Аймгийн хэмжээнд 2016.12.26-2017.01.01-ний өдрүүдийн нийт үзлэгийн 15.4% нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Одоогийн байдлаар БОЭТ-ийн Хүүхдийн тасагт нийт 41 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт байгаа 11 хүүхдийн хоёр хүүхдийн биеийн байдал маш хүнд, гурван хүүхэд хүнд байдалтай эмчлүүлж байна. 0-4 насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаа бөгөөд бага насны хүүхдүүдэд гуурсан хоолойн хүнд хэлбэрийн үрэвсэл, архаг бронхит болон хүндээр тусч байгаа ажээ. БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачаалал хэтэрч, Арьсны тасагт өрөө нэмэн ажиллаж байна. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон БОЭТ-ийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд танилцуулав.
Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 215 дугаар тогтоол /"Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”/, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаал /Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгт 15% ба түүнээс дээш хувийг эзэлсэн үед "Цэцэрлэг, сургууль зэрэг хүүхийн байгууллагуудыг түр хаах, үзвэр үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх”/ бусад холбогдох хууль, тогтоомжийг тус тус үндэслэн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамж гаргалаа. Захирамжаар:
- Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15.4 хувийг эзэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний хүндрэлээс сэргийлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллахыг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, захирал, эрхлэгч нарт
- Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн дунд хэт бөөгнөрөл үүсгэх төвлөрсөн арга хэмжээ, үйл ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлахыг сумдын Засаг дарга, аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нарт
- Хэрлэн сумын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 17.6 хувийг эзэлж байгаатай холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хаахыг Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөрд
- Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, өвчлөлийн тархалтыг бууруулах, иргэдэд зориулсан мэдээлэл сургалт, сурталчилгааг эрчимжүүлэн ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Д.Должин нарт
- Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлт бүлгийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны хүүхдүүд, 65 ба түүнээс дээш настай уушигны архаг өвчтэй ахмад настан, иргэдэд тавих хяналтыг сайжруулан эмчийн үзлэг, эрүүл мэндийн тусламжийг гэрийн үйлчилгээнд шилжүүлэн ажиллахыг сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нарт
- Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, иргэдийг өвчлөхөөс сэргийлэх зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Бямба гараг бүрт ажиллуулах арга хэмжээ авахыг Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нарт
- Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид эмчийн магадлагааг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт
- Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийд тус тус үүрэг болгов.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих