Аймгийн Засаг даргын дэргэдэх Мал эмнэлгийн газраас санаачлан "Мал эмнэлгийн салбарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Мал эмнэлгийн салбарын шинэчлэл, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, Мал эмнэлгийн газар, малын эмч, малчид, мал бүхий иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, малын өвчлөлийн эрсдэлийг бууруулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах зорилго бүхий "Нэгдсэн тогтолцоо-хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Ийст паласе цогцолборт явагдаж байна. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд, Хилийн цэргийн Хөдөө аж ахуйн тасгийн төлөөллүүд оролцож байна. Зөвлөгөөнөөр "Аймгийн Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт”, "Мал эмнэлгийн салбарын шинэчлэлийн бодлого, зорилт”, "Мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажуулалтын системийг улсын хэмжээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх, лабораторийн сүлжээ, нэгдсэн мэдээллийн сантай болох” зэрэг ерөнхий сэдвүүдийн хүрээнд ярилцаж, санал бодлоо солилцон, цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох юм. Уг зөвлөгөөнд төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг байгууллагуудаас мэдээлэл хийх ажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих