Монгол Улсын Зэрлэг ан амьтан судлах, хамгаалах төв ТББ болон Их Британийн Шувуу судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн хамтарсан баг “Cuculus canorus” буюу эгэл хөхөө шувууны нүүдлийг өнгөрсөн намраас судалж эхэлсэн байна. Эрдэмтэд хөхөө шувууны нүүдлийг ажиглах зорилгоор дөрвөн эгэл хөхөө, нэг дорно дахины хөхөө шувуунд өнгөрөгч долдугаар сард хиймэл дагуулын байршил илрүүлэгч суулгасан аж. Судлаачид дөрвөн эгэл хөхөө шувуунд төрсөн газрынх нь нэрээр Намжаа, Баян, Онон, Хурх гэх нэр өгсөн бол дорно дахины хөхөөнд Нүүдэлчин гэх нэр өгсөн байна.
Шувууд өнгөрөгч намар эх нутгаа орхин Африк тивийн өмнөд хэсэг рүү 12000 километр нүүдэллэсэн байна. Дөрвөн эгэл хөхөө шувуунаас ердөө Баян, Онон, Намжаа гэх нэртэй гурван шувуу Африкт эсэн мэнд очсон байна. Онон Замби улсад өвөлжсөн бол Баян Африк тивийн ноён оргил болох Килиманжаро уулын ойролцоо Танзани улсад өвөлжсөн байна. Харин Намжаа өнгөрөгч нэгдүгээр сард Танзани улсад байсан ч хоёрдугаар сард түүнээс холбоо тасарчээ. Хурхын дохио өнгөрөгч аравдугаар сард Хятадын Юунан мужийн ойролцоо тасарсан бол Нүүдэлчний дохио мөн өнгөрөгч аравдугаар сард Хятадын Хубэй муж орчимд тасарчээ.
Ононгийн сүүлийн аялал
Эрдэмтэд цахим орчинд шувуудын нүүдлийг тогтмол мэдээлж байсан юм. Онон өнгөрөгч гуравдугаар сарын 20-нд эх нутагтаа буцах нүүдлээ эхлүүлсэн бөгөөд Энэтхэгийн далайг хэдэн мянган километр огт зогсолтгүй нисэж туулсан байна. Кени, Саудын Араб, Бангладеш зэрэг орнуудын газар нутгийг дайран нисэхдээ дунджаар 60 километр цагийн хурдтай нисэж байсан болохыг эрдэмтэд тогтоосон юм. Ийнхүү тэрээр өчигдөр буюу тавдугаар сарын 26-нд БНХАУ-ын Шаньси мужаар дайрч Монголын урд хилээр эх орондоо хүрэлцэн ирсэн байна. Онон бүтэн аяллынхаа турш нийт 25000 гаруй километр зам туулж 16 улсын нутаг дэвсгэр дайран ниссэний эцэст таван шувууны дотроос ганцаараа эх орондоо эсэн мэнд буцаж ирсэн юм. Судлаачид түүний энэхүү аяллыг бүх төрөл зүйлийн нүүдлийн шувууд дотроос хамгийн хол зайд нүүдэллэсэн рекорд амжилт гэж тэмдэглэсэн байна.
Баянгийн ирэх-буцах аялал
Харин Баянгийн хувьд өнгөрөгч тавдугаар сарын 12-нд БНХАУ-ын Юунан мужийн ойролцоо холбоо тасарчээ. Эрдэмтэд түүнийг ядарч туйлдсанаасаа болж нас барсан эсвэл хүнсний зориулалтаар агнагдсан гэж үзэж байгаа аж. Учир нь Баян холбоо тасрахаасаа өмнө сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 10000 орчим километр туулаад байжээ. Баян өнгөрөгч намар төрсөн нутгаа орхисноосоо хойш нийт 24000 гаруй километр аялсан юм. Их Британийн Шувуу судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Крис Хьюсон энэ талаар Английн “BBC” телевизэд ярихдаа “Шувууд Энэтхэгийн далайг гатлах зэрэг амь өрссөн, урт аяллыг эсэн мэнд давахын тулд хоол хүнс сайтай газар өвөлжиж, цаг агаарын тохиромжтой, салхины таатай нөхцөлд буцах зүг чигээ олох нь хамгийн чухал. Гэвч шувууд нүүдэллэх үед бусад махчин шувуудын дайралт, далайн шуурга, хоол хүнс олдохгүй байх зэргээс гадна хулгайн анчдын аюул хаа сайгүй отож байдаг” гэсэн байна.
Шувуудын аяллын тэмдэглэлтэй танилцах.
О.Мөнхбат
Эх сурвалж: The Mongolian Cuckoo Project, Beijing Birding, BBC
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих