ХҮЙТЭН СЭРҮҮНИЙ УЛИРАЛ БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ ТОМУУ,ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ, БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС ХҮҮХДИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
2016.12.06 Хэрлэн сум
Хүйтний эрч чангарч, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор сургууль, цэцэрлэг, гэр бүл, асран хамгаалагчдад хандан дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. Сургууль, цэцэрлэгийн түвшинд:
1.Хүүхдийг даарч хөрөхөөс урьдчилан сэргийлж, дулаан хувцас, малгай, бээлийг тогтмол хэрэглүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хяналт тавих
2. Цэцэрлэг, сургуулийн бага анги, дотуур байрны хүүхдүүдийн үдийн цай, хоолны илчлэг, шим тэжээллэг байдалд анхаарч, халуун аарц, сүү, жимс жимсгэний шүүс түлхүү хэрэглүүлж, хүүхдийн дархлааг нэмэгдүүлэх
3. Цэцэрлэг, сургуулийн орчинд өвчний дэгдэлтийг бууруулах зорилгоор ханиад, томууны өвчлөлтэй хүүхдийг хүлээж авахгүй байх, хүүхэд, багш нар хамтдаа цэгт иллэг, хөдөлгөөнт дасгалуудыг их завсарлагын цагаар тогтмол хийж хэвших
4. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүд, багш, ажиллагсдад ханиад томуунаас урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа, мэдээллийг тогтмол өгч ажиллах
5. Анги танхим, өрөө тасалгаанд цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж байх
6. Сургууль, цэцэрлэгийн гадна талбайн цас мөсийг тогтмол цэвэрлэх, хальтиргаа, гулгаа, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүүхэд, эцэг эхчүүдэд өгөх, Эцэг эх зохицуулагч арга хэмжээний хүрээнд эргүүлд гарах эцэг эхийн тоог нэмэгдүүлэх
7. Амьсгалын замын халдварт өвчний дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн зохион байгуулахгүй байх
8. Өдөр бүрийн хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдийг удаан хугацаанд гадаа зогсоохгүй, хүйтэн өрөө тасалгаанд нимгэн хувцастай байлгахгүй мөн гадуур хувцасгүй хүүхдийг сургууль, цэцэрлэгээс гаргахгүй байх зэрэгт сургууль, цэцэрлэгийн захиргаанаас анхаарал, хяналт тавих
9. Хүүхдийг даарч хөлдөх, харанхуй нөхцөлд аливаа эрсдэлд өртөх, золбин нохойд уруулах зэргээс урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд өдөр богиносож, хүйтний эрч чангарч буй идэр есийн хүйтний үед хичээлээс гадуурх давтлага, сонгон, дугуйлан сургалтын үйл ажиллагааг 18.00 цагаас хойш зохион байгуулахгүй байх
10.Шинэ жилийн баярын зохион байгуулалтанд онцгой анхаарч, багш, ажиллагсдын түвшинд архи дарс хэрэглэхгүй, сурагчид, хүүхдүүдийн хүрээнд дэг журамтай тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх
11.Олон нийтийн эргүүлийн хамтын ажиллагааг сайжруулах /баг, сумын хэсгийн төлөөлөгч- сургууль, цэцэрлэг/, сургуулийн эргэн тойронд болон ойролцоох дэлгүүр, РС, билльярд тоглоомын газрууд, баар ресторануудад багш нарын хамтарсан үзлэг шалгалтыг хийх
Хоёр. Гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдад:
1.Хүүхдийн ханиад томуу, өвчлөлтийн үед харъяа өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, хүүхдийг асарч, сувилах, эмчийн зааваргүй эм бэлдмэл хэрэглэхээс татгалзах
2.Бага ангийн хүүхдүүдийг хичээл болон дугуйлан сургалт, давтлаганд явах, тарах үед хүүхдээ гараас гарт хүргэж өгч, хүлээж авч байх
3.Ханиад, томууны өвчлөлөөс гэр бүлээрээ урьдчилан сэргийлж, гэрийн нөхцөлд амин дэм, илчлэг сайтай хоол хүнс тэр дундаа сармис, сонгино, шинэ ногоо, жимс тогтмол хэрэглэх, аарц, чацаргана, жимсний шүүсийг хүүхдүүдэд түлхүү хэрэглүүлэх
4.Хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, дулаан хувцаслах, олон нийт цугласан газраар хүүхдийг аль болох дагуулж явахгүй байх, зайлшгүй тохиолдолд амны хаалт хэрэглүүлэх
5.Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлж, хувийн ариун цэврийг сахих, гэр орон, өрөө тасалгаанд цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж байх
6. Гэр бүлээрээ өдөр бүр цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийж хэвших
7. Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор баталгаагүй, чанаргүй салют худалдан авах, хэрэглэхийг хориглох
8. Хүүхдээ гэр орондоо хараа хяналтгүй орхихгүй байх, тог цахилгаан, галын аюулаас урьдчилан сэргийлэх, шинэ жилийн баяр тэмдэглэн хүүхдийнхээ дэргэд архидан согтуурахгүй байх
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих