Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны "Морин уралдааны салбар хороон”-оос өнөөдөр буюу 06 дугаар сарын 22-ны өдөр Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, салбар хорооны гишүүд хариуцсан чиглэл тус бүрээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Морин уралдааны салбар хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хошууч О.Ганзориг, дэд даргаар Хилийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа О.Батгэрэл болон аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн холбогдох мэргэжилтнүүд томилогдон ажиллаж байна.
Энэ жилийн морин уралдааны онцлог нь 9 насны морь уралдах бөгөөд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, эрлийз дээд нас, эрлийз дунд нас, эрлийз даага гэсэн ангиллаар уралдах юм.
Баяр наадмын эхний өдөр 5 насны морьд, дараагийн өдөр 4 насны морьд уралдах тул уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс нэг хүүхдийг дараалан 4-5 насны моринд мордуулахгүй байх, 7-оос дээш насны хүүхдээр хурдан морь унуулах, хамгаалалтын хувцасны бүрэн бүтэн байдлыг хангах, унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас бичгээр зөвшөөрөл авах, зохих хууль, журмын дагуу даатгалд хамруулж, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж оролцохыг нийт уяачдад анхааруулж байлаа.
Мөн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр хамгийн их маргаан үүсгэдэг эрлийз насны морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах журмын дагуу уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжиж уралдуулах бөгөөд эрлийз байж болзошгүй, удам, угшил нь тодорхой бус морьдыг уралдаан эхлэхээс 2 хоногийн өмнө сэрвээний өндөр хэмжих ажлын хэсэгт хандаж, тодорхойлуулах юм.
Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа сэрвээний өндөр нь:
Азарга, соёолон – 140 см
Их нас – 141 см
Хязаалан – 137 см
Шүдлэн – 132 см
Даага- 127 см бөгөөд энэхүү хэмжээг давсан морьдыг эрлийз хэмээн үзнэ.
Мөн уяачид морин уралдааны цагийг баримтлах ба гарааны цурхайд цагтаа очиж, зэрэг гараагүй морьдыг журмын дагуу хасах тул уяачид цаг хугацаанд нь морьдоо уралдааны замд гаргах нь чухал гэдгийг "Морин уралдааны салбар хороо”-ны зүгээс онцгойлон анхаарууллаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих