Г.СҮХЭЭ
Монгол-Буриадын нутгаар дайран өнгөрөх "Найрамдал-2014” дугуйн спорт аялал ирэх сарын 1-нээс Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас гараагаа эхлэх гэж байна. Уг аяллыг санаачлан зохион байгуулагч, аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын Биеийн тамир спортын бэлтгэл сургалтын төвийн дарга, МҮОХ-ны гишүүн, дугуйн аяллын "Шилийн богд” клубын тэргүүн, дугуйн спортын мастер Ш.Энх-Амартай уулзаж ярилцлаа.
-Бас л дугуйгаа унаад аялалд гарах гэж байна уу? Энэ удаад хаагуур аялах гэж байна даа?
-Миний бие 20 жилийн өмнө Монгол орноо дугуйгаар тойрон аялж байлаа. Тэрхүү аяллын 20 жилийн ойд зориулсан "Найрамдал-2014” дугуйн аяллын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна. Бид ирэх сарын 1-ний өдөр уугуул нутаг Баруун-Уртын их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлж Монгол улсынхаа нутгаар 2100 км, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замд дугуйгаар аялах юм. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн захирамжаар дугуйн спорт аялал зохион байгуулах комиссыг тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Баасандоржоор ахлуулан байгууллаа. Монгол, Буриадын дугуйчид оролцох учир олон улсын шинжтэй аялал гэж хэлж болно. Дугуйн аяллын удирдамж, хөтөлбөр маршрут, төсөв зардлын тооцоо, төлөвлөгөө гаргаад байгаа. Ажил бүтэмжтэй байна.
-Ямар баг бүрэлдэхүүнтэйгээр аялалд гарах гэж байна?
-Манай "Шилийн богд” клубын 20 жилийн хугацаанд тус клубын нэр дээр өсөх ирээдүйтэй цөөнгүй тамирчин хичээллэж, уралдаан тэмцээнд оролцож байна. Иймд "Шилийн богд” клубын тамирчдаас л манай баг бүрдэж байна. Багийн орчуулагч, сурталчилгаа хариуцсан ажилтан Намжилсамбуугийн Гантөмөр, техникч засварчин Мэндбаярын Бямбадорж, залуу тамирчин Батсайханы Тэгшбаяр, Энхмөнхийн Мөнх-Эрдэнэ нар оролцоно. Багийнхан маань олон жил дугуйн спортоор хичээллэж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байсан, холын замд дугуйгаар аялж байсан дадлага туршлагатай тамирчид юм. Буриадын талаас мөн тодорхой тооны тамирчид оролцоно. Бид Улаан-Үд хотод очиж Буриадын биеийн тамир, спортын газрын даргатай нь уулзаж дугуйн аялалд хамтран ажиллах талаар ярилцсан. Тэд дугуй, хэрэглэл материалын тал дээр туслахаа илэрхийлсэн.
-Аяллын маршрутаа тодруулж танилцуулахгүй юу?
-Аяллын маршрутаа Монголын адал явдалт спорт аяллын холбооны удирдлага, шүүгчийн зөвлөлөөр батлуулсан. Энэ удаагийн аялал Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Мөнххаан сум, Хэнтий, Багануур, нийслэл хот, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн нутгаар амжин Хөвсгөл далайн зүүн талаар Сант, Хөндий, Хилэн, Анчигсийн даваагаар давж Ханх-Монтын боомтоор улсын хил нэвтэрнэ. Тэндээс Буриадын тамирчид бидэнтэй нэгдэж цааш явах юм. Буриадын нутагт Өвөр байгалийн дорнод Саяан, дорнод Сибирийн байгалийн цогцолбор, Байгаль нуураар дамжин Улаан-Үд хотод очно. Буцахдаа Дорнодын Эрээнцаваар хил нэвтэрч Чойбалсан,Баруун-Урт гээд энэ удаагийн аялал маань өндөрлөх юм.
-Саяхан Дарьгангын Шилийн богд яваад ирэв үү дээ?
-Манай дугуйн клубын маань нэр "Шилийн богд” нэртэй. Тэгээд ч алс холын замд гарахаасаа өмнө нутгийнхаа шүтээн уул Дарьганга болон Шилийн богддоо гарч Дэлхийг тойрсон "Таван хуруу” багийнхны дараа орох Монгол-Буриадын дугуйн спорт аяллаа болон хүсэл зорилгоо даатган хийморио сэргээгээд ирлээ. Хоёр сарын турш дугуйгаар аялна гэдэг нэлээд хүнд хэцүүхэн алба. Багийн гишүүн бүр тодорхой үүрэг хариуцлага хүлээнэ. Бид аяллын явцад тохиолдсон сонин сайхан, адал явдал, байгаль цаг уурын онцлог, нутгийн ард түмний зан заншил, түүх соёлын дурсгалт зүйлийн талаар гэрэл зураг авч, видео бичлэг хийж аян замын тэмдэглэл хөтөлнө.
Энэхүү аяллыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн ССАЖЯ, МҮОХ, МАЯСАХ, Монголын дугуйн холбоо, Сүхбаатар аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, ССАЖГ-ын хамт олонд баярлаж талархснаа энэ дашрамд илэрхийлэх байна. Мөн хамтран зохион байгуулж байгаа Төрийн банк, Бодь даатгал ХХК болон манай аймгийн олон байгууллага, хамт олон ивээн тэтгэж, эр зориг хийморийг минь ирлэж байгаад "Найрамдал-2014” багийн дугуйчид бид баярлаж байна. Бид өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна.
Зууны мэдээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих