Ардын нам, төрийг эмхлэн байгуулагчдын нэг Д.Сүхбаатар "Үгээр үнэлэхээр үйлээр нь үнэл, Ардын намын зорилт бол ард олноо л туйлд бодох явдал юм” гэжээ. Д.Сүхбаатар үг хэлсэн газар бүртээ "Тэгш журам” сахих тухай ярьсан байх юм. "Аливаа юмыг бага гэж чамлаж болохгүй, багаас их болж, нимгэнээс зузаан болдог.
Нэг хоёр үг төдий боловч тэр үгнээс түмэн утга цацарч болно” гэжээ.
Жишэээлбэл, "Тэгш журам” гэх энэ хоёрхон үг дарга, ажилчин, малчин хэн ч бай тэгш байх, хөдөлмөр, сахилга дэг журамд тэгш хандах, хууль сахин биелүүлэхэд ч тэгш гээд маш олон зүйлд хамаарагддаг жинтэй үг болохоор олон газар очиж, иргэдтэй уулзах бүрдээ ярьж явжээ. Д.Сүхбаатар дотоод, гадаадад сурсан ном эрдэмгүй ч төрөлхийн сэтгэхүй сайн, цогтой эх оронч хүн байсан тул түүнийг шашин, төрийн үед үнэлж Гурван нүдэт тогосын отгот цол хүртээж байжээ. Эзэн Богдод бараа бологчгүй бараалхахыг зөвшөөрч байсан гэдэг.
Мөн Ардын засгийн газраас 1922 оны нэгдүгээр сарын 27-нд Жанжин цол олгож, Дотоод явдлын яамнаас 1922 оны есдүгээр сарын 23-нд Зоригт баатар хэмээн өргөмжилж байжээ. Мөн РСФСР-ын улаан тугийн одонгоор шагнагдаж байв. Энэ нь Д.Сүхбаатарын цогтой эх оронч, гарамгай бүтээлч, үнэнч зүтгэгч гэдгийг харуулж байна. Юмжаагийн Цэдэнбал Намын түүхийн инстетутэд захидал бичихдаа "Та нар намайг битгий дөвийлгөөд бай.
Харин Монголын ард түмний түүхийг цоо шинээр залж удирдсан хүн бол Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан нар мөнөөс мөний учир түүх шастирд алдаа завхрал гаргавал нүгэл болно шүү” гэж сануулжээ.
Д.Сүхбаатарын богино насалсныг тэр үед Монгол нутаг, монгол түмэн гадаад, дотоодын маш харгис давхар дарангуйлалд орсон, өөрийгөө хамгаалах цэрэг зэвсэггүй, өвдөхөд эмчлэх эмчгүй, хагас ба бүтэн өлсгөлөнд нэрвэгдсэн, орон гэр гэж навтас хөдөс болсон, оюун ухааны хоосноор дагаж бишрэх явдал их байсантай холбон тайлбарладаг. Миний бие өдгөө 85 настай. Тэр үед энэ бүхний зах зухыг харж л байсан, одоо эргээд харахаар миний өвөг дээдэс ямар тэвчээртэй байсан юм бэ гэж боддог.
Хятадын цэргийн эрхтэн Сюй Шу Жан Монголын торгон цэргийн зэвсгийг хурааж байхыг Сүхбаатар хараад "Гайгүй ээ бид буцааж авна даа’’ гэж хэлээд явж байсан. Тиймээс Д.Сүхбаатар цэргийн эрдэмд сайн сурч, сайн зэвсэгтэй, монгол цэрэг чухлыг санал болгож байжээ. Цэргүүддээ эрүүл байх, буу зэвсгээ хайрлаж арчлан хамгаалж явах, морьдоо хайрлахыг сургамжилж байсан нь эх орон, ард түмэнд ялалтын үндэс болсон. Д.Сүхбаатар богинохон хугацаанд эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэсэн ч сургамж үг нь одоо ч хадгалагдсаар байна
Үүнд:
-Бидний улс эв санаагаа нэгтгэн нэг зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй чадахгүй гэх зүйлгүй болж, цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний чин зориг мэднэ.
-Баатар хүн уулыг давж, усыг гатлах чадалтай. Эрдэмтэй хүн уулыг эргүүлж, усыг өөрчлөх чадалтай тул эрдмийг шамдан сур.
Хүний амьдралын амьдрах ухаанд нь нийцсэн мөлжлөг дарангуйлалгүй, эв хамтач, ёс бүхий цоо шинэ нийгэмт ёсны төлөө хамтран зүтгэгч Хорлоогийн Чойбалсан "Д.Сүхбаатар эх оронч, туйлын шударга хүн гэж өндөр үнэлсэн байх юм. Хатанбаатар ван Магсаржав, Сүхбаатар цэрэг дотор жирийн цэрэг байсан, би мэдсэнгүй явж гэжээ. Мөн Хатанбаатар ван Магсаржав, Д.Сүхбаатарын нас барсны дараа шарилынх нь дэргэд үг хэлэхдээ, "Д.Сүхбаатар бол цэргийг гарамжгай зохион байгуулан удирдаж, ард олноо гал усны гашуун зовлонгоос ангижруулсан аймшиггүй, чин зоригт жанжин, ардын баатар хүн. Тиймээс бид хөшөө чулуунд сийлэн мөнхөлж, судар шашдирт бичиж дурсгал болгон үлдээнэ” гэжээ.
Д.Сүхбаатар нас барахын өмнөхөн цугласан олонд "Миний бие хэдий сувилуулавч ер эдгэх төлөв үгүй боллоо. Иймд эрхэм та бүхэн одоогийн явуулж байгаа намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийцүүлэн ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан асран хамгаалах, гэгээн замаар удирдан жолоодохыг эрхэмлээрэй” гэж гэрээслээд мөнх бусыг үзүүлжээ.
Социализмыг яагаад сонгосон юм бэ гэдэг асуултад Д.Сүхбаатар хариулахдаа "Социализм тэнгэрээс бороо болж ороогүй, газраас цэцэг болж ургаагүй, ард олноо мөлждөг мөлжлөггүй байсан учир социализмыг сонгосон юм” гэжээ.
Д.Сүхбаатар жанжин бол Монголын төлөө бүх чадал хүч оюунаа зориулсан мохошгүй чин зоригт хүн байлаа. Монголд тусгаар тогтнолыг баттай тогтоож өгсөн цогт эх оронч гарамгай тэмцэгч хүн... Тиймээс талбай дээр байгаа Д.Сүхбаатарын хөшөө нь монгол түмний авшиг шингэсэн дурсгалт хөшөө, Д.Сүхбаатар бол Монгол орныхоо хойморт залрах мөнхийн гавьяа зүтгэлтэй үеийн үед бахархах хүн мөнөөс мөн юм.
Гамин гэдэг дарангуйлагч, Барон гэх ашиг завшаан эрэлхийлэгчдийг цэргийн эрдэм чадлаа ашиглан дарж, Монгол орноо аварсан, дотоодын хар, шар феодалын мөлжлөгийг устган ард олноо мөлжлөггүй нийгэмд чиглүүлж удирдсан үнэхээр бахархах гавьяат хүн. Д.Сүхбаатар Монголдоо ном, сонины хэвлэлтэй болох санаачлага гаргаж, өөрөө үсэг өрөгчөөр ажиллаж байсан учир Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр гэж нэрийдэж байлаа.
Д.Сүхбаатар улс орноо хөгжүүлэх тухай өөрийн ухаан бодлоор тодорхойлсон нь:
-Гадаад, дотоодын дарлал мөлжлөггүй байлгана.
-Бурхан шашнаа хүндэтгэнэ
-Ард олноо амгалан тайван амьдруулна
-Бүх хүн тэгш журам баримтална
-Монголоо, ард иргэдээ баян чинээлэг болгоно
-Нэр төр хөөцөлдөх, гоёчлон магтахыг цээрлэнэ гэсэн нь Д.Сүхбаатарын оюун сэтгэлгээний өв сан юм.
Д.Сүхбаатар эх орныхоо төлөө, хүн ардын сайн сайхны тулд амь биеэ үл хайрлан тууштай тэмцэж байжээ. Насныхаа богинохон хугацаанд 168 удаа зэвсэгт тулаанд орж байсны 120-д нь өөрийн биеэр оролцож байсан байна.
Иймээс Д.Сүхбаатарыг доромжилно гэдэг бол хүний ёсноос гадуур, жудаггүй үйлдэл болно.
БЗД. Өндөр настан Мо.Загдаа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22144
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих