
ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдоржийг өнгөрсөн бямба гарагийн
Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь огцруулах шийдвэр
гаргасан. Шалтгааныг нь 461 дүгээр ангид Газрын тосны газрын дарга асан
Д.Амарсайхан нас барсан, Онцгой дэглэмтэй хорих ангиас хоригдол оргосон
зэрэгтэй холбон тайлбарлаж буй.
Гэвч зөвхөн дээрх явдлуудын хариуцлагыг үүрүүлж ажлаас нь
халчихаагүй бололтой. Учир нь Д.Ядамдоржтой холбоотой санхүүгийн
асуудал АТГ, Эрүүгийн цагдаа нарын дунд "шидэгдсээр” сар илүү хугацааг
өнгөрөөжээ.
Шийдвэр гүйцэтгэлийн 2.6 тэрбум төгрөгийн хүү хаачив
Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны нэгдүгээр сарын
24-ний өдрийн 24/24/А-9 тоот тушаалын хавсралтаар "Засгийн газрын болон
төсвийн байгууллагуудын дансыг Монголбанк, арилжааны банкуудад нээх,
хаах журам”-ыг баталжээ.
Үүгээр дулдуйдан ШШГЕГ-ын дарга асан Д.Ядамдорж 2013 оны есдүгээр сарын
6-ны өдөр "Голомт” банктай гэрээ байгуулсан байна. Энэ гэрээг нэг
талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцоож, мань
Д.Ядамдорж нар, нөгөө талаас "Голомт” банкны Гүйцэтгэх захирал Г.Ганболд
нар үзэглэсэн аж.
Арилжааны банкинд шийдвэр гүйцэтгэлийн дансыг нээх, түүний төлбөр
тооцоог зохицуулах... гэсэн утга бүхий уг гэрээндээ "...Энэ дансаар
зөвхөн төлбөр төлөгч болон хүлээн авагчийн хоорондын гүйлгээг хийнэ”
гэж заасан байна. Хууль, дүрэм нь ч тийм байдаг аж.
Гэтэл аль эрт 2012 оны аравдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-аас "Голомт”
банкинд 1105062668 тоот дансыг нээчихсэн, энэ дансандаа 2 500 000 000
/Хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг байршуулчихсан "эргэлдүүлж” байж.
Үүнийгээ сүүлд байгуулсан гэрээнийхээ хавсралтад тусгаж амжжээ.
Гэрээн дэх бас нэг заалтаар бол дээрх мөнгөний хүүгийн төлбөрийг сар
бүрийн 5-ны дотор Сангийн яамны төрийн сангийн төсвийн орлогын 900000901
тоот дансанд шилжүүлэх учиртай аж.
Гэвч Д.Ядамдорж дарга "Голомт” банкны 1105062668 тоот дансанд 2.5
тэрбум төгрөгийг 2013 оны есдүгээр сар хүртэл 11 сарын хугацаанд
байршуулахдаа нэг ч удаа хүүгийн төлбөр шилжүүлж байсангүй. Харин энэ
хугацааны хүү болох 250 642 965 төгрөг, мөн дээрх 2.5 тэрбум төгрөгөөс
гадна хугацаатай хадгалуулсан 111 671 232 төгрөгийн хүүтэй нийлээд 370
285 930 төгрөг хаачсан нь тун тодорхойгүй болоод байгаа аж.
Тиймээс АТГ болон хуучнаар Эрүүгийн цагдаагийнхан уг асуудлыг шалгаж
эхэлсэн гэнэ. Шалгах явцад Д.Ядамдорж дарга дээрх хүүгийн төлбөрийг
Сангийн яамны төрийн сангийн данс бус тэс өөр тийш шилжүүлж байсан нь
илэрчээ.
Хүүгийн төлбөрийн 236 200 000 /Хоёр зуун гучин зургаан сая хоёр зуун
мянга/ төгрөгийг ШШГЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн,
ахлах дэслэгч С.Батбямбын нэрээр долоон удаагийн үйлдлээр бэлэн мөнгөний
чек ашиглаж гаргаж авчээ.
Ингэхдээ ШШГЕГ-ын "Голомт” банкин дахь 8115006276 тоот, "Хас” банкны
5000849182 тоот, Төрийн банкны 104100017151, 11180000728 тоот дансуудыг
ашиглан шилжүүлсэн байна.
Мөн "Голомт” банкин дахь 1105062668 тоот дансандаа 2013 оны
долоодугаар сарын 22-нд 1 121 555 842 /Нэг тэрбум нэг зуун хорин нэгэн
сая таван зуун тавин таван мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг
байршуулаад ганцхан хоногийн дараа зарлага хийн гаргаж авсан аж. 2013
оны арваннэгдүгээр сарын 1-нд дээрх данснаас 500 сая төгрөгийг барилгын
материалын үнэ гэж бэлэн бусаар гаргасан байна.
Ийм хөдлөшгүй баримтад үндэслэн ШШГЕГ-ын дарга асан Д.Ядамдоржийг мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгаж байгаа аж.
Дээр дурдсан сэжигтэй гүйлгээ, үйлдлүүд нь хуулийнхны анхаарлыг нэгэнт
татаад эхэлжээ. Тиймээс мөрдөгчид зарим нотолгоо, дүгнэлтийг ийнхүү
хийсэн байна.
1.ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж, Санхүү үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын
дарга, хурандаа М.Хуягбаатар нар "Голомт” банкин дахь 1105062668 тоот
хадгаламжийн дансыг 2012 оны аравдугаар сарын 23-ны өдөр зохих
зөвшөөрөлгүйгээр төсвөөс гадуур нээж, 2.5 тэрбум төгрөгийг
байршуулсан. Ингэхдээ уг мөнгийг 2012 оны жилийн эцсийн төрийн сангийн
хяналтаас гадуур авч үлдсэн. Энэ нь Төсвийн байгууллагын удирдлага,
санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан "Мөнгөн
хөрөнгийн нэгдсэн зохицуулалтаас гадуур банкинд данс нээхийг хориглоно”
гэснийг зөрчсөн.
2.Хууль бусаар нээсэн энэхүү дансаа 2013 оны есдүгээр сарын 6-нд
"Голомт” банкны захирал Г.Ганболдтой байгуулсан гэрээнийхээ хавсралтад
төлбөрийн данс нэрээр нэрийг нь өөрчлөн оруулж, хууль ёсны мэт
болгосон.
3."Гэрээ”-ний дагуу "Голомт” банкинд байршуулсан 2.5 тэрбум
төгрөгийн хүүгийн төлбөрийг Сангийн яамны төрийн сангийн төсвийн
орлогын 900000901 тоот дансанд сар бүр шилжүүлнэ гэснийг зөрчиж, уг
мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь Сангийн яамны холбогдох албан
тушаалтнуудын гаргасан тайлбар болон 900000901 тоот дансны хуулгаар
нотлогдсон.
Юутай ч мөрдөгчид ингэж үзжээ. Тиймээс Эрүүгийн хуулийн 166 дугаар
зүйлийн 166.2, мөн 273 дугаар зүйлийн 273.2 гэсэн зүйл ангиудад заасан
гэмт хэргийн шинжтэй байна хэмээн дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл,
ШШГЕГ-ын дарга асан, хурандаа Д.Ядамдорж нарыг мөнгө угаасан /166.2/,
төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан /273.2/ гэж буруутгаж буй
аж.
Д.Ядамдоржийн араас Д.Дамдинцэрэн...
ШШГЕГ-ын дарга асан Д.Ядамдоржийн шалгагдаж буйтай төстэй бас нэгэн
асуудал мөн л саяхнаас мандаж эхэлсэн. Тодруулбал Тус газрын Шийдвэр
гүйцэтгэлийн газрын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа
Д.Дамдинцэрэнгийн тухай.
Энэ хүн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хувьд шүүхийн шийдвэр
гүйцэтгэлтэй холбоотой хуулийн хэрэгжилт, ШШГЕГ-ын хэмжээн дэх
шийдвэр гүйцэтгэлийн санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой бүхий л
асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий эрхэм ажээ.
"Жаст”-ын Ш.Батхүүгийн мэдэлд байсан "Хадгаламж” банкийг Төрийн
банкинд нэгтгэснээс хойш нэлээд хугацаа өнгөрч байгаа. Сар шахмын өмнө
Төрийн банкны Дотоод хяналт, аудитынхан банкныхаа хэмжээнд хяналт
шалгалт явуулжээ. /Хадгаламж банк төрийн банктай нэгдэж хаагдсан
дансанд шалгалт хийхэд/ Шалгалтын үеэр Бөхийн өргөөний дэргэдэх
салбараас нэгэн "Но” илэрч, улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагад
шилжүүлсэн байна.
"Хадгаламж”-ийг Төрийн банкинд нэгтгэхээс хэдэн сарын өмнө тус салбар
руу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Төлбөр төлөгч, авагчийн
харилцах данс "Голомт” банкнаас шилжиж очсон байна. Ингэхдээ
Д.Ядамдорж дарга "Голомт”-ын захиралтай хийсэн шиг гэрээг үзэглэжээ.
Гэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны данс нээх гэрээнд ШШГЕГ-ын
Шийдвэр гүйцэтгэлийн газрын ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа
н.Алтанхуяг, "Хадгаламж” /хуучнаар/ банкны Бөхийн өргөө салбарын захирал
Лхагвадорж нар гарын үсэг зуржээ.
Тэдний хамтын ажиллагаа зургаан сар үргэлжилсэн аж. Энэ хооронд
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2 000 000 000 /Хоёр тэрбум/
орчим төгрөг тус салбар дээр байршиж байв. Нөгөөх төлбөр төлөгч
авагчийн хоорондын гүйлгээ бас л даший шог.
Хүү ч бодогдож байв. Нийтдээ 7.5 хувийн хүү тооцох гэрээ хийсэн байв.
Банкны баримт дээр дээрх хэмжээний хүүгийн төлбөр өгснийг тэмдэглээд л
байж. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 3.5 хувийн
хүүгийн төлбөр ордог байжээ.
Дундаас нь дөрвөн хувийн хүүгийн төлбөр зургаан сарын турш "алга
болсон” асуудал ийн Төрийн банкны дотоод аудитын шалгалтаар ил болсон
байна. Хоёр тэрбум төгрөгийн дөрвөн хувь гэхээр сард 80 сая төгрөг
болно. Энэ нь зургаан сар үргэлжилсэн гэж бодохоор 480 орчим сая
төгрөгийн асуудал босч ирээд байгаа юм.
Өдгөө энэ асуудлаар Төрийн банкны Бөхийн өргөө салбарын захирал
Лхагвадоржид Эрүүгийн хэрэг үүсгэн, Зохион байгуулалттай гэмт хэргийг
мөрдөх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мөрдөн
байцаах ажлыг явуулж байгаа ажээ. Лхагвадоржийн хувьд "Би Дамдинцэрэнг
танина. Гэхдээ бид хоёрын дунд мөнгө төгрөг өгч авалцдаг асуудал
байхгүй...” гэж мэдүүлсээр суугаа аж.
Харин алга болсон дөрвөн хувийн хүүгийн төлбөр болох 480 орчим сая
төгрөг яг хаачсан нь хараахан тодорхой болоогүй талаар эх сурвалж
мэдээлж байгаа. Гэхдээ энэ бүхэн гэмт хэргийн сэдэлтэй бол дансыг
байршуулах эрх мэдэлтэй байснаараа Д.Дамдинцэрэн хурандаа зайлшгүй
холбогдох гэнэ.
Насаараа төрд, тодруулбал шийдвэр гүйцэтгэх байгууллагад цаг наргүй
ажилласан Д.Дамдинцэрэн хурандаа гайхалтай баян эрхэм ажээ. 2014 оны
гуравдугаар сард түүний гэрт хулгай орсон талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Алтан бурхан, буу, мөнгөн тоногтой эмээл хазаар, их гарын 10 гаруй
мөнгөн аяга сэлт алдагдсан байна. Харин түүний гомдлын дагуу цагдаагийн
байгууллага хулгайч нарыг хайж байгаа аж.
Мөн үүнээс нэг сарын дараа автомашинаас нь их хэмжээний эд зүйлс
алдагдсан талаар ШШГЕГ-ын албан хаагчид шивэр авир ярьж байна. Гэтэл
Д.Дамдинцэрэн дарга өөрөө тийм ч ариун явдалтай нэгэн биш ч байж
болзошгүй аж.
Д.Дамдинцэрэнг суусан газраасаа шороо атгадаг гэж тодорхойлдог хүн
олон. Тэрбээр ШШГЕГ-аас албан хаагчдад зориулсан орон сууц барих болгонд
үнэгүй, эсвэл хөнгөлөлттэй үнээр байр авчихдаг гэнэ. Ингэсээр дөрвөн ч
удаа орон сууц авчихсан гэж байгаа.
Энэ бүхний эцэст насаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад
ажилласан, элдэв бизнес наймаагүй, төрийн хүн гэдэг нь түүний ажил
амьдралын замналаас тодорхой харагддаг юм билээ. Гэвч түүнтэй
холбоотой олон сэжигтэй зүйлүүд хуулийнхны сонирхол, анхаарлыг мань хүн
дээр төвлөрүүлээд байна.
Дээрх данс, хүүгийн төлбөрөөс гадна ШШГЕГ-ын тендер төсөл, бас
Хадгаламж зээлийн хоршооны асуудлуудыг Д.Дамдинцэрэнтэй холбон шалгаж ч
магадгүй. Элдэв но-гүй бол энэ бүх эргэлзээг тайлах учиртай. Харин энэ
бүхэнд холбоотой бол ч асуудал өөрөөр эргэх магадлалтайг эх сурвалжууд
хэлж байна.
Бид дараагийн дугаартаа дээрх эрхмийн тухай эрэн сурвалжилж түүнтэй
холбоотой хууль бус үйлдлийн талаар эргэн мэдээлэх болно. Юутай ч
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүсийг шахаад эхэллээ...
Үргэлжлэл бий...
Р.Саруул
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих