20 жилийн түүхтэй гэх "Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана тэргүүтэй хүмүүс өчигдөр үнийн асуудлаар мэдээлэл хийв.
Тэд ШӨХТГ-т гомдол гаргасан гэнэ. Тэдний гаргаж байгаа гомдол нь бусад томоохон сүлжээ компаниуд хэрэглэгчдийн эрх ашгийг хохироогоод байгаа гэх. Бараа бүтээгдэхүүнээ хэтэрхий их үнэтэй зардаг. Энэ нь Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа тул дээрх газарт хандсан гэв.
Тодруулбал, "И март”, "Номин” сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүн дээрээ өндөр үнэ нэмээд "Оргил”-ынхон бага үнэ нэмдэг. Гэтэл үндэсний үйлдвэрлэгч компаниуд үнээ нэмсэнгүй гэх шалтгаанаар бараа бүтээгдэхүүний нийлүүлэхээ болилоо хэмээн олон нийтэд "хов” хүргэж хэвлэлийнхэнд гомдоллов. Яс юман дээрээ үнийн ялгаа зөрүү нэг их харагддаггүй юм билээ. Хэвлэлийн хурал хийсэн нөхдүүд өөрийнхөө дэлгүүрийг хямдхан үнэтэй мэт харагдуулж, өрөөлийн дэлгүүрийг үнэ өртөг ихтэй мэт харагдуулсан үйлдэл гэж хармаар.
Тус төвийн Гүйцэтгэх захирал Э.Алтанбагана "Жижиглэн худалдаа худалдаа эрхэлдэг супермаркетууд үгсэн хуйвалдаж үнээ нэмж байгаа талаар мэдээлэл хийлээ. Манай томоохон сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний үнэ дээр 10 хувь нэмж зардаг. Гэвч "Номин”, "И март” сүлжээ дэлгүүрүүд дахиад 10-20 хувь нэмж зардаг гэсэн мэдээлэл байгаа юм.
Ханган нийлүүлэгч нар үнээ нэмээч гэж шахалт үзүүлж эхэлсэн. Нэг үнийн бодлого барьж нийтэд үйлчилье гэдгийг ард "И март”, "Номин”-гийн шахалт байна гэж харж байгаа. Нэг үнийн бодлого гэдгийг хэн хаанаас зохиогоод байгааг мэдэхгүй. Энэ саналыг нь хүлээж авахаас татгалзсаны улмаас зарим томоохон үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ манайд нийлүүлэхээ зогсоосон. Тухайлбал, "МСS кока кола” компани бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоож буйгаа мэдэгдсэн. Бид хэрэглэгчдээ хуурахгүй төлөө манайд нийлүүлдэг байсан бараагаа зогсоолоо” гэжээ.
Түүний ярьснаар хоёр компанийн эрх ашгийн төлөө хэрэглэгчдийг хохироохгүй гэж байна. Энд хэрэглэгч хохироод байх ч асуудал нэг их байхгүй дээ. 2010 төгрөгөөр ундаа авч уусан 2100 төгрөгөөр ундаа авч уусны ялгаа гэж байхгүй. Эцсийн эцэст хэрэглэгч өөрөө хаан байх ёстой. Хаанаас ямар дэлгүүрээс худалдан авалт хийх нь хэрэглэгчийн өөрийнх нь эрх. Аль дэлгүүрт ямар бүтээгдэхүүн хямд үнэтэй байгааг ч өөрсдөө мэднэ.
Зах зээлийн зарчмаар бол шударга өрсөлдөх ёстой гээд байгаа. Харин ч "Оргил”-ынхон өөрсдөө Шударга өрсөлдөөний тухай хуулиа зөрчөөд байгаа юм бишүү. Нэгнээ үнэтэй, үнэ багатай зардаг гэж шүүмжилж, хэл ам хийхийн оронд өөрийнхөө бараа бүтээгдэхүүний чанар болоод сонголтод илүү анхаараач. Яс юман дээрээ "Номин”, "И март” сүлжээ дэлгүүрүүд сонголт ихтэй байдаг юм билээ. Үнийн хувьд ч "Оргил”-оос нэг их ялгараад байх зүйл байхгүй.
Тиймээс дахин хэлье, аль сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж, үйлчилгээ авах нь үйлчлүүлэгчдийн өөрсдийнх нь сонголт. "Оргил” худалдааны төвийнхний ярьж буйгаар барааны үнэ нэмсэн асуудалд л эмзэглээд байх шиг. Үнэтэй ч бай, үнэ багатай ч бай үйчлүүлээд сурсан дэлгүүрүүдээс худалдан авалт хийнэ. Ингэтлээ бачимдах хэрэг юу байна. МCS-ийнхэн ус, ундаагаа нийлүүлэхээ болихоор орлого нь чинь багасах гээд байна уу. Эсвэл өөр шалтгаан байна уу.
О.Сайхан

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27474
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих