Гэрэлээг ажлаасаа гарч ирэхэд Ууганаа нэг ширхэг сарнай барьчихсан
зогсож байлаа. Тэр хоёр гэрлээд удаагүй. Урд орой нь тэд ялихгүй зүйлээс
ам муруйж, хэн хэн нь өөрийнхөөрөө гүрийв. Тэгэх тусам хэн хэнийх нь
уур улам буцалж, хэлж байгаагүй үгсээ, гаргаж байгаагүй дуу хоолойгоор
нэг нэг уруугаа орилов. Ууганаа эхлээд сандал өшиглөж, хана цохиод...
бүр сүүлдээ Гэрэлээг хана уруу шахаж түлхэв. Хүчтэй түлхсэн учраас
Гэрлээ ар дагзаараа хана мөргөж, уйллаа. Ууганаа хачин болоод гараад
явчихсан юм.
Жилийн дараа Гэрэлээ бага зэрэг томдсон нарны
шилээ шкафныхаа дээрээс хайж олоод, толинд үс зүсээ янзлаад гарч одов.
Өөрийнхөө өрөөнд ортлоо шилээ авсангүй. Аз болж хурц нартай өдөр байсан
тул ажлынхан нь түүнийг анзаарсангүй. Үдийн цайны үеэр ажил дээр нь
илгээмжээр цэцгийн баглаа , бяцхан зурвас хоёр иржээ. Ууганаа хайртайгаа
хэлж, алдаагаа давтахгүй гэдгээ амлан, орой болзоонд урьсан байлаа. Тав
дахь өдөр болхоор ажлаас гарахдаа л хүмүүст мэдэгдэхгүй байж чадвал нэг
дэх гэхэд нүдний хөх нь арилчих ёстой доо...
Өмнөх явдлаас дахиад жилийн дараа Гэрэлээ цэцгийн дэлбээн дээгүүр
алхлаа. Орцоор орж ирэхээс авахуулаад гэрийнх нь үүд хүртэл, гэртээ
ороход мөн адил дүүрэн цэцгийн дэлбээ дэвсжээ. Ууганаа эрүүл, хоол
хийчихсэн, өвдөг сөгдөн үнэн голоосоо дахиж уухгүй, архинаас л болж
өчигдөр хяналтаа алдсан... гэлээ. Уг нь ч эрүүлдээ зоддоггүй юм л даа.
Гэхдээ -Үгүй гээд, хэлсэн ёсоороо хувцсаа аваад гарна гэвэл яах бол
гэхээс жаахан айж байлаа. Бас л нөгөө архинаас болсон маргаан хоёр
өдрийн өмнө болж, Ууганаа гарч яван, шөнө шал согтуу орж ирээд хоол
халуун байлгасангүй, цай чанаж өг! гэж уурлан, Гэрлээг орноос нь чирч
босгон, сэгсэрч, алгадаж, зодож эхэлсэн юм. Гэрэлээ сүүлдээ угаалгын
өрөөндөө орж үүр цайлгасан билээ. Өглөө айдастайгаар хаалгаа нээхэд
Ууганаа хаалга балбаж байгаад үүдэнд унтсан байжээ. Гэрэлээ өдөр нь
"салах шийдвэрээ гаргасан. Орой хувцсаа очиж авна" гэж мэссэж бичсэн юм.
Итгэхэд хэцүү байлаа... Гэхдээ сүүлийн нэг удаа... амьдралаа бодоод...
Харин өнөөдөр Гэрэлээд нэг биш, олон хүн цэцэг авч ирж өгчээ. Учир нь
өнөөдөр түүнийг эргэн тойрных нь сүүлчийн замд нь үдэж байгаа юм. Долоо
хоногийн өмнө нөхөр нь түүнийг үхтэл нь зоджээ. Одоо тэр өөр газар
байгаа. Гэрлээ дахиж уучлах, итгэх, найдах, гуйх, хүмүүсээс нуугдах,
ичиж зовох, худлаа хэлэх... хэрэггүй болсон.
Үхэл авч ирдэг цэцэг гэж бас байдаг ажээ...
Паулэтт Кэллигийн I GOT FLOWERS TODAY шүлгээс сэдэвлэн бичив
Хүчирхийллийн эсрэг дуу хоолой болж бидэнтэй нэгдээрэй! Шэйр хийж олон
нийтэд түгээгтүн! Хэрэв та ямар нэг байдлаар хүчирхийллийн золиос болж
байгаа бол яаралтай мэргэжилийн байгууллагад хандаж, шийдвэртэй алхам
хийгээрэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих