Энэ сарын 15-ны өдөр 19.00 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг "Тосон уул" гэдэг газарт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ газар нь аймгийн төвөөс 232 км-т, Матад сумын төвөөс 84 км-т оршдог. Ямар нэгэн хохирол учраагүй, чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Дэлхий нийтэд тектоник гаралтай газар хөдлөл элбэг тохиолддог бөгөөд дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтанд орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагаралын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна.
2020 он гарсаар манай улсын хэмжээнд, Дорнод аймгийн Матад сумын нутаг буюу газрын тосны талбайн орчимд нийтдээ 100 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Харин үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт дээрх тохиолдолтой нийлээд тав дахь удаагаа давтагдаж байгаа юм. Өнгөрсөн сарын 04-ний өдрийн 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь тус бүсэд ажиглагдсан хамгийн хүчтэйд тооцогдож байна.
Хүнд мэдрэгдэх гэдэг нь хүчтэйвтэр, өөрөөр хэлбэл суурин газар болон голомтын орчимд байгаа ард иргэдэд мэдрэгдэх хэмжээтэй чичирхийлэл үүсгэснийг хэлдэг аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих