Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ өнөөдөр /2020.02.17/ коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийсэн.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал гамшгаас хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 462 төлөвлөгөөнд тодотгол хийлээ. Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Шаардлагатай бол орон нутгийн замын хөдөлгөөнийг хааж магадгүй. Гэхдээ шийдвэр гараагүй. Малчин иргэд маань цагаан сараа тэмдэглэхээр байгаа. Тийм учраас аймаг, орон нутгийн онцгой комисс сумуудад хөл хорио хязгаарлалт хийх хэрэгтэй байгаа” гэлээ.
Мөн тэрбээр "Нийслэл болон 21 аймгийн Засаг, захиргаа хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 546 ангийг бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гарсантай холбоотой 68 телевизээр гарч байсан цагаан сарын зар сурталчилгааг зогсоосон. Цагаан сарын үзэсгэлэн худалдааг 100 хувь зогсоосон. "Сайн малчин” шагнал гардуулах арга хэмжээг түр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй. 21 аймаг, нийслэлийн 1100 гаруй ААН-д үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон байна. Эрсдлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллагууд дөрвөн удаа хийгээд байсан. Тиймээс тав дахь удаагийн үнэлгээг салбар дундын байдлаар шинэчилсэн аргаар долоо хоног тутам хийхээр болсон” гэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих