Сайн дурын морьт отрядын жанжин, хошууч генерал Ч.Мижидийн хуучин монгол бичгээр бичсэн гар бичмэл нь Дундговь аймгийн музейд хадгалагдаж байсныг нийтэлж байна.
Миний биеийг 1942 оны 10 дугаар сарын сүүлчийн нэгэн өдөр маршал Х.Чойбалсан контортоо дуудаж хэлсэн нь:
-Аугаа их Зөвлөлт Улсад германы зэрлэг араатнууд халдан довтолж, Зөвлөлт Улсын нилээд хэсэг газар нутаг, хот тосгоныг эзлэн аваад дайн үргэлжлүүлж байна. Энэ байдлыг ч чи сайн мэдэж байгаа. Чи миний хэлж байгаа зүйлийг тэмдэглэж авсугай гээд …
Ийм учраас зөвлөлтийн улаан армидаа туслахаас илүү үнэтэй зүйл огт үгүй байна. Сая Засгийн газар, Намын Төв Хороо, Монголын бүх ард түмнээс улаан армид хувийн бэлгийг хүргэх ба бусад аль болох тусламжийг үзүүлье гэж шийдвэрлэн тогтоосны дотор цагаан зээр, гахай мэт ан амьтдыг олноор агнаж энэхүү бэлгийн ажилд оролцуулъя гэж тогтоосон. Одоо Засгийн газрын шууд удирдлагын дор 3 бригадыг гаргаж 12000 зээр, 500 гахай бэлтгэх хэрэгтэй байна. Энэ 3 бригадын нэгийг Мижид чиний бие толгойлон удирдаж, Хэнтий аймгийн нутагт бэлтгэх юм. Чи ангийн дөр мэдэх, дур авьяастай Хэнтий аймгийн сайн анчдыг танина. Газар нутгийг нь ч мэднэ гэж бодоод чамайг томилсон. Тусгайлан буу зэвсэг, машин техник өгөхгүй, ардын өөрсдийн буу зэвсэг, уналгыг хэрэглүүлэн гүйцэтгэх хэрэгтэй. Сайн дурын морьт отрядын нөхдийг үүнд шууд оролцуулах хэрэгтэй. Тэгэхдээ миний дээр хэлсэн чамд бичүүлж тэмдэглүүлсэн зүйлийг олон түмэнд ухуулан хэлж тэднийг хөдөлгөх ба Төв Хороо, Засгийн газраас өгсөн үүргийг биелүүл! Харин зэвсгийн талаар дутагдалтай байвал надад мэдэгдээрэй гэж хэлэв. Энэ ёсоор миний бие Хэнтий аймгийн бүх сумдад ангийн бригадууд зохион байгуулж ажилласан юм.
Ингээд сарын дараа нэгэн өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын сайн анчин Цэрэнжавын Гомбожав нарын хэдэн хүнтэй зээр хөөцөлдөж явтал нэг хүн ирээд маш яаралтай бичиг аймгаас авчирлаа гэв.
Бичгийг үзвэл, чиний биеийг улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчөөр явуулах болсон тул 3 хоногийн дотор хотноо ирсүгэй гэсэн байв. Миний бие тэр өдөртөө яваад шөнө хотноо орж ирээд маршалд утсаар ирснийг мэдэгдэхэд: "Чи одоо над дээр ир” гэв. Тэр даруй хүрч очвол нөгөөдөр буцаж гараад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд ба зүүн зүгийн цэргийн ангиудаас бэлтгэсэн бэлэглэлийн зүйлийг эмхлэн нэгтгэж, ачаад Дорнод аймаг дээрээс галт тэргээр Улаан-Үд хотноо бидэнтэй нийлэх болно. Чиний зөвлөхөөр Алтанбулаг хотын консул Пупушевыг томилсон. Дорнодын намын хорооны дарга Тогмид нарын зэрэг бүгд 8 хүн танай цувааны төлөөлөгч болон явна. Чиний бие цувааны дарга болно гэлээ. Дорнод аймаг дээр очиход тал бүрээс машинаар хувийн бэлэг зээр, гахай, шар, цагаан тос, бусад бэлэглэлийн зүйлүүд 4 хоног өдөр шөнө тасралтгүй буусаар бүгд 42 вагон ачаа болов.
1942 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2 цагт Дорнод аймгаас хөдлөөд Улаан-Үд хотноо очоод маршалыг сурагласанд энэ өдрийн өглөө эрт өнгөрөв гэв. Цааш явсаар байтал "Бид нар сайн явж байна. Та нар сайн явж байна уу. Түргэн явсугай” гэсэн цахилгаан 3 удаа хүлээн авлаа. Хариу цахилгаан явуулах боломжгүй, зам битүү цэрэг, зэвсэг дүүрэн аж. Бид ачааны вагонтой тул үргэлж саатах явдал тохиолдож, Дорнод аймгаас гарснаас хойш 8 хоноод Свердловск хотноо түрүүчийн явсан хүмүүстэйгээ уулзав.
Бүх төлөөлөгчид түрүүлэн суудлын галт тэргээр арван хоёрдугаар сарын 6-ны өдрийн 2 цагт Москва хотноо очив. Биднийг хүрэлцэн очиход галт тэрэгний буудалд хүндэт харуул жагсаж, ЗХУ-ын Гадаад яамны хариуцлагатай ажилтан, Монгол Улсын Элчин сайд, сургуулийн сурагчид зэрэг маш олон хүн маршал Х.Чойбалсан тэргүүтэй монголын төлөөлөгчдийг хүлээн авч "Метрополь” зочид буудалд оруулав.
Орой нь бид Жуковтой уулзав. Жуков өөрийн албан контортоо орж байлдааны байдлыг зураг дээрээс танилцууллаа. Тэгээд Жуковоос маршалд хэлсэн нь: Би одоо 15 минутын дараа Сталин дээр очиж илтгэл өгөх ёстой. Тэгээд баруун фронт дээр очно. Та нар Москва хотын намын хорооны дарга, улаан армийн ерөнхий комиссар нөхөр Шербаков дээр очиж бэлгээ хэрхэн хүргэх тухай ярилцана уу гэв. Шербаков дээр очиж ярилцав. Тэгээд баруун фронтод маршал, Баруун хойд фронтод Сүрэнжав, Сталинградын фронтод Бумцэнд, Ленинградын фронтод миний бие очих болов.
Биднийг бэлэг хүргэхэд улаан армийн дайчид туйлын их баярлав. Фронт дээр бид очоод дайн гэж ямар байдгийг үзэж, Зөвлөлтийн армийн баатар зориг, сэргэлэн цовоо, авхаалж самбааг бахархан, ялалт удахгүй гэсэн гүн сэтгэгдэл төрж билээ. Бид бэлгээ хүргэж өгөөд Москвад буцаж ирэв.
Манай төлөөлөгчид Москвагийн байдалтай танилцав. Нэг орой 9 цагт Кремлийн ордонд очиж Сталинтай манай төлөөлөгчид уулзав.
Сталин гэнэт нэг хаалгаар орж ирээд маршалаас эхлэн бүх хүмүүстэй гар барив. Тэгээд нэгэн бэлтгэсэн байранд орж цайллага хийж бидэнтэй хундага тулгав. Дөрвөн цувааны дарга 3-5 минутын үг хэлэх, үүнийг Ширэндэв орчуулах тийм бэлтгэлтэй очсон. Сталинаас эл цайллага дээр эхлэн хэлэхдээ: Зөвлөлт оронд хүнд цаг үед Монгол Улс туслав. Нөхрийн чанар ядрах цагт танигдана гэгч энэ юм. Монголын ард түмний сайн сайхан байдлын төлөөнөө хундага өргөе гэв. Тэндээс өөр нэгэн тасалгаанд орж кино үзэв.
Сталин, маршал хоёр зэрэгцэн сууж, киноны утга учрыг ярилцан германы довтолгоон ба тэдний дээрэмчин байдлыг ярилцаж байв. Киног үзэж дуусгаад гарахдаа Сталин бүх төлөөлөгчидтэй дахин гар бариад хамгийн сүүлд маршалаас одоо та хэдийд буцах вэ? гэхэд 2 хоногийн дараа явна гэхэд дахин маршалтай гар барин бүгдийн зүгт толгойгоо дохин гарч одов. Биднийг Москвагаас буцах замд тохиолдох том том хотуудаас төлөөлөгчид тосон ирж уулзаж байлаа. Мөн хот бүрт хүндэт харуул гарч хүлээн авдаг байв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих