УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хэд, хэдэн төслийг хэлэлцлээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлөх, гадны хөрөнгө оруулагчдын импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг үүнд багтав. Мэдээж эхний төсөлд гишүүд тал, талын байр сууринаас хандаж, нухацтай авч үзсэн бол хөрөнгө оруулагчид татварын хөнгөлөлт үзүүлэх төсөлд гишүүд тоомжиргүй хандаж байгаа бололтой гарч одов.
МАН-ын гишүүдээс Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, О.Содбилэг нар үлдсэн бол АН-ын цөөн хэдэн гишүүн хоцорсон. Энэ төсөлд хоёрхон гишүүн байр сууриа илэрхийлж асуулт асуусан нь Л.Энх-Амгалан, Р.Гончигдорж. Бусад нь санал өгөх үед ирчихээд төслийг хэлэлцэх ёстой гэцгээж Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн найруулга гишүүдийн шүүмжлэлийг дагуулж байлаа. Сангийн сайд Ч.Улаан төслийг танилцуулахдаа "Нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр татварын хууль тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болсноос ойлголтын зөрүү үүсэх, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах явдал ихсэх хандлагатай байна. Иймээс бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих шаардлага байна. Эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой төсөл болсон” гэж онцлов. Гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Улаан болоод Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нар хариуллаа.
О.Баасанхүү:
-НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг яагаад 50 сая гэж тооцов. Аргачлалаа тайлбарлаач?
Ч.Улаан:
-Инфляц, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 1998 онд тогтоосон 10 сая гэдгийг 50 сая болгон өөрчилж байна. Хууль, эрх зүйн хувьд хийгдэж байгаа маш том өөрчлөлт. Энэ төслийг батласнаар аж ахуйн нэгжүүд хуурамч падаан хийнэ гэсэн ойлголт арилна. Иргэд НӨАТ-ынхаа хувийг буцаан авах боломж бүрдэнэ. Дээрээс нь татварын байгууллага хяналтаа тавих боломж бүрэн нээгдэнэ. Хамгийн гол нь хуулийн гол үзэл санаа нь бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гүйлгээг бүртгэлд авах, татварыг буцаан олгох, хүн бүр татвар төлөгч байхад чиглэж байгаа.
Т.Батмагнай:
-2012-2013 онд хуурамч бичилтийн зөрчил маш их илэрсэн. Тухайлбал, 2012 онд үйл ажиллагаа явуулдаггүй 38 аж ахуйн нэгж, 2013 онд ажилладаггүй болоод багахан үйлчилгээ эрхэлдэг 60 гаруй байгууллага хуурамч бичилт хийсэн байдаг. Ер нь цаашид татварын тогтолцоо цахим сүлжээнд шилжсэний дараа аж ахуйн нэгжүүд алдаагаа засах боломжтой болно. Манайд хуурамч бичилт ирүүлсэн бол хуурамчийг нь сануулаад засах боломж үлдээнэ гэсэн үг. Цаашлаад далд эдийн засаг гэж байхгүй болно.
Л.Энх-Амгалан:
-50 саяын босго гаргасныг огтхон ч ойлгохгүй байна. Орон нутагт ажилладаг жижиг аж ахуйн нэгжүүд яах юм бэ. НӨАТ-ыг буцаан олгохын тулд бүх байгууллага цахимаар үйлчилдэг болох уу. Тийм боломж байхгүй бол яах болж байна.
Ё.Отгонбаяр:
-Би төслийн талаар юу ч ойлгохгүй байна. НӨАТ-аа авахын тулд хөөцөлдөх ажил гарч байна уу?
З.Энхболд:
-Ойлгомжгүй зүйл алга байна. Нэг газраас 1000 төгрөгөөр шатахуун авлаа гэж бодъё. Зарсан газар өнөөдөр шатахуун худалдаагүй гэж хэлээд татвараас зугтаад байна. Харин одоо картаар бензинээ авна. Тэгээд татварт зориулсан арван төгрөгийнхөө хоёр төгрөгийг нь буцаагаад авна. Үлдсэн найман төгрөгийг нь төр авна. Энэ тохиолдолд шатахуун зарсан газар татвараас зугтаж чадахгүй болно.
Д.Лүндээжанцан:
-НӨАТ-ын хуулийг түргэн түүхий батлаад өг гэж байгаа нь буруу. 50 саяын босго гэдэг мөнгөний ханш уначихсан энэ үед 10 саяас нэг их ялгаа байхгүй. Ядаж 75 сая гэж яагаад болохгүй гэж. Бодит дэмжлэг үзүүлье л гэж байгаа юм бол 150-200 саяын хооронд НӨАТ-ын босгыг тогтоох нь зөв байх гэв.
Ингээд нийт гишүүний саналаар төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой хэмээн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Дараа нь 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх болоход МАН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авсан. Завсарлага авахын өмнө тус намын бүлгийн гишүүд гурван жилийн турш хэрэгжих бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж буй чуулганы нэгдсэн хуралдаанд сайд нар, эрх баригч намын гишүүд бүрэлдэхүүнээрээ оролцох ёстойг сануулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд эрх баригч намуудаас ердөө дөрөвхөн гишүүн оролцож байв. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей сөрөг хүчний тавьж байгаа шаардлагыг зөв гэж үзэж буйгаа илэрхийлэн "УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй. Ирц бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ийм байдлаар хуралдвал хэлэлцэж буй асуудал дэмжигдэхгүй шүү” гэв.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих