Будах дасгал юунд хэрэгтэй вэ?
Хүүхэд бүр зурах дуртай байдаг. Зургаар дамжин хүүхдийн сэтгэхүй хөгждөг. Бага насны хүүхдийн хувьд орон зай, өнгө дүрсний сэтгэлгээ хөгжөөгүй байдгаас аливаа юмсыг дууриалган зурна гэдэг түүний хувьд бэрх ажил байдаг. Тэгээд ч хүүхэд адил зурж чадаагүйгээсээ болон өөрийгөө голох, өөртөө үл итгэх, зурах сонирхолгүй болох гэх мэт олон асуудлууд үүсдэг.
Харин энэ асуудлуудыг шийдэх сонирхолтой бөгөөд хамгийн үр дүнтэй арга нь будах дасгал юм. Хүүхэддээ буддаг ном авч өгч үзээгүй эцэг эхийг олоход бэрх байх. Харин бид хүүхдийнхээ насны онцлогт тохирсон дасгал бүхий ном сонгож чаддаг болов уу?
Будах дасгал нь гарын жижиг булчингуудыг болон сэтгэн бодох чадвар, орон зайн төсөөллийг хөгжүүлэн, бичих дадалд сургадаг. Янз бүрийн юмсыг будаж байхдаа хүүхэд хүрээлэн буй орчны төсөөллөө өргөжүүлэн, юмсын өнгө хэлбэртэй танилцаж, орон зай, өнгө дүрсний сэтгэлгээ нь хөгждөг.
Хэзээ, юунаас эхлэх вэ?
Хүүхэд аль болох эрт будаж сурвал сайн. Багачуудын будах дасгал нь түүнд ойлгомжтой, энгийн байх ёстой. Ямар ч хэцүү хүн болон хүүхэлдэй хэрэггүй. Хэдхэн тодорхой хэсэгтэй том зураг байхад хангалттай. Зурагны хүрээ мөн тод бүдүүн байх хэрэгтэй.
Харандаа барьж сурах хүртэл хуруугаар будаж болох юм. Хуруугаа будганд дүрээд, зургийн хүрээн дотор онож будахыг хичээнэ. Та хүүхэдтэйгээ хамт бүхнийг хийх явцдаа ,"улаан өнгө авъя, дугуй загасыг будъя” гэх мэтээр ярина. Хүрээнээс аль болох илүү гаргахгүйг хичээгээрэй. Иймэрхүү байдлаар өнгө, хэлбэртэй танилцан, ой тогтоолт, хөдөлгөөнөө удирдах чадвар, нүдэн баримжаа хөгжиж эхэлнэ.
Хэрэв хүүхэд ядарч эхэлбэл тоглоомыг зогсоогоорой. Заавал дуусгахыг албадах хэрэггүй. Ер нь хүүхдийг ядарч залхахаас нь өмнө дуусгавал дараагийн дасгалыг тэр тэсэн ядан хүлээх болно.
"Би өөрөө” буюу 3-4 нас
Юмны өнгө мэдрэх, ялгах чадвар хүлээн авах чадвар сайжирдаг учир яг энэ насанд будаж сургах хэрэгтэй. Харандаагаа буруу барих бүрт нь тэвчээртэйгээр буцаан зөв бариулаарай. Буруу бариад сурчихвал буцаан зөв бариулж сургах хэцүү байх болно.
Эхлээд нөгөө л энгийн будах дасгалаас эхэлнэ. Хүрээнээс гаргахгүй будаж сурсны дараа дуртай үлгэрийн баатрууд руу шилжиж болно.
Дараагийн алхам- бийр
Бийрээр будах нь амар ажил биш. Хэтэрхий нарийн бийр нь бага будаг авдаг учир амархан ядарна, хэтэрхий бүдүүн нь хүрээнээс илүү гаргаад бас хэцүү. 4 буюу 5 дугаар яг тохирно. Бийрээ усанд дүрж, илүүдэл усыг савны амсарт шавхана. Дараа нь будгаа авч, хүрээнээс дотогш будна. Зургийг мөн л "энгийнээс хэцүү рүү” зарчмаар сонгон авна. Бүтээлч идэвх, сэтгэн бодох чадвар хөгжинө.
Дөрөв ба түүнээс дээш
Сургуульд бэлтгэгдэх нас. Будах дасгалууд харьцангуй энгийн бус, зураг болон өнгөний хувьд хэцүү болно.
Цэгээр холбох, цифрүүдийг холбох гэх зэргээр янз бүрийн даалгавартай болно. Ийм дасгалууд хүүхдийн анхаарал, ой тогтоолтыг математикийн энгийн төсөөллийг хөгжүүлж, сууж сургадаг.
Янз бүрийн зам олох дасгал нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг бол
шүлэг, оньсоготой дасгалууд хүүхдийн ярих, унших чадварыг хөгжүүлнэ.
Бичих дадалд сургахад босоо, хөндлөн ташуу зураасаар будах дасгалууд маш их тустай. Зураасуудыг янз бүрийн чиглэлд зурж сурснаар хүүхэд тань сургуульд ороод бүх л бичгийн даалгавруудыг торох юмгүй гүйцэтгэх болно.
Та дээрх дасгалуудаас хүүхдийнхээ насанд тохируулан сонгон, хамтдаа хийгээд үзээрэй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих