Константиново тосгон дахь Сергей Есениний гэрт би эзгүйд нь хоёр ч
удаа зочилсон билээ. Есенин 1925 онд нас барж, би 1942 онд төрсөн
болохоор эзгүйд нь зочлохоос ч өөр аргагүй. Түүнээс өөр гэрч яруу
найрагч байсангүй. "Англетер" зочид буудалд орхиод үхсэн сүүлчийн баримт
бичиг нь паспорт ч биш, "үнэмлэх" нэртэй, тогтмол оршин суух
газар-Рязань хошуу, Кузьмин отог, Константиново тосгон гэж
тодорхойлсноос гадна 1925 оны 9-р сарын 17-ийт хүртэл ЗХУ-ын аль ч хотод
амьдран сууж болно гэснээс үзвэл мөн оны 12-р сарын 28-нд нас барсан
тэрбээр сүүлчийн гурван сар Москва, Петрбургт суух эрхгүйгээр хавчигдаж
явсан нь тодорхой. Орос хэл гадарлах болсон бага залуугаас түүний мөнх
.залуу уянгыг шимтэн үзэж, цээжлэн унших боловч тансаг хэлийг нь эвдэн
гутаахаас эмээж өдгөө болтол орчуулж зүрхлээгүй билээ.
Есениний хэвлүүлсэн бүхнийг зэрэгцээ түүний тухай хүмүүсийн дуртадгал, өгүүлэл, нэг сэдэвт зохиолуудыг олдохын хэрээр үзсэн минь яруу найрагчийн гэрт эзгүйд нь зочилсоныг цагаатгаж, зөвхөн гэрт нь төдийгүй Рязаний тал шиг уужим цэнхэр сэтгэлд нь нэвтрэн зочилсон Е гэж хэлэхдээ алдас болох вий! гэж айхгүй байна. Гучхан насандаа хорвоог орхисон Есенинийг ч, ер нь орь залуу идэр дунд насандаа яруу найргийг өнчрүүлж одсон дэлхийн олон суутан, тэдний дотроос бидний арай илүү мэдэх А.Пушкин, М.Лермонтов, А.Твардовский, Д.Нацагдорж нар дандаа л хүний гарт буюу зуурдын ослоор нас барсан байх юм.
Үүнийг бид "Хүний сайн нь түрүүлээд явчихдаг" гэсэн манж үгээр цагаатган сэтгэлээ хуурч ирсэн билээ. Заримдаа ч хүн төрөлхтөн, амьд байгалийг бүтээсэн хүч байдаг юм бол тэдний боловсон хүчний хэлтэс ажил судалгаа сайтай болохоороо олигтойг нь нас ^харгалзалгүй татаад авчихдаг ч юм уу? гэж бодох, эргэлзэх үе байдгийг нуух юун. Есениний хувьд сурах бичиг, онолын номонд, түүний амьдрал цагаас өмнө эмгэнэлтэйгээр төгссөн юм гэх маягийн товч мөртлөө бүрхэгдүү үгс тааралддаг бол зарим хүний бичсэн намтарт, "өвчиндөө шаналж идэгдсэн, урьдын төлөвлөсөн бодол санаанаасаа урвасан яруу найрагч сэтгэл санааны ээлжит дарамтыг тэсвэрлэж чадсангүй. 12-р сарын 27-ны шөнө өрөөгөө түгжиж, унталгүй байсаар шөнө дундаас хойш өглөөний гурваас таван цагийн хооронд амиа хорложээ" хэмээн нэлээд тодорхой бичсэн нь буй.
Гэтэл сүүлийн үед
яруу найрагч, хүний гарт гэх таамаглал нэлээд газар авч янз бүрийн
баримт гарган тавих болсны заримаас дурьдан, намтар түүхийн нь
хуудсыгэргүүлэн үзэж, эргэцүүлэн бодоход хүрэв. Есениний нас барсан
дуруйд зурагчин Наппельбаумын татсан хэд хэдэн гэрэл зураг, шарилын
нүүрнээс авсан гипсэн хэв удтал далдын далд нууцлагдаж, нийтийн хүртээл
болоогүйн учрыг эдүгээ хайж бухимдацгааж байна. Үнэхээр ч тэдгээр зураг
гипсэн хэв дээр гарсан хөмсөгний дээрх гүнзгий шарх нэгийг хэлээд байгаа
бололтой. Уул хэвийг хэзээ хойно үзсэн яруу найрагч Нина Краснова:
Авсан хэвэнд нь өчнөөн шаналал үлдсэн байхад
Амьд
сэтгэлд нь хичнээн зовнил байсан болдоо... хэмээн уулга алдсан буй.
"Англетер" зочид буудлын тэр нэгэн шөнийн нууц он удах тусам улам учир
битүүлэг болсоор байна. 12-р сарын 27-ны өглөө Есенин В.Эрлихд цусаараа
бичсэн гэрээслэл нь гэж шуугиулсан шүлэг /Баяртай анд минь,
Баяртай.../-ээ өгсөн гэх бөгөөд түүний гэрч нь болох Е.Устинова энэ муу
буудалд бэх байхгүй тул цусаараа бичлээ хэмээн Сергей Есенин гомдол
мэдүүлж байв гэж дурсамжиндаа тэмдэглэсэн байжээ.
Өдөр тийшээ найз нөхөд нь цуглаж баахан шуугилдахад архи дарс ч уусангүй, хэрүүл маргаан ч байсангүй. Үдэш нь буудалд Есенин, Эрлих, Ушаков гурвуул үлдсэн байна. Эрлих дурдатгалдаа, "Би найман цагийн үед явахаар гарсан боловч цүнхээ мартсан тул Невийн гудамжнаас эргэж ирсэн. Тэгэхэд Ушаков явчихсан байлаа. Есенин дотуур цамцан дээрээ үстэй дээлээ нөмөрч суугаад хуучин шүлгүүдээ үзэж, янзалж байлаа. Би дахин салах ёс гүйцэтгээд гарсан" гэжээ. Хорин наймны өглөө мөн буудалд нөхөртэйгөө буусан Е.Устинова цахилгаан данхаа авахаар Есениний байсан таван номерын хаалгыг тогшвол хэн ч онгойлгож өгсөнгүй. Тэгтэл Эрлих ч ирж дахин хаалга балбаад хариу өгөхгүй болохоор нь буудлын эрхлэгч В.Назаровыг дуудан хаалгыг арай ядан онгойлговол түлхүүр дотроосоо дүүжлээстэй, С.А.Есенин боомлиж үхсэн байжээ. Сэргийлэх дуудахад хоёрдугаар хэлтсээс хэсгийн байцаагч ирж бичсэн акт хавтаст хэрэгт нь буй.
Тэр акт нь ЛГ-ын 2-р хэсгийн байцаагч М.Н.Горбов миний бие "Интериационал" /"Англетер"-ын хуучин нэр/ зочид буудлын эрхлэгч нөхөр Назаров хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан энэхүү актыг үйлдэв. "Буудлын эрхлэгч иргэн В.Мих, Назаров буудалд боомилж үхсэн иргэний тухай утсаар мэдэгдсэний дагуу газар дээр нь ирж төв дулаалгын хоолойноос дүүжлэгдсэн эрэгтэй хүнийг илрүүлэв. Тэр хүн дараах байдалтай байв. Үүнд: хүзүү нь битүү урхинд биш, зөвхөн баруун талаараа оосрологдсон, нүүр нь хоолойн зүг хандсан, баруун гарынхаа алгаар хоолойноос барьсан, хүүр таазны доохно дүүжлээстэй, хөл нь газраас 1,5 метр зайтай, дүүжлэгдсэн хүнийг илрүүлсэн газрын орчим тавиур онголдсон, дээр нь байсан лааны суурь газарт хэвтэж байлаа. Хүүрийг олсноос салгаж, үзлэг хийхэд баруун гарын бугуйны дотор талд шархтай зүүн гарын сарвуу зурагдсан, зүүн нүдний доод талд хөхөрсөн, саарал өнгийн лакан шаахай өмссөн байв.
Бичиг баримтаас үзвэл боомилсон хүн нь 1925 оны 12-р сарын 24-нд Москвагаас ирсэн зохиолч Сергей Александрович Есенин байлаа" гэжээ. Шинжээч А.Гиляровскийн үйлдсэн өөр нэг актанд"1925 оны 12-р сарын 29-нд Обуховын больницын шарил хадгалах газар иргэн Сергей Александрович Есениний хүүрийг задлан шинжлэхэд: нас барагч 30 настай, хамрын угнаас эгц дээш духны дунд хэсэгт уртаашаа 4см, өргөнөөрөө 1,5см гүн цөмөрхий байгаа нь илрэв. Зүүн нүдний доод талд бага зэрэг өнгөн шалбархай, хоолойд төвөнхийн дээгүүр удаан гувруу гарсан нь зүүнээр дээш өгсөж чихний омогны тэнд замхарсан, баруунаар дагзаа хүрч бүдгэрсэн байх бөгөөд, гуврууны өргөн галууны өдний дайтай, баруун мөрний доохно урагдсан газраараа 4см урт шархтай, зүүн бугуйн дотор талд хөндлөн нэг, босоо гурван шархтай, шарх тус бүр Зсм орчим урттай байлаа. Өөр гэмтэл алга.
Төвөнхийн мөгөөрс бүтэн. Хэлний үзүүр хазсан..." гэжээ. Энэ нь шинжээчийн гаргасан акт бүтнээрээ биш гэж үздэг юм байна. Сэтгүүлч Сергей Куняевын бичсэнээр бол тэрхүү актанд дурдагдсан духны шархнаас 20 грамм тархи бултайж гарсан бололтой зүйлийг шүүх эмнэлгийн шинжээчид саяхан уул актнаас гаргаж уншсан бололтой юм. Хэрэв энэ үнэн бол тийм хүнд шархтай хүн, тэр тусмаа 168см нуруутай, тэнхээ тамираар төдийлөн гайхуулах юмгүй Есенин 150см өндөр тавиур дээр гараад 5 метр өндөр таазнаас дүүжлүүр хийсэн гэхэд хүмүүс итгэдэггүй ажээ. Нээрээ ч Г.Устиновын гэрчилснээр "Есенин урхи хийгээгүй, олсоор хүзүүгээ ороосон ганц үсрэхэд л мултарчихмаар байсан" юм бол амьдралд хайртай, авъяасынхаа оргил /1925' онд зуугаад шилдэг шүлэг бичсэн нь 1918 - 1924 онд бичсэн бүх шүлгээс ч илүү юм/ үед явсан яруу найрагч үхэх гэж тэгтлээ зүтгэнэ гэж үү? Тэгээд ч Г.Устинов өөрөө удалгүй боомилж үхсэн нь тохиолдол уу, гэрчийг устгасан зохион байгуулалттай үйлдэл үү? гэдэг балархай хэвээр байна.
Устинов дүүжлүүрт олдохынхоо урьд өдөр Есениний үхлийн шалтгааныг
тодруулна гэж хүнд ярьж явсан байх юм. Сэтгүүлч А.Потанов "Рязанский
комсомолец" сонинд бичихдээ: 12-р сарын 28-ны эмгэнэлт өглөөний
хөндлөнгийн гэрчүүдийн ярианаас үзвэл Есениний өрөөнд хамаг юм нь ундуй
сундуй, шалан дээр тамхины иш, урж хаясан эх ноорог хөглөрч, энд тэндгүй
цус, чемодан доторхийг урвуулчихсан, яруу найрагчийн хүрэм алга
болчихсон байсныг юугаар тайлбарлах вэ? В.Эрлих Есенин хоёрын сүүлчийн
яриаг гэрчлэх хүнгүй атал Эрлихийн дурсамжинд заавал итгэх алба байна
уу? Хэрэв итгэх ёстой юм бол Эрлихээс хойш Есениний өрөөнд Берман гэгч
орсон бололтой юм бичсэн И.Оксеновын өдрийн тэмдэглэлийг яах вэ?
Актанд
дурдсан шархуудыг хэн Есенинд бий болгов? гэх мэтийн олон асуудал
дэвшүүлээд хариулах гэж оролдсон нь буй. С.Есениний үхлийн шалтгааныг
тодруулах үйлст олон жилээ зориулсан ЗХУ-ын ДЯЯ-ны гавъяат ажилтан,
хурандаа Э.Хлысталов "Сергей Есениний амиа хорлосон хэрэг №89"гэдгийн
тухайд, "Анхны акт мэргэжлийн маш доод түвшинд хийгдсэн. Хэсгийн
байцаагч хэрэг учралын газарт үндсэндээ үзлэг хийгээгүй, шалан дээр
болон бичгийн ширээнд дээр цус байсныг тэмдэглээгүй, хүүрийн баруун
гарын шархыг юугаар үүссэнийг болон дүүжлүүрийн олс хаанаас бий болсныг
тодруулаагүй, хаалганы цоож, цонхны түгжээний байдлыг бичээгүй.
Сэргийлэхийн ажилтан нас барагчийн эд юмны байдал, мөнгө, бичиг баримтын
талаар дурсаагүй, хэрэгт эд мөрийн баримт /олс, сахлын хутга, бусад
зүйлс/ хавсаргаагүй байлаа" хэмээн дүгнэжээ. Түүгээр ч барахгүй хэрэг
учралын газар мөрдөн байцаагч очоогүй, нэгчхүнийгмөрдөөгүйбайж, "Яруу
найрагч Сергей Есениний амиа хорлосон хэрэг №89"-ийг яаравчлан хаасан,
хавтаст хэргийн гадар дээр "Хүнд үзүүлж болохгүй" гэж харандаагаар
цохсон нь хэний гарын үсэг, ямар зорилгоор эдүгээ хэн ч үл мэднэ гэж
Хлысталов ярьж байна.
1989 онд Ленинградад болсон Есениний
уншлагын үеэр С.А. Есениний уран бүтээлийг судлагч эмч С.Демиденко,
Ф.Морохов нар "Есениний амьдралын сүүлчийн өдрүүд" илтгэлдээ яруу
найрагч амиа хорлоогүй, зориудын аллага байсан гэдгийг баримтаар
нотлосон дүгнэлтүүд хийжээ. Ер нь ч Есенинийг ■ мөрдөн мөшгөдөг хүмүүс
байсан. Тд хэдэн удаа алахыг завдаж байсан тухай баримт байхаас биш,
амиа хорлохыг оролдсон нэг ч тохиолдол байдаггүй гэнэ. Зарим хүн түүний
үхлийг сэтгэл мэдрэлийн өвчтэй холбож тайлбарладаг нь яруу найрагч
Ленинград явахыг өмнө сэтгэл мэдрэлийн больницод хэвтэж байснаас болжээ.
Гэтэл Есенин тэнд өвчлөөд хэвтсэн бус, 1925 оны 9-р сарын 6-нд Бакугаас
Москва руу буцаж явахдаа галт тэргэнд А.Рог гэгчтэй муудалцаж, хэрэг
тарьсны улмаас шүүхэд шилжих болоод түүнээс зугатааж хэвтсэн бололтой.
Яруу найрагч 1925 оны арван нэгдүгээр сарын 27-нд П.И.Чагинд бичсэн
захидалдаа, "Петр минь, чамдаа больницоос бичиж байна... Энэ бүхэн надад
зөвхөн хэл ам, хэрэг төвөгт орооцолдохоос л зугатаахад хэрэгтэй юм..."
гэснээс энэ нь тодорхой. Есениний Ленинград орсон нь ч хэл амнаас
зугатаасан, дайснуудаасаа түр ч гэсэн холдох гэсэн оролдлого байсан биз
ээ. Тэрбээр Ленинград руу үхэхээр яваагүй, ажиллах амьдрах гэж явсныг
баримт гэрчилж байна.
Яруу найрагчийн санхүүгийн байдал хэзээ хэзээнээс илүү цэцэглэж /Улсын хэвлэлийн газартай түүвэр зохиолоо хэвлүүлэх гэрээ хийчихээд 6-р сараас эхлэн сард 1000 рублийн урьдчилгаа авч байсан нь тэр цагийнхаар их мөнгө/. "Хойд Пальмитр" хувийн сэтгүүл хэвлүүлэхэд бэлэн болоод байжээ. Алдар нэр нь нийтэд түгж, уран бүтээл, ажил хэргийн нь зам урьд урьдынхаас илүү нээгдсэн тийм үед хүн амиа хорлох гэж үү? гэж дээрх баримтыг уншихад эрхгүй санагддаг юм. Сэтгүүлч А.Потапов нэгэн ноцтой баримт дурьдсан нь, алдар хүндийнхээ оргилд явсан яруу найрагчийг үхээд өгөхлөөр цаг үеийнхэн нь хамаг л бузар буйлай, угаадас новшоо түүн дээр асгах гэж оролдсон явдал юм. А.Потапов бичихдээ, "шүүмжлэгч В.Друзин, Л.Сосновский, А.Авербах болон бусад хүмүүс дуу дуугаа авалцан яруу найрагчийг муулж байсны дотроос А.Крученых гэгч түүнийг бүр хорлонтойгоор доромжлон гутааж байв. А.Мариенгофын "Худал үггүй роман" гэгчийг уншихад зохиогч нь С.А.Есениний амьдралыгжорлонгийн цоожны нүхээр харсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Энэ бүх гүтгэлгийг "Правда" сонинд анх нийтлүүлээд, дараа нь тусгай товхимол болгосон. "Ууртай тэмдэглэл"-дээ Н.И.Бухарин дэглэж, дэвэргэсэн учраас зохион байгуулалттай гэж үзэхэд болно. Тэгээд ч С.А.Есенинтэй холбоотой байсан тариачны яруу найрагчид: П.Васильев, Н.Клюев, С.Клычков, П.Орешин, И.Приблудный нар гучаад онд цөм алга болсон нь ч зүгээр нэг тохиолдол биш байх" гэжээ. Атаа жөтөө, алдрын төлөө өрсөлдөөн авъяастныг хөнөөвч авъяасыг булшилж чаддаггүй ажаам. Эдүгээ Есенинд зориулсан музей, нэрэмжит номын сан Москва, Ленинградад байхгүй ч гэсэн яруу найрагч ард түмний сэтгэл зүрхэнд хаврын цэнхэр сэвшээ, ногоон талаар ягаахан морьтой давхин өнгөрөх орь залуугийн дуулал болон мөнхөрчээ.
Одоогоос хэдэн жилийн өмнө Москвад Новодевичийн шарлын газар Марина Влади мөнгөөр цохиж Владимир Высоцкийн сүрлэг хөшөөг шарил дээр нь босгоход залуучууд тэнд л бужигнаж хожим тоглож, дуулж, өнждөг, хэдхэн алхмын цаана байгаа Сергей Есениний даруухан цагаан баримал руу хөл татарсан юм шиг санагдаж билээ. Гэтэл гурван жилийн дараа зориуд очиж үзвэл Есениний шарил л хүн, цэцэг хоёроор бялхсан хэвээр, харин Высоцкийн хөшөө огцом алдартаа уйдсан юм шиг зэс хүлээсээ тийчилж бухимдангуй харагдсан шүү! "Адарсүрэнгийн дууны тэмцээн болсон чинь өөрөө зургаадугаар байранд орсон" гэж шог яриа байдаг шиг Высоцкийн дуулдгийг Арбатын гудамжаар нэг, арав, хорин хүн дуулж байхад Есенинийг хэн дууриаж чадах юм бэ? хорвоод ганцхан хувь найрагч юм чинь.
Хайрлаж явдаг нэгэн орос найрагчийн үхэлтэй холбогдох хэд гурван зүйлийг уншсан, дуулснаас холбож толилуулахдаа хаа ч юм бэ, тоосонд дарагдан хэвтэж байгаа "Хавтаст хэрэг №89" гэдэгт нь гэгээ оруулах, тэр маргаан таамаглалд нь хандив нэмэрлэх зорилго огт тавьсангүй. Монгол ухаантнаа амьдад нь хайрлахын чухлыг алдар булаалдаж авъяастнаа хөнөөхийн гамшигийг, атаа жөтөөний шившигийг л нэгэн жишээн дээр тогтож хэлэх гэсэн юм.
"Бодлын солбицол" сонинд найруулан бичсэн:
Ж.ЛХАГВА

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих