Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж байна.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан.
11 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл Дорнод аймгийн нийт нутгийн 80 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа.
11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаагаас Дорнодын Чойбалсан хот, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн, Булган, Халхгол, Сэргэлэн, Гурванзагал сумдад 11-20 см, тал газраа 20-30 см, хунгарлаж шуурсан газарт 30-40 см, нягт нь 0,10-0,21 г/см3, Баян-Уулд 21-25 см зузаан цастай буюу нягт нь 0,14-0,16 г/см3 буюу Чойбалсан хотын ойр орчим, Баян-Уул, Цагаан-Овоо, Баяндун, Баянтүмэн, Хөлөнбуйр, Булган, Халхгол, Сэргэлэн сумын баруун хойд болон өмнөл хэсгээр цагаан зудын, Дашбалбар, Гурванзагал суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байна.
Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.
Цаашид эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих