“Браво” гэж алга ташмаар байна. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, дээр доргүй цар тахалтай тэмцэх гэж аргаа барж байхад амны хаалтгүй явж байгаа нөхдүүдийг харахаар бүр уур унтуу хүрээд хар аяндаа л хялалзаж цэхэлзээд зарим үед бүр цохиод авмаар санагдаж байв. Цохиулах дөхсөнүүд нь бол "хүүхдээ дагуулчхаад маскгүй хэрнээ бохь зажилж, тамхи салаавчилсан" нөхдүүд л дээ.
Тэгтэл харин төр засаг, мэргэжлийн байгууллагуудаас овоо зэгсэн шийдвэр гаргаж бүр хуулийн зүйл заалтаар торгох, цаашлаад удаа дараа ийм зөрчил гаргаж байгаа нөхдүүдийг “Санаатайгаар...” гэх үндэслэлээр хатуухан шийтгэхээр болж. Ёстой “браво” байлгүй яах вэ. Хяналт байж гэмээнэ халдвар тархахгүй шүү дээ. Тиймээс хяналтыг бүр ч сайжруулах хэрэгтэй.
Бас нэг таатай мэдээлэл бол Цагдаагийн албаны олон нийтийн 180 цагдаа хүрээгээ тэлж 1700-гуулаа болсон явдал. Цахимаар сургалтанд хамрагдаж шалгалтаа өгч тэнцсэн тэд маскгүй яваа иргэд, тамхины цэгт 2-оос дээш тоогоор цугларсан хүмүүст хариуцлага тооцох эрхтэй болцгоосон л доо.
Хэдийгээр дотоодоосоо халдварласан тохиолдол байхгүй ч зөөвөрлөгдөн ирсээр 30-уулаа болчхоод байгаа коронавирус хяналт, хамгаалалт султай, зөв дадал хэвшилд суралцаагүй нөхдүүдийг онилдог гэж байгаа.
Анх энэ өвчний шинж тэмдэг илэрмэгц Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1 дүгээр сарын 31-нд дэлхийн улс орнуудыг даруйхан арга хэмжээ авч, хил хязгаараа хаахыг зөвлөхөд үл тоосноос үүдэн ийм байдалд хүрээд байгааг ч бас дуулгах хэрэгтэй байх. Тухайн үед хяналтаа чангатгасан бол халдварын тоог барьж чадах байсан нь ойлгомжтой.
Зөвхөн манай улс ч бус дэлхийн бүх улс оронд маскнаас салахгүй байх тухай сэрэмжлүүлэг, зөвлөгөөг өдөр бүр хүргэж, аян хүртэл уриалж зохион байгуулаад байхад амны хаалтгүй яваа хүмүүс “Надад халдаач, корона”, “Намайг, миний ойр тойрны хүмүүсийг өвтгөөд өгөөч” гэж буйтай агаар нэг ойлгогдож буй юм. Иймд дарга, цэрэг, даамал гэлтгүй бүгдээрээ хяналтаа сайжруулж хайртай бүхнээ халдварт өртөхөөс сэргийлье. Хэний ч хяналт, сэрэмж сайн байвал халдвараас хамгаалж чадна. Бас торгуулахгүйн тулд ёстой маскаа заавал зүүнэ. Браво, браво.
С.Туул
Эх сурвалж: erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих