
Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг боомтуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, боомтын дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулалтыг сайжруулж, боомтын аюулгүй хурдан нэвтрэлтийг өргөжүүлэх, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг газар дээр нь судлан шийдвэрлэх зорилго бүхий хоёр орны холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаа. 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 03-ныг дуустал хугацаанд хамтарсан ажлын хэсэг өмнөд хилийн Шивээхүрэн-Сэхэ, Цагаан дэл уул-Өлзий, Гашуун сухайт - Ганц мод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн боомтуудад ажиллаа.
Монгол Улсын талаас ажлын хэсгийн ахлагч ГЕГ-ын дарга О.Ганбат, ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж, МХЕГ-ын дэд дарга Г.Эрдэнэбилэгт, Боомтын нэгдсэн захиргааны дэд дарга Д.Бэхбат, ГЕГ-ын ГХБХ-ийн дарга Д.Гантуг, БНЗ-ны нэгдсэн удирдлагын газрын дарга М.Хэрлэн болон хилийн боомтын холбогдох ажилтнууд, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны боомтын захиргааны дарга Гуо Ган, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн дарга Жан И Шы, Хорио цээрийн газрын орлогч дарга Лиү Шинь, Хил хамгаалах ерөнхий ангийн командын штабын даргын орлогч Дү Жюнь, Хил хамгаалах ерөнхий ангийн орлогч дарга Хуан Вэй, ӨМӨЗО-ны боомтын захиргааны 1-р хэлтсийн дарга Дү Чэн Фү, 3-р хэлтсийн дарга Бао Чүнь Жин, Нүүрсний холбооны дарга Ли Жэн Рүн болон хилийн боомтын холбогдох ажилтнууд оролцлоо. /ГЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс/
Шивээхүрэн - Сэхэ боомт
Хоёр орны ажлын хэсэг тус боомтуудын удирдлагуудтай уулзаж дараах хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:
- Хоёр орны боомтын орох, гарах урсгалын тоо адил дөрөв дөрөв боловч
БНХАУ-ын тал хоёр гарцаар нэвтрүүлж байсан ч нэг гарцны пүү эвдэрснээс
нэг замаар л нэвтрүүлдэгээс ачаалал үүсч байгааг хүлээн зөвшөөрч
яаралтай пүүгээ засварлан хоёр замаар нэвтрүүлдэг болох.
- БНХАУ-ын тээврийн жолооч нарт хил нэвтрэх виз, хөдөлмөр эрхлэлтийн
зөвшөөрөл авахад хүндрэлтэй уддагаас шалтгаалан оны эхний улиралд ажил
удааширдаг, хураамжийн хэмжээ их байдаг. Энэ асуудлыг ИХШХЕГ Улаанбаатар
хотод очиж виз авдагийг болиулан тухайн боомтод нь богино хугацаанд авч
болохыг шийдвэрлэсэн ба 3 төрлийн визны хураамжийг тодорхой хэлж өгсөн.
- Монгол Улсын боомтод ажиллаж байгаа хяналтын байгууллагын ажилтнууд
өдрийн цайны цаггүй ажиллаж байгаа ч БНХАУ-ын хил хяналтын байгууллагууд
өдрийн цайны цагтай байгаа нь хил дээрх бөөгнөрөл үүсэх шалтгаан болж
байгааг газар дээр нь шийдвэрлэн өдрийн цайны цаггүй болголоо.
- БНХАУ-ын талаас тавьсан нэг асуудал нь хоёр орны боомтод ашиглаж
байгаа пүү нэг машинд 800 кг орчим зөрүү гарч байна. Хоёр улсын
мэргэжлийн хяналтын асуудал харицсан байгууллагууд 2014 оны 06 дугаар
сарын 20-ны дотор хамтарсан ажлын хэсэг байгуулан шийдвэрлэхээр боллоо.
Цагаан дэл уул - Өлзий боомт
Тус боомтыг нээх тухай хоёр улсын Засгийн газраас гарсан. Одоогоор
тухайн газарт хоёр орны зүгээс барилга байгууламжийн ямар нэгэн бүтээн
байгуулалт хийгдээгүй байна. Энэхүү боомтыг эхнээс нь зүй зохистой, зөв
зохион байгуулалтай, бараа, тээврийн хэрэгслийг түргэн шуурхай хилээр
нэвтрэх боломжийг бүрдүүлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай
тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь
зүйтэй байна. Ингэхэд концессын гэрээ болон бусад хэлбэрээр хамтран
ажиллаж болох талаар Монгол Улсын Засгийн газарт уламжлан танилцуулах
боллоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих