
2016 оны нэгдүгээр сарын 17, 18, 19 буюу "Архитай өдөр”-ийг энэ сарын 17-ны оройн 18:00 цагаас 19-ний 00:00 цаг хүртэлх хугацаатай харьцуулж үзье.
Цагдаагийн байгууллагад ирсэн нийт дуудлага мэдээлэл 39,7 хувиар, гэмт хэргийн дуудлага 74.8 хувь, зөрчлийн дуудлага 53,5 хувь, согтуугийн дуудлага 72,3 хувь, хоногт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тоо 61,4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хоногт 1100 орчим ирдэг зөрчлийн дуудлага 463 болж, 400 гаруйгаар тоологддог согтуугийн дуудлага 95 болж, 100 гаруй ирдэг гэмт хэргийн дуудлага 24 болж буурчээ. Үүний дэлгэрэнгүйг дараах графикаас харж болно. Мөн "архинаас болсон” оноштойгоор эмнэлэгт ирэгсдийн тоо, түргэн тусламжийн дуудлага ч буурсан байна.
Согтуурсан хэн нэгнээс айж, ичиж суудаг хэдэн өрх амар тайван хоносныг энэ баримтаас харж болох. "Архигүй өдөр” шийдвэр хэн нэгнийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс, архидан согтуурсаны улмаас хэрэгтэн эсвэл хохирогч болохоос, согтуугаар жолоо барьж бусдыг болоод өөрийгөө хохироохоос, магадгүй "хордохоос” ингэж хамгаалж.
Ихэвчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг дээрэмдэх гэмт хэрэг 62,5 хувь, булаах 50 хувь, танхайрах 60 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих 40 хувиар буурчээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 73.2 хувиар буурсан байна.
Архи зарахыг хориглосон орой олон нийтийн цахим хуудсаар нэлээн хүчтэй өрнөсөн эсэргүүцэл, энэ тухай яриа гурав хоноход мартагдан, "архигүй өдөр олон байгаасай” гэж үзэл бодлоо илэрхийлэх нь ч байна. Өнөөдөр шөнийн 00:00 цагийг хүлээсэн нь ч байгаа л байх. Энэ шөнө архины хорио тавигдаж, гурван өдөр "цангасан” хүмүүсийг цагдаа, эмнэлгийнхэн дийлэхгүй болох вий дээ.
Харин "Архигүй өдөр”-үүдээс нэгэн шинэ санаа олов. Олны нэрлэдгээр "баасан ахын төрсөн өдөр” буюу залуус голдуу нийлэн шоуддаг долоо хоног бүрийн баасан гаригийг Гэр бүлийн өдөр болгож, архи, согтууруулах ундаанаас татгалзан гэр бүлээрээ өнгөрүүлдэг болгох зэргээр бодлогын чанартай үйл ажиллагааг эхлүүлвэл ямар вэ. Ийм байдлаар архинаас татгалзаж, амьдралын зөв хэвшлийг бий болгоцгооё.
Б.Анир
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих