Аймгийн онцгой комисс аймгийн Засаг даргын 2017.01.03-ны өдрийн А/04 тоот "Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжаар Хэрлэн сумын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 17.6 хувийг эзэлж байгаатай холбогдуулан 2017.01.05-01.12-ны өдрийг хүртэлх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хааж, холбогдох бусад арга хэмжээг авч ажилласан.
Дээрх хугацаанд захирамжийг хэрэгжүүлж ажилласнаар аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн нийт үзлэг 15.4%-иас 9.6% болж, 2-4 нас буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ. Цэцэрлэгийн насныхны өвчлөл буурсан хэдий ч 0-1 насны хүүхдүүд, мөн насанд хүрэгчдийн өвчлөл нэмэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа. БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 36 ортой, одоогийн байдлаар Арьсны тасгийг чөлөөлөн нийт 61 ортой ажиллаж байна. Сумдаас Хөлөнбуйр, Гурванзагал сумдад өвчлөл өндөр байгаа ажээ.
Аймгийн онцгой комиссын хуралдаанаар Томуу, томуу төст өвчний өвчлөл аймгийн хэмжээнд 15%-иас буурсан тул сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ болон ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг маргааш буюу 2017.01.12-ны өдрөөс эхлэн хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Өвчлөлийг нэмэгдүүлэхгүй үүднээс сургууль, цэцэрлэгүүдэд "Угтах үйлчилгээ”-г мэргэжлийн эмчтэй хамтран зохион байгуулж томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүдийг хичээлээс чөлөөлөн эмчлүүлэх, өвчлөл өндөр сумдад мэргэжлийн баг ажиллуулах шаардлагатай талаар чиглэл өглөө.
Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг үргэлжлүүлэн тогтмол түгээх, захирамжийн дагуу 2017.03.01-ний өдөр хүртэл Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт ажиллуулах, хүүхдүүдийн дунд төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх зэрэгт хяналт тавьж ажиллан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих