Монголын ард түмний "манлай удирдагч", "хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдөж явсан Х.Чойбалсан нь 1952 оны 1 сарын 26-нд Кремлийн тусгай эмнэлгийн мэс заслын тасагт 57 насандаа гэнэт таалал төгсжээ. Энэ явдал яг битүүний өдөр таарсан тул Төв Хорооноос аймаг сумдад гэнэтийн гашуудлын мэдээг зарлан "цагаан сарыг тэмдэглэхийг тас хориглосон даалгавар” орон даяар яаралтай хүргүүлж байжээ. Юун цагаан сар манатай "Маршалгүйгээр бид чинь одоо яах болж байна аа” хэмээн хүмүүс бөөн бөөнөөрөө эхэр татан уйлалдаж байсан” гэж аав маань амьд сэрүүндээ ярьдаг байлаа. Үүнээс хойш Монголын цагаан сарыг бүх нийтээрээ тэмдэглэх явдлыг таслан зогсоож "зөвхөн малчдын хүрээний баяр” болгосон түүхтэй. Тэрээр Москвагаас эмчилгээнд ирэхийг сануулан, удаа дараа дуудагдсаны эцэст, дахин эргэж ирэхгүйгээ мэдэж байсан мэт хамаг бичиг цаасаа нэгд нэггүй цэгцлэн сейфнийхээ түлхүүрийг Цэдэнбал даргад үлдээсэн гэж комиссарууд нь дурссан байдаг.
"Хагалгаа хийлгэхийнхээ өмнөхөн намайг уулзахад Зөвлөлтийн чадалтай эмч нар хагалгаа хийх юм чинь мэс засал амжилттай болж таарна. Хагалгааны дараа чамайг дуудаж уулзъя гэж байсан хүн хагалгааны дараа хэдхэн цагийн дотор л бурхан болсон доо. Амьсгал хураахад нь би дэргэд нь байсан, үнэхээр харамсалтай байсан” гэж Гадаад хэргийн сайдаар олон жил ажилласан Монгол улсын баатар П.Шагдарсүрэн гуай "Монгол Тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр ярьсныг бид бүгдээрээ харсан, сонссон.
1937 онд Кремльд нууц тушаалууд ар араасаа гарч төрийн аллагад хамруулах иргэдийг "Нударган”, "Зөвлөлтийн эсрэг үзэлтнүүд”, "Тройцкистууд", "Шашин, сүм хийдийнхэн” гэхчлэн ангилж байсан бол Монголд энэ хувилбар нь "Гэндэн, Дэмидийн эсэргүү бүлгийнхэн”, "Японы тагнуул”, "Бароны үлдэгдэл буриадууд”, "Лхүмбэ, Ёнзон хамба, Хүүхэн хутагтын хэрэг”, "Порт-Артурын хэрэг” гэхчлэн нэрлэж, төрийн хядлагыг өргөн хүрээгээр өрнүүлжээ.
Энэ их хэлмэгдүүлэлт нь Монголд 1933 онд гарсан "Лхүмбийн хэрэг” гэдгээр анх эхэлсэн байдаг. Жамбын Лхүмбэ нь МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан бөгөөд хэрэгт энэ холбогдсон хүмүүсээс эрүү шүүлт тулган хүчээр гаргуулж авсан мэдүүлгээс үзвэл тэд нарын "Японы даалгавраар ажилладаг байгууллагыг үүсгэн байгуулсан, хувьсгалын эсрэг зэвсэгт бослого гаргахаар бэлтгэж байсан” гэсэн үг өгүүлбэрүүд буй. Энэ бүх мэдүүлэг нь ямар ч нотолгоогүй бөгөөд анх уг хэргийг үүсгэх гол нотлох баримт гэгдэж байсан захиаг бичсэн хүн ч энэ гүтгэлэг байснаа сүүлд нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Лхүмбийн энэ хэрэгт огт гэм зэмгүй 1500 орчим хүнийг холбогдуулсан ба тэдний ихэнхэд буудан алах болон 10-20 жил хорих зэрэг ял оноосон байна. Энэ олон хүнийг нойр хоолгүй жижүүрлэн байцаах, зодох, айлган сүрдүүлэх, хуурч мэхлэх, аргадах зэргээр хэрэг тулган хүлээлгэж, таслан шийтгэх ажиллагааг нь шүүх байгууллагын ямар ч оролцоогүйгээр гүйцэтгэжээ.
1934 онд Сталин Ерөнхий сайд асан П.Гэндэнг Москвад хүлээн авч уулзахдаа: "Танайд улсын дотор улс байгаа байдалтай байна. Нэг нь Гэндэнгийн засгийн газар, нөгөө нь лам нарынх. Гэхдээ лам нарын засгийн газар нь хүчтэй байна. Тэдэнтэй шургуу тэмцэх хэрэгтэй. Гэндэнгийн засгийн газар лам нарынхаас хүчтэй байхын тулд тэднийг өөрийн хатуу гарт авах хэрэгтэй" гэх зэргээр шуудхан аллага үйлдэхийг тулгаж байж. Үүнтэй нь санал нийлээгүй Гэндэнг албан тушаалаас нь гэнэт буулгасны дараахан нь түүнийг гэр бүлийнхэнтэй нь хамт Крымд амарч сувилуулах нэрээр цөлж байгаад "Баяжигтун" хэмээх лоозон гаргасан "Баруунтан” хэмээн цоллож, 1937 онд буудан хороосон билээ.
.jpg)
Маршал Х.Чойбалсанг Сталины үүрэг даалгаврын дагуу энэ өндөр албан тушаалд томилогдон Сталины шууд тулгалт заавраар олон арван мянган гэм зэмгүй хүний амь насыг хороосон нь Монголын түүхэнд томоохон хар толбо болон үлдсэнийг бид сайн мэдэх билээ. Айл гэр бүрт хагацал харууслын ул мөр үлдээсэн хар дарсан зүүд мэт аймшигт "37 он” ингэж эхэлж, алуулсан хүмүүсийн дийлэнх нь лам нар байв. Мөрдөн байцаагчид лам нараас "Хэн хэнийг таних вэ” мэтээр цөөхөн хэдэн асуулт асуудаг. Баригдагсад өөрсдийн таньдаг лам нарын нэрсийг хэлэхэд тэднийг нь эсэргүү бүлгийн гишүүд болгож бичээд арай ахмад дэв цолтойг нь толгойлогч болгон "томилоод” ихэнх нь бичиг үсэгггүй тэний гарынх нь хээг даруулангаа шууд л хээр аваачаад буудчихдаг байж. Аавын минь авга болох Ханхөхийн хийдийн Гэжээбал, Ёндон хамба нарыг энэ хэрэгт хэлмэгдүүлж, тэр үеийн "ногоон малгайтнууд” иймэрхүү маягаар цааш нь харуулсан даа.
Х.Чойбалсангийн жинхэнэ нэрийг нь Дугар гэдэг бөгөөд 1895 оны 2 сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймагт малчин эмэгтэй Хорлоогийн гурав дахь хүү болон төржээ. Түүний эцэг Жамц нь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байж. Гэвч нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас түүнийг байнга элдэв үгээр дайрч доромжилж, хавчиж гадуурхдаг байсан учир Хорлоотойгоо гэр бүл болж чадалгүй эргээд нутаг буцжээ. Харин Хорлоогоо төрсний дараа буцаж ирэнгээ, хүүдээ Дугар гэдэг нэр өгч, хэсэг хугацаанд хамтдаа амьдарч байснаа буцаж эх нутаг руугаа яваад, эргэж ирэлгүй тэндээ өөд болсон гэлцдэг.
Гүндэгмаа гуайг "Маршалыг насан эцэслэтэл нь асарч бөөцийлсөн, түүний түшигтэй сайн хань байсан гэж” манай нутгийн партизан Цэдэндамбаа гуайн эхнэр Мөнхбаяр гэдэг хүн байнга дурсдаг байлаа. Чойбалсангийнх Нэргүй, Сувдаа хэмээх өргөмөл хүү, охин хоёртой байсан ба хожим дүрийг нь "Дайсны цэргүүд сонсоцгоо” кинонд амилуулсан, аавтайгаа усан дусал шиг адилхан Нэргүйг төрсөн хүү нь байсан гэлцдэг юм билээ.
Маршал нилээд согтсон үедээ Алтан-Өлгийд байсан Д.Сүхбаатар, хичээнгүй сайд Б.Цэрэндорж нарын шарилын өмнө очиж өвдөг сөхрөн аврал эрэн үгэлж орь дуу тавин уйлдаг байсан талаар Юндэн гэгч туслах нь ойр дотныхоо хүнд дурсан ярьсан байдаг.
Маршал өөрийн биеэр баруун хязгаараар явж, нүүдэлчин Казак иргэдэд нутаг олгон 1940 онд Баян-Өлгий аймгийг анх байгуулж байсан хүн. Тэр үеэр Монгол Хятадын хил хавьд амьдарч байсан Казах иргэдийн омгийн удирдагч Оспанд ихээхэн хэмжээний буу зэвсэг нийлүүлчихсэн чинь өнөөх нь харин "Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр 1947 онд манай баруун хязгаар руу Шинжааны талаас эргээд уулгалан дайрч байсан түүх үнэн. Тэднээс хамгаалан тулалдаж байгаад амь үрэгдсэн Тэгшээ, Даваадорж, Гиваан гээд найман баатар эрсийн мөнхөд нойрсож байгаа. Ардын уран зохиолч П.Бадарч гуайн "Байтаг богдын чулуун уул Байлдаан болсон халуун уул Дайчин эрсийн хатыг шалгасан Дархан хилийн харуул уул” гэсэн шүлэг ч буй.
Маршал Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байсан баримтууд олон буй. Сталины мэндэлсний 70 жилийн ойн их ёслолын арга хэмжээнд зүүн Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж түүнд үнэнчээ харуулах үед Чойбалсан урилгаас нь татгалзсан мөн Их Тэнгэрт болсон нэгэн хүлээн авалтын үеэр Тувагийн тэргүүн Солчак Токаг өөрсдийнхөө араас дагаар орохыг ятгасан үг хэлэхэд нь тэрээр ихэд уурсан унатал нь алгадсан гэдэг яриа буй.
Нэг удаа Чойбалсан Улаанбаатараас Ховд орж явснаа гэнэт замаа өөрчилж, аяллын төлөвлөгөөг эвдэн цуварсан олон тэргийг Увс аймгийн Давст сум руу дагуулан давхижээ. Тэнд Бал дарга ээжийндээ амарч байж. Ээжид нь мөнгөн аягатай хадаг сүү барин "Би МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргыг төрүүлсэн гавьяатай эх Заяа танд баяр хүргэхээр алс хол замыг туулж, танай Дөрвөд нутагт ирлээ. Та бол улс эх орондоо үнэхээр хэрэгтэй хүү төрүүлжээ. Эх хүн болгон Намын Төв Хорооны даргыг төрүүлээд байдаг юм бишээ. МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бол надаас том хүн шүү дээ. Би танай хүү Цэдэнбалыг нилээд хэдэн жилийн өмнөөс судалж байсан. Орос улсын Эрхүү хотноо сурч байх үеэс нь таньдаг байсан. Цэдэнбал үнэхээр ухаантай, эрдмийг шамдан сурсан шинэ хүчин учраас Сангийн яамны сайдаар тавиад ажил дээр нь бас анхаарч судлав. Цэдэнбал хийсэн ажилдаа нягт нямбай, эзэн болдогоороо онцлогтой. Зав чөлөө бүхнийг ном уншихад зориулж, мэдлэгээ ямагт дээшлүүлж байдаг. Зан аашаар тогтуун томоотой. Монгол улсад эрдэм мэдлэгтэй хүн хэрэгтэй. Цэдэнбал бол Монгол улсаа хөгжүүлэхэд үнэхээр тус болж чадах хүн. Ийм хүү төрүүлж өсгөсөн танд баярлалаа” гэж хэлж байжээ”.
Монголын нийгэмд ноцтой сөрөг үр дагавар авчирсан бурангуй олон үйл явдалтай тэрээр шууд холбоотой боловч эцсийн эцэст Монгол улсын тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэж, буян нүглийг дэнслэх амаргүй хувь заяа маршал Чойбалсанд ногдсон юм. Чухамхүү өнгөрсөн түүхийн хатуухан сургамж гэж энэ буюу.Төрийнхөө тусгаар тогтнолыг Сталинаар хүлээн зөвшөөрүүлж, Монгол орныхоо түүхийн эрээн барааныг ой ухаандаа нууцлан хадгалсан маршал Х.Чойбалсан Маршал Жуковын хамт мөр зэрэгцэн Япончуудтай тулалдаж, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол цэргүүдээ удирдан оролцож, их ялалтыг авчралцсаныг бидний хойч үе мөнхөд санаж явах үүрэгтэй.
Маршалыг 1952 онд гэнэт нас барахад нь Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю. Цэдэнбал төрсөн эцэг шигээ хүндэтгэн хайрлаж явсан түүндээ сүүлчийн хүндэтгэл үзүүлэхээр Москваг зорьжээ. Маршалын шарилыг ачсан галт тэрэг Орос орны нутгаар Монгол руу буцахад зам дагуу Ижил мөрний хавь, Урал, Сибирийн өртөөнүүд дээр цуглаан хийж хотуудын төлөөлөгчид цэцэг өргөж байжээ.
Маршалыг "Монголд их хэлмэгдлийг зохион байгуулсан”, "Нэг хүнийг тахин шүтэх” үзлийг хэрэгжүүлсэн хэмээн буруутгаж, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг Төрийн шагнал болгон өөрчлөх, Богдхан уулыг Маршалын нэрээр нэрлэж байсныг нь болиулах арга хэмжээ авсандаа ханахгүй бүр бүх гавьяа шагналыг хураах, МУИС-ийн өмнө босгосон хөшөөг нь хүртэл буулгах гэж Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн дарга нар зүтгэхэд нь "Би Сталины хөшөөг буулга гэж Хрушевыг янз бүрээр шахахад нь тас хөндлөн зогссон. Та нар наадах үзэл санаагаа одоохон толгойноосоо авч хая” гэж уурсан зандраад огт хөдлөөгүй гэдэг юм билээ.
Маршал Х.Чойбалсангийн хойч үеийн бидэнд захин үлдээсэн хатуу гэрээслэл бол "Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэсэн үгийг өнөөдөр хүн бүр санаж явууштай. Маш их үнээр олдсон Монголчууд бидний тусгаар тогтнолын ач холбогдол асар өндөр юм шүү.
Ш.Пүрэвсүрэн

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32012
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих