Улстөрийн намуудын дотоод “зодоон” эхэлж, зарим нь бүр хэтэвчнийхээ хэмжээгээр өрсөлдөөн нь ширүүсч эхлэв. Үүнээсээ улбаалаад зарим нь ч бүр УИХ-ын сонгуульд өрсөлдөх бус уралдаж шоронд орохоор зүтгээд байна уу ч гэж гайхахад хүргэв. Тодруулбал, АН-ынхан нэр дэвшигчдээсээ “нэхсэн” хандиваа нэмээд эхэлсэн гэнэ. Уг нь Ардчилсан намын ҮБХ-ны шийдвэрээр нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн хандив авахаар зарласан. Үүнийг нь улстөрд алхаж, парламентад гүйхийг горилогчид нь зөвшөөрч, аль хэдийн мөнгөө тушаачихсан. Гэтэл энэхүү шийдвэр нь өөрчлөгдөж, үнийн дүн нь нэмэгдэж 180-387 орчим сая төгрөгийн хооронд болжээ. Сүүлд өөрчлөгдсөн журмаар бол Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Аудитын байгууллагаас тооцоолсон нэг хүний зардлын дээд хэмжээний 50 хувиар тооцож намдаа хураамж төлөх гэнэ. Үндэсний аудитын газраас 2020 оны сонгуулийн зардлын дээд хэмжээг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.2 дугаар зүйлд заасны дагуу тухайн газар нутгийн байршил, өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, сонгогчдын тоо зэргийг харгалзан тогтоосон байдаг. Тус газрын мэдээлснээр 2020 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг нам эвсэл тус бүр 5.8 тэрбум, нэг нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 360-775 сая төгрөгөөр тооцсон. Тэгэхлээр, зардал өндөртэй тойрогт нэр дэвшихээр бол их л мөнгө намдаа өгөх хэрэгтэй гэсэн үг.
Жишээлбэл, Говь-Алтай аймагт нэр дэвшигч Аудитын байгууллагаас гаргасан дундаж зардал буюу 360 сая төгрөгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 180 сая төгрөгийг намдаа тушаахаас гадна сонгуульд зарцуулах мөнгөө өөрөө гаргах бол Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч 718 саяын 50 хувь болох 359 сая төгрөгийг нэмэх шаардлагатай болж байна гэсэн үг. Ихийг хаяж энэ улстөрд зүтгэхийн цаана иргэдийн эрх ашгийн төлөөх сэтгэл байна уу, их хэмжээний хандивын мөнгөө өсгөж, үржүүлэх зорилт байна уу.
АН-ын эрхэм дарга С.Эрдэнэ "Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуульд намын гишүүдээсээ татвар авч болохыг хуульчилсан байгаа. Манай намын дүрэмд ч харшлах зүйл үгүй. Ер нь тэгээд үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал" гэж хэлсэн удаатай. Нэгэнт харшлахгүй гэсэн шиг ийн “үнийн дүнгээ” өсгөх нь нэр цэвэр улстөрч АН-аас сонгогдох магадлалыг үгүй хийж байгаа хэрэг бус гэж үү. Анх 100 саяын хандивын талаар яригдахад л хэмжээ нь хэт их байна гэгдэж, бүсгүйчүүдээ 60 сая төгрөг өгнө биз хэмээн “найрсаг” хандаж байсан нь саяхан. Харин өдгөө гэнэт их мөнгө нэхэж байгаа нь “шархаа” парламентад тангараг өргөөд олж аваарай гэсэн утгыг ч илэрхийлээд байх шиг ээ. Ингэхэд С.Эрдэнэ дарга энэ удаа намын гишүүдтэйгээ төрд залрах гээд байна уу төмөр торны цаана суух гээд байна уу.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих