
-УИХ-аар татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ нь эдийн засгийг эрчимжүүлэхэд нэлээд түлхэц болно гэж үзэж байгаа. Харин аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлснээр гарах үр дүн юу байх бол?
-УИХ-ын эдийн засгийг идэвхжүүлэх тухай тогтоолын төслийн анхны санаачлагч би, мөн Зоригт гишүүн. Энэ асуудлыг дөрвөн сар ярилцаж, хэлэлцэж байж гарлаа. Харин үүний дараа Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх тухай 100 хоногийн төлөвлөгөө, "Эзэн 100” хөтөлбөрийг гаргасан. Үүн дотор УИХ-ын эдийн засгийг идэвхжүүлэх тухай тогтоолын гол үзэл санаа бүгд орсон байгаа. Тэгэхээр үүн дотор гурван гол зүйл бий. Нэгдүгээр асуудал бол татварын өөрчлөлт, шинэчлэл. Ерөнхийдөө татварын шинэчлэл хийе гэсэн нэг үзэл санаа байгаа. Хоёрдугаарт, эдийн засгийн өршөөл үзүүлэх. Гуравдугаарт, бизнесийн орчныг цэвэрлэе гэдэг үзэл санаа явж байгаа. Өөрөөр хэлбэл, элдэв бусын хүнд суртал, тусгай зөвшөөрөл, лицензийн асуудлыг цэгцлье гэж үзэж байгаа юм. Засгийн газраас татварын шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн хуулийг өргөн барьж, УИХ-аар ороод ирж байна. Харин УИХ-ын дарга "Бүх хуулийг нэгтгэж байгаад татварын шинэчлэл хийх зорилго бүхий ажлын хэсэг байгуулах ёстой” гэж үзээд захирамж гаргасан. Ажлын хэсэгт есөн гишүүн багтаж, ахлагчаар нь С.Баярцогтыг томилсон. Ажлын хэсэгт надаас эхлүүлээд бүх намын төлөөлөл багтсан. Харин УИХ-ын дарга яагаад ач холбогдол өгч, тусгай захирамж гаргасан гэвэл, Засгийн газраас орж ирсэн хуулиудад засвар, өөрчлөлт хийх биш. Иж бүрэн шинэчлэл хийе гэдгээр тусгасан байгаа.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт татварын шинэчлэлийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр тусгасан. Харин УИХ-аас захирамж гаргаж, ажлын хэсэг гарсан нь Засгийн газартаа үүрэг өгөх бүхий асуудал уу?
-Засгийн газрын оруулж ирсэн хуулийн дагуу, бодсон үзэл баримтлалын хүрээнд явуулна гэдэг учир дутагдалтай. Яагаад гэвэл, Засгийн газраас өөрөөр бодож байгаа хууль санаачлагч гэвэл, жишээ нь би байна. Тиймээс Засгийн газар, гишүүдээс өргөн барьсан татварын хуулиудыг шинэчлэлийн уур амьсгалтай болгох, энэ дотор Ч.Улаан сайдын яриад байгаа 250 гаруй хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг оруулах. Нөгөө талаас босго, хэмжээг нэмэгдүүлэх, эвсэл татварын 90, НӨАТ-ын хоёр хувийг буцааж олгох зэрэг элемент орж ирнэ. Энэ бүгдийг бүхэлд нь аваад үзэхээр шинэчлэл биш.
-Тухайлбал, татварын шинэчлэлд юу дутагдалтай байгаа хэрэг үү?
-Шинэчлэл хийхийн тулд олон жил явж ирсэн тогтолцоо, Монголын эдийн засгийнхаа бодит байдлыг харах хэрэгтэй. Монголын эдийн засаг, татварын оршин байгаа дэглэмийн орчинд хоёр хуваагдсан. Өөрөөр хэлбэл, албан, албан бус эдийн засаг гэж болсон. Албан бус дотроо сүүдрийн эдийн засаг гэсэн өөрөөл бус зүйл тогтол бий болсон байгаа. Мөн бүх компани татварын хоёр баланс гаргадаг. Нэг нь худлаа хэлдэг, нөгөө нь өөрсдөдөө үзүүлдэг жинхэнэ баланстай. Тэгэхээр эдийн засгийг ийм байдлаар үргэлжлүүлээд явна гэвэл цөөхөн татвар төлдөг компанийг дарамтлах, шалгах, торгох, хүү торгууль бодох замаар явна гэвэл явцгүй. Тиймээс учраас үүнээс болж хүмүүс шоронд ороод байгаа юм. Энэ тохиолдолд үүнийг анхааралтай, онцгой, иж бүрэн хандах ёстой. 250 гаруй хөнгөлөлт, чөлөөлөлтийн ихэнх хэсэг нь хүн амтай холбоотойгоос гадна талдаа бизнес, импорттой нөлөөлж байх жишээтэй.
-Хэтэрхий их хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь эргээгээд татвараа бүрдүүлэх асуудалд хүндрэл гарах юм биш үү?
-Ер нь олон улсын татварын онол, практикийн дагуу хэтэрхий их хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь буруу. Танхим, ажил олгогч эздийн холбоо, хувийн хэвшлийн үндэсний зөвлөл ч гэдэг юм уу, хувийн хэвшлийн ерөнхий нийтлэг бодлого нь хөнгөлөлт, чөлөөлөлт гэхээс илүүтэй нийт татварынхаа хэмжээг багасгах асуудал тавьдаг. Хэдийгээр Монгол Улсад 4/10 бодлого, дээр нь уул уурхай, үл хөдлөхтэй холбоотой олон татвар бий. Түүнээс гадна төрөл бүрийн гувчуур, хураамж байдаг. Энэ бүхэн нийлээд 2,9 сая хүнтэй жижиг зах зээлд том, хурдан эргэлт хийх боломжийг олгохгүй. Ерөнхийдөө компаниуд өсөж чадахгүй давжаа биетэй, архиттай хүүхэд шиг байгаад байна. Томчуул нь болохоор мөнгөө гадагшаа гаргаж хадгалаад байна. Өөрөөр хэлбэл, бүх компани татвараас зугтаж байгаа.
-Татварын бодлого буруу байгаагаас зайлсхийдэг алхам байгаа хэрэг биз?
-Татварын бодлого буруу яваад байгаа. Ийм тохиолдолд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлнэ. Хоёр хувийг буцааж олгоно гэдэг энэ бүхэн бүхэлдээ явахгүй. Тийм учраас татвараа шударга байх зарчмаар бүгдээрээ төлөх ёстой. Ингэснээр сүүдрийн эдийн засгийг ил гаргаж, албан бус секторыг албан болгох явдал. Харин татварыг бууруулахаар төсвийн орлого яах бол гэж боддог. Гэтэл төлдөггүй хэсэг нь ил гарч ирээд төсвийн орлого ихэнх тохиолдолд нэмэгддэг.
-НӨАТ-ыг худалдааны татвар болгоё гэдэг зүйл яригдаж байсан. Энэ тухайд...?
-Энэ хоёрын ялгааг ойлгохгүй байгаа юм. НӨАТ, худалдааны албан татвар угтаа нэг зүйл. Гэхдээ хэлбэр өөр. Одоо Монголд нутагших гэж, хүмүүсийг шоронд оруулж, хуурамч падан бичүүлээд байгаа НӨАТ-ын системийг аж үйлдвэр өндөр хөгжсөн улс оронд хэрэглэдэг. Манайх шиг ажил үйлдвэр нь хөгжөөгүй, дээр нь хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар давамгайлсан үед хялбаршуулах, давхардаггүй болгох зорилгоор худалдааны буюу бараа үйлчилгээний татвар гэдэг хэлбэр рүү орох ёстой. Энэ нь давхардахгүй, нэг л удаа авдаг байх юм. Татварын шинэчлэлийг зөвхөн төсвийн орлого талаас биш хүмүүсийн тархины сэтгэлгээг өөрчлөх талыг бодож хийх ёстой. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь, зарим тохиолдолд тэглэх. Томоохон аж ахуйн нэгжийг эдийн засгийн бодлогоор дэмжээд татварын хэмжээг өндөр байдлаар тавьж болно. Тэгэхээр энэ бүхнийг хийе гэж бодоход үүнийгээ дагалдуулаад өршөөл үзүүлэхийг оруулах хэрэгтэй. Зөвхөн татварын өршөөл биш. Гадаадад хөрөнгөө нууж, татвараа шударга төлдөгт нь урамшуулах үзүүлэх эдийн засгийн өршөөлийг нийт аж ахуй нэгж, иргэнд нэг удаа эдлүүлж болох юм. Ингэснээр цаашлаад нэг эдийн засагтай болж, татвараа нуух шаардлагагүй болно. Нөгөөтэйгүүр компаниуд зөв баланстай болсноор Хөрөнгийн бирж дээр үнэн зөв хувьцаа гардаг. Үүнээс нь Хөрөнгийн бирж хөгжихөд түлхэц болж, санхүүгийн бусад арга хэрэгслүүдэд хөрөнгө оруулалтын сан үүснэ.
-Манайхан нийлүүлэлтийн талаар дэмжлэг үзүүлэх зүйл ажиглагдаж байна. 100 хоногийн дараа эдийн засаг сайжрах уу гэдэг нь асуудал?
-Иргэд худалдан авах чадваргүй боллоо. Зах зээлийн нэг тал байхад нөгөө тал нь байхгүй байна. Орон сууцны зээл авсан залуус төлбөрөө яаж төлөх вэ гэхээс бусад зардлаа нөхөж чадахгүй байгаа юм. Энэ чинь эдийн засгийн эргэлтийн тал дээр идэвхжил байхгүй болж байгаа хэрэг. Тэгэхээр хүн амын орлогын албан татвар, дээр нь нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөхөөр хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, зах зээлийн нийлүүлэлтийн талын нэмэгдэх ч энэ тал дутагдаад байгаа. Тиймээс татварын шинэчлэл, өршөөл үзүүлэх нь хамгийн чухал зүйл.
-Энэ ажлыг хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой вэ?
-Долдугаар сарын 1 гэхэд гаргачих боломж байгаа. Гэхдээ шинэчлэл үү, өнгөн засвар хийх үү гэдгийг ажлын хэсэг дээрээ нэгдэж, нэг дуу хоолойтой байх нь чухал. Миний харж байгаагаар ажлын хэсгийн гишүүд шинэчлэл хийе гэсэн бодол байгаа. УИХ үүнийг шинэчлэл хийх сэтгэлгээтэйгээр өөрчлөх хэрэгтэй. Тиймээс МАН, АН, "Шударга ёс” эвслийнхэн Монгол Улсыг зөв голидролд оруулахын тулд татварын иж бүрэн шинэчлэл хийх хэрэгтэй гэдэгт нэгдсэн дуу хоолойтойгоор хурдан батлах хэрэгтэй. Гэхдээ Засгийн газрын оруулж ирснээр явбал шинэчлэл биш. Өнгөн засвар явж байгаа. Одоогийн татварын дэглэмийг улам гажуудуулах юм.
-Ярилцсанд баярлалаа.
С.МӨНХБАЯСГАЛАН

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2930
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих