Сирийн Латакия хот руу нисч явсан онгоцонд 92 хүн сууж явсны 8 нь онгоцны багийн гишүүд, бусад нь зорчигчид бөгөөд тэдний дунд Сири дахь "Хмеймим” цэргийн баазад алба хааж буй Оросын цэргүүдэд шинэ жилийн мэндчилгээ хүргэхээр явсан алдарт Александр Александровын нэрэмжит чуулгын 64 уран бүтээлч дуучид, хөгжимчид захирал, уран сайхны удирдаач хошууч генерал Валерий Халиловын хамт, Батлан хамгаалах яамны соёл урлаг хариуцсан дарга Антон Губанков, Хүний эрхийн тэмцэгч, идэвхитэн Элизабета Глинка болон Оросын нэгдүгээр суваг телевизийн сурвалжлагч Вадим Денисов, зураглаач, инженер Александр Соёдов, Звезда телевизийн гурван сэтгүүлч, НТВ телевизийн сэтгүүлч Михаил Луцезский, зураглаач Олег Пестов, дууны найруулагч Евгений Толстов нарын 9 хэвлэл мэдээллийн есөн ажилтан зорчиж явжээ.
Онгоцны осол оросуудад цочирдол, асар их уй гашуу авчирлаа. Уг явдалтай холбогдуулж ОХУ-ын томоохон телевизийн сувгууд шинэ жилд зориулсан баяр наадмын хөтөлбөртөө өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, Оросын нэгдүгээр суваг ОРТ телевизүүд энтертайнмент хөтөлбөрүүдээ цуцалж, шинэ жилийн тусгай хөтөлбөр, баяртай холбоотой кино зэргийг нэвтрүүлэхгүй байхаар болсон байна. Мөн Рен ТВ энтертайнмент хөтөлбөрүүдээ зогсоосон бол НТВ телевиз шинэ жилийн кино, хөтөлбөрүүдийг гаргахгүй байхаар болжээ.
Александровын нэрэмжит Оросын дуу бүжгийн чуулгын хувьд эрэгтэйчүүдийн хор, оркестр, бүжгийн групээс бүрдсэн нийт 186 уран бүтээлчидтэй. Онгоцонд сууж явсан 64 уран бүтээлч Сирийн Хмеймим цэргийн бааз дээр Шинэ жилд зориулсан концерт тоглох төлөвлөгөөний дагуу зорчиж явжээ. Онгоц унасан нь баттай болсны дараа Сирийн ерөнхийлөгч Башар Ассад эмгэнэлийн цахилгаан утас ирүүлсэн байна.
"Алеппог чөлөөлсний ялалт баярыг Алеппогийн оршин суугчид иргэдтэй хамт тэмдэглэхээр ирж явсан бидний анд нөхөд онгоцны осолд орсон мэдээ аваад эмгэнэн гашуудаж байна. Бидний уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй” гэж Сирийн Засгийн газрын САНА агентлагийн цахилгаан утсанд тэмдэглэжээ. Тус чуулгын гишүүдийн хэлснээр онгоцонд хорын болон гоцлол дуучид нэг цагийн концерт тоглохоор зорчиж явсан бөгөөд бүжиг болон хөгжмийн хэсгүүд Москвад үлдсэн байж. Хэтэрхий олон хүний бүрэлдэхүүнтэй болох гээд байсан тул оркестроо орхиод хөгжмийн бичлэг авч явсан хэмээн эх сурвалж дурджээ.
Александровын нэрэмжит Оросын Армийн дуу бүжгийн чуулга 90 жилийн алдарт түүхтэй. Тэд дайн байлдаантай газруудад маш олон удаа очиж тоглолт хийж, цэргүүдэд урам зориг хайрлаж байсан ба өнөөдөр соёл урлагийн салбарынхан Оросын брэнд хэмээн зүй ёсоор нэрлэдэг юм.
Чуулга 1928 оны 10-р сарын 12-нд үүсгэн байгуулагдсан гэдэг. Тэр үед 12 хүнтэй хамтлаг анх удаа тоглолтоо хийж байсан цагаас өргөжин тэлсээр, тэрхүү хамтлагийнхаа үндэс суурь дээр Москвагийн хөгжмийн дээд сургуулийн профессор, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, хошууч генерал Александр Александров Армийн дуу бүжгийн чуулгыг зохион байгуулж үүсгэж байжээ. Тэрээр чуулгаа 18 жилийн турш удирдсан гэдэг.
Чуулгынхан дэлхийн 2-р дайны жилүүдэд фронтын тэргүүн эгнээнд дайтаж байгаа Улаан армийн анги салбаруудад 1500 удаа тогложээ. Янз бүрийн дуу урын санд нь байсан. Гэвч "Славян бүсгүй” зэрэг домогт марш бусдаас илүү олон удаа эгшиглэж байлаа. Оросын армийн Александр Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулга эх орныхоо болон олон улсын тавцанд маш олон шагнал хүртсэн юм. Чуулгынхан жилдээ л гэхэд Орос орон даяар концерт тоглохын зэрэгцээ Европ, Ази, Африк, Америкийн 70 гаруй оронд аялан тоглодог аж. Шинэ жилийн үеэр чуулгынхан Оросын армийн хамгийн хүндтэй зочинд тооцогддог.
Эмгэнэлт осолтой холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сарын 26-нд улс орон даяар гашуудал зарлаад байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих