Бүсгүй хүн уйлж л байгаа бол
түүнийг уйлуулсан эрийн хэчнээн зөв байгаад яах юм бэ. Тэр эр адилхан л
бүсгүй хүний өврөөс унаж энэ орчлонтой танилцаж, амьдралын сайхныг
мэдэрсэн байх учиртай. Энэ ертөнцийн жаргал зовлон ээлжилсэн өдрүүдэд
эмэгтэй хүний эдэлдэг шиг зовлон, шаналал, өвдөлтийг эр хүний
төсөөлөлтэй жишихийн аргагүй. Яагаад гэж үү.
Эмэгтэй хүн л бие дотроо бие тээж, сүнсэн дотроо амь ургуулах агуу
шидтэй нэгэн юм. Тийм болохоор өмнө нь таарсан бүхнийг өврөөсөө унагасан
амь шигээ хайрлаж, өрөөл бусдыг өөр шигээ өр нимгэн хэмээн итгэсэн
итгэл нь сэмрэхдээ нулимс унагадаг юм. "Бүсгүйн доголон нулимсыг
асуулгүй арчиж өг Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөж аргад” гэсэн шүлгийн
уянгат сайхан мөр байдгийн учир энэ.
Нойтон сормуустай бяцхан үрсийг энгэртээ эрхлүүлэх гэж төрсөн болохоор
бүсгүй хүний сэтгэл урсгал усны долгио шиг зөөлхөн байдаг биз. Харин
эрчүүдэд минь бүсгүйн доголон нулимсыг арчаад өгөх ухаан хэр байдаг юм
бол. Эргэлдэх орчлонгийн үйлийг зохицуулах гэж жижигхэн биедээ ахадсан
амьдралыг үүрч яваа эхнэрээ, гэргийгээ, найз охиноо, ээжийгээ, дүүгээ
доголон нулимс унагахад нь арчаад өгөх сэтгэлийн бяр хэр байдаг юм бол.
Уулыг өргөх хүч, далайг ч юүлэх ухаан, энэ дэлхийг тэр чигт нь
худалдаад авах бэл бэнчинтэй байлаа гээд бүсгүй хүний хацар даган
бөмбөрөх сувдан дуслыг арчиж, аргадаад өгөх сэтгэлгүй бол тэр олон
сэтэр, зэргэм байгаад юутай хоосон.
Энгэртээ сүү үнэртүүлсэн зөөлөн сэтгэлтнийг хайрандаа бөмбөрүүлж, хацар
дээр чинь ганц ч дусал нулимс тогтоохгүй гэж амлан байж ханилсан эрчүүд
минь ухаантай байгаасай. Энэ орчлонг түмээр нь гэрэлтүүлэх цаглашгүй
хүчит, энэрэнгүй нар бүсгүй хүнийг нулимс унагахад бас адилхан уйлж
байдаг мэт. Яагаад гэвэл угтаа нар, бүсгүй хүн хоёр адилхан юм. Хоёулаа
бүхнийг энэрэгч, бүхнийг амьдруулагч, бүхнийг үргэлжүүлэгч. Тийм л
болохоор бүсгүй хүний нулимс нарнаас унадаг юм...
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2499
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих