Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду өөрийн цомын тавиуртаа зай гаргах хэрэгтэй боллоо. Учир нь өчигдөр АНЭУ-ын нийслэл Дубай хотноо болсон дэлхийн хөлбөмбөгийн шилдгүүдэд шагнал гардуулах “Globe Soccer” ёслолын үеэр түүнийг “Оны шилдэг хөлбөмбөгчин”-өөр тодруулсан байна.
Тэрбээр ес дэх удаагаа “Оны шилдэг хөлбөмбөгчин”-өөр тодорч байгаа нь энэ юм. “Реал Мадрид” баг тавдугаар сард Аваргуудын лигт түрүүлэх, Францад энэ зун болсон “Евро-2016”-д Португалын шигшээ баг түрүүлэхэд тэрбээр чухал хувь нэмэр оруулсан билээ.
К.Роналду хэлэхдээ “би маш их баяртай байна. Энэ он миний хувьд ч, манай багийн хувьд ч гайхамшигтай жил байлаа. Ирэх онд ч мөн адил ололт амжилтаар дүүрэн байхын төлөө би хичээх болно. Бүх зүйл тийм амар хялбар байхгүй нь мэдээж. Гэхдээ боломжгүй зүйл гэж үгүй. Жил бүр л надад сорилт тулгардаг. Би чадах бүхнээ хийж, өөрийгөө дайчлах болно” гэлээ.
Өдгөө 31 настай Роналду ФИФА-гаас шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналын дөрөв дэх удаагаа тодорсон билээ.
Харин “Реал Мадрид” клуб “Оны шилдэг баг”-аар, Португалын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Фернандо Сантос “Оны шилдэг дасгалжуулагч”-аар шалгарсан байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих