
Ингэснээр "Х.Баттулга өмнөх Ерөнхий сайд С.Баяр шиг эрүүл мэндийн шалтгаанаар гэж өнгөлөн далдлаад зугтах гэж байна” гэсэн хардлага нийгэмд төрүүллээ. Тодруулбал, "стандартын бус” гэгдэж байсан Засгийн газрыг толгойлж асан С.Баяр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр нэг жил гаруйн хугацаанд ажиллаад эрүүл мэнд муу гэх шалтгаанаар огцрох хүсэлтээ гаргаж байв. Улмаар тэрбээр 2009 оны 11 дүгээр сард Ерөнхий сайдын суудлаас өөрийн хүсэлтээр огцорч, гүйцэтгэх засаглалыг атгах эрхийг залгамжлагчдаа буюу Сү.Батболдод шилжүүлж байсан юм. Тухайн үедээ л Монголын улстөрийн түүхэнд дээрх үйл явдал анхны тохиолдол гэгдэж байлаа. Ямартай ч тухайн үед С.Баярыг "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд ийм алхам хийлээ” гэж ажиглагчид таамаглаж байсан ч тийм зүйл болоогүй. Өдгөө С.Баяр Америкт 3.853.000 ам.долларын үнэтэй тансаг харшид амьдарч байгаа хэмээн цахим ертөнцөд бичигдэж байгаа юм. Тэгэхээр Х.Баттулга гишүүн С.Баярын нэгэн адил шалтгаар зугтах гэж байгаа гэх хардлага өрнөх нь аргагүй. Ямартай ч Монголын толгой баячуудын нэгд тооцогддог түүнийг өвдлөө гээд гадаадад очоод хэвтчихэд гайхаад байх зүйлгүй.
Мөн үеэр гал дээр тос нэмэрлэсэн үгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлсэн. Тэрбээр "Тэрбээр "Би Х.Баттулгатай гурван жил, зургаан сарын хугацаанд нэг Засгийн газарт хамт ажиллаж үзсэн. Х.Баттулгыг зүгээр нэг "давхар дээл"-ийг тайлах гэж Засгийн газраас гарч байна гэж би бодохгүй байна. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон мөн эдийн засаг уналтад ороод ирэхээр саяхан Өмнөд Солонгост сүйрсэн усан онгоцны капитан шиг багаа хаяад зугтаж байна. Энэ бол Х.Баттулгын чаддаг ажил. 2012 онд Ардчилсан нам Засгийн газраас гарахад Х.Баттулга Н.Алтанхуягаасаа түрүүлээд мэдэгдэл хийх гээд байсан. Харин Н.Алтанхуяг нь хулхидуулахгүй гэж сандраад түрүүлж мадэгдэл хийж байсан удаатай. Монгол Улс ийм л сайдтай зургаан жил боллоо. Ер нь Х.Баттулгыг ажлаас нь чөлөөлөх биш төмөр замын асуудалд хариуцлага алдсан гэж үзээд огцруулах ёстой. Энэ хүний хийсэн бузар, булай зүйлийг олонд таниулж зайлуулах ёстой" хэмээн ширүүхэн хэлээд авсан.
Унаж яваа мөнгөгүй Засгийн газрыг орхиж байгаа мэдрэмжтэй нэгэн гэгдээд байгаа Х.Баттулга С.Баярын замаар замнахыг үгүйсгэхгүй. Мэдээж гурван нүүдлийн алсыг харж байж шийдвэр гаргасан байж таараа. Яг л дөрвөн жилийн өмнө С.Баярын хийсэн нүүдэл шиг. Гэхдээ Х.Баттулгынхаас ялгаатай нь С.Баярын нүүдэл төгс байсанд оршино. Учир нь түүний тоглолтын хамгийн гоц үзүүлбэр нь Монгол Улсын Ерөнхий сайдын алба, МАХН-ын /МАН-ын/ даргын суудлыг С.Батболдод өөрийн хүсэлтээр шилжүүлэн өгсөн явдал байв. Нүүдлийг нь хэн нэгэн урьдчилан харж, тооцоолж, хамгаалж чадаж байвал тэр нүүдэлд гайхамшигтай зүйл байхгүй. Гэтэл С.Баярын нүүдлийг хэн ч таамаглаагүй. Бүр түүнтэй нэг намын дотно нөхөрлөж явсан журмын нөхөд нь ч мэдээгүй. Тэд түүний шийдвэрийг сонсоод үнэмшихгүй, эргэлзэж байсан. Тэгэхээр энэ бол үнэхээр "гайхамшигт үзүүлбэр”.
Харин Х.Баттулгын нүүдлийг намын дарга болох Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэж байсан гэж хэлж болно. Уг нь Х.Баттулга намын даргадаа итгэж нууцаа шивнэсэн байж таараа. Гэтэл дарга нь хамаг нууцыг нь задлаад хаячихсан нь энэ. Нөгөө талаас нь харвал фракци хоорондын зөрчлөөс болоод тэмцэл хурцадсан энэ үед Н.Алтанхуяг Х.Баттулгын нууцыг албаар задалсан байх талтай. Ямартай ч Х.Баттулга хэл амтайхан суудлаа өглөө. МоАХ-д олгогдсон квотоор түүнийг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн залгамжилж, ҮХААЯ-ыг толгойлно гэх бор шувуу нисэх боллоо. Харин Х.Баттулга өөрийн хүсэлтэд дурдсан шиг өдөр бүр чуулганы танхимд суух нь уу, хаа нэг тийшээ зугтах нь уу гэдгийг харах л үлдлээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2703
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих