маргааш чи хэмжигдэнэ
Хорвоогийн ёс зөөлөн
Хүний ёс хатуу байна

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих