Нутагт нь аль хэдийнээ хаврын урь орсон нэг л өглөө өвгөн дахин сэрсэнгүй.
Буурал уулсаа, далай их усаа, арван зургаатайгаасаа хойш ханилсан хань, үр хүүхдээ орхиод явчихаж...
Ажил явдал, энээ тэрээ гээд хүмүүс бужигнаж байхад юм бодох ч сөхөөгүй байсан эмгэн өнөөдөр шиг ингэж ганцаардаж, түмэн зүйлийг эргэцүүлж, заримдаа муу өвгөндөө гомдох ч шиг болж байсангүй. Бүхнийг элээдэг цаг хугацаа гэгч гайхалтай зүйл аж. Өвгөнөө тэнгэрт дэвшсэнээс хойш сэтгэлээ тайтгаруулж, нүдийг нь баясгаж байсан муу хүү нь өнөөдөр дунд сургуулиа төгсөж байна. Тэр хүнд цаг үед хуруун чинээхэн амьтан байсан ч ингээд өрх толгойлох насан дээрээ ирчих гэж. Эмгэн энэ тухай хэзээ ч бодож байсангүй.
Сумын төвөөс зайдуухан хэдэн малтайгаа аж төрөх эмгэн түмэн зүйлийн бодолдоо ээрэгдэж суусаар хүүгээ тарах цаг болсныг ч анзаарсангүй. Гэнэтхэн ухаан орж, юутай ч галдаа мод нэмэхээр гарав. Хөвсгөл далайн эргээс уур савсаж, нарны илчинд алтран үзэгдэх нь гайхалтай. Эмгэн Далай ээждээ сэтгэл дотроо сүсэлдэгээрээ сүсэлчихээд, эгнүүлэн хураасан түлээнээс хэдийг хормойлон дотогш оров. Галдаа мод нэмж, данхтай цайгаа халаахаар тавьсанаа, хоймрын авдар тийш зүглэв. Хэдэн өдрийн турш хүүдээ өгөхөөр зэхэж, хэлэх үгээ хүртэл бэлдсэн баадангаа зүйлээ гаргах гэж буй нь тэр.
*****
Тэрбиш дэлийг нь сумлаж зассан, сайвар хул морио цулбуураар нь тушиж орхичихоод наадмын талбай тийш дуран сунгав. Наадам хараахан эхлээгүй боловч, наадамчин олон хэдийнэ цугларчээ. Алс холын буйдхан сум нь ийм их хүнтэйд тэр гайхаж суулаа. Энэ зуур тэрээр тамхиа гарган ороож, Чулуут голыг өгсүүлэн дурандав. Наадмын өглөө болоод ч тэр үү, хүн мал хэлцсэн юм шиг өөр өөрсдийнхөөрөө эмх цэгцтэй ч юм шиг санагадана. Чулуутын эхэнд байх хэдэн айлын дээр зусч буй ганц гэрийн гадна л нэг хүн ийш тийш явж, элдэв юмсыг янзлаад, гэрт орж нэг, гарч нэг үзэгдэх нь амраг бүсгүй нь мөн гэдгийг тэр хэдийнэ таньжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хээр алаг моринд мордож, цэнхэр дээлээр гангарсан Ганчимэг түүнийг зүглэн айсуй. Амар мэндээ мэдэлцсэн сэтгэлт хоёр бие биенээ дуугүйхэн хэсэг ширтэлцсэнээ Ганчимэг түүнд баадантай зүйл өгөв. Чухам юу гэдгийг үл мэдэх ч Тэрбиш адуун шүдээ яралзуулан инээж, баадантайг нь хоёр гардан аваад задлав. Ганчимэг түүнд өөрийнхөө дээлийн өнгөтэй яг ижилхэн цэнхэр тэрлэг дээл урлажээ. Бүсгүй чимээгүйхэн гутлынхаа хоншоорыг харж, түүнийгээ юу хэлэх, хэрхэхийг хүлээн зогсоно. Тэрбиш баадантайг нь буцаан түүнд атгуулаад өөрийн дээлээ тайлж эхлэхэд л Ганчимэг уртаар амьсгаа авмаар болжээ.
Хэн хэнийхээ сэтгэл юуг мэдэлцэж, наадмын гоёлоо өмсөцгөөсөн амраг хоёр мориндоо мордож, наадмын талбайн зүг хатируулав. Ингэж явахад угаас өнчин өрөөсөн өссөн Тэрбишд одоо амьдрал гэгч юугаар ч илэрхийлж боломгүй, амраг сэтгэл гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан зүйл хэмээн бодогдох аж. Хоёул огт дуугаралгүй явсан ч энэ анирыг эвдэж Тэрбиш дуугарахдаа
-Хөгшин чинь өнөөдөр заавал начин болно оо. Чи хараарай... гээд хэлчихэв. Юу ч бодож тэгж хэлсэн юм бүү мэд.
Наадамчин олны баяр цэнгэл оргилдоо хүрч тавын даваа эхлэх болов. Цэрэг өмд, хороомон гутал өмсөж, цамцан дээрээ бүсээ бүсэлсэн Тэрбишт энэ удаа зодог хэрэгтэй болов. Хэнээс гуйх учраа эс олон зогстол цагтаа барилдаж явсан ч элдэв цол аваагүй нутгийн өвгөн түүн дээр ирж,
-За, цаад Жагаа чинь их хэцүү. Түрүүлж битгий юм хийгээрэй. Эхний хоёр дайралтанд нь л тэсчихвэл ч гайгүй шүү... хэмээн хэлээд өөрийн зодог шуудгаа түүнд өгөв.
Уулсын сүүдэр Эгийн голын хөндийгөөр хүүшлэж, үе тэнгийн олон залуусын дууг сонсох гэсэн мэт Эгийн гол нам гүмхэн мяралзана. Адууны сорыг шилэн унацгаасан олон залуусын дунд шинэхэн сумын начин Тэрбиш өөрийн сүйт бүсгүйн хамт бүр нэг сэтгэлээсээ инээчихсэн явааг нь нутгийн уулс нь харах гэж өндөлзсөн юм шиг үдшийн цагаан гэгээнд нэг өндөрсөж, нэг намсаж харагдах нь сонихон...
*****
Хүү сургуулиа онц дүнтэй төгсчээ. Ээж хүү хоёрын мөрөөдлийн зах зухаас биелэж буй нь энэ. Ээж нь тэртээ он жилүүдэд аавынх нь начин болохдоо өмсөж явсан өнөөх цэнхэр тэрлэгийг өөрийнх нь гар дээр үнэхээр тэнгэр байна уу гэж хархаар эмзэг нандинаар хоёр гардан түүнд өгөв. Хар багаас үлгэр домог мэт ээжийнхээ ярихыг сонсож өссөн түүнд энэ тэрлэгийг авах зориг хүрэхгүй мэт санагдав. Гэсэн ч тэр авчээ. Өмсөж үзвэл яг таарах нь сонин. Яг л түүнд зориулаад, хэмжээг нь авч, ээж нь өчигдөрхөн оёсон мэт таарчээ. Харин хүү хонхны баяртаа явахдаа тэрлэгээ эвхэж тавьчихаад өөрийн хүрмээ өмсөөд явжээ. Эмгэнд хэлэх үг олдсонгүй. Өөрийнх нь амьдралын утга учир болсон хоёр зүйл нь салаад явчих шиг л санагдав. Уйлахад ч нулимс багадмаар санагдаж, дэмий л тэрлэгээ өвөр дээрээ тавьчихаад сэтгэл дотроо өвгөндөө хүүгээ ховлож, хорвоо дээр дэмий амьдарснаа, өөрийнх нь араас явахаар бодож байх тэр л үедээ явчихдаг байж хэмээн ярьж суулаа...
*****
Хавар оройн нар бууж, Далай ээжийн зүгээс зөөлөн салхилна. Хэрэв эмгэн яг өдийд гэрээсээ гарч, сумын төвийн зүг саравчилж харсан бол хүү нь баруун гартаа баадантай зүйл барьчихаад үе тэнгийн охиноо хөтлөн ээж рүүгээ яарч явааг нь харах байлаа.
2009-2017он
Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих