Ковидгүй зун, үзэгчтэй наадам, 1024 бөх барилдуулна гэж төсөөлж байгаа ч үнэндээ энэ жилийн наадамд бөхчүүд гарч ирж барилдахгүй байж мэдэх хүртлээ нөхцөл байдал хүндэрснийг хэлэхэд таагүй байна. Монгол наадамдаа бөхчүүд барилдахгүй гэж хэлэх ийм эмгэнэлт зураглал дэргэд иржээ.
Хэдхэн хоногийн өмнө, тодруулбал тавдугаар сарын 15-нд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал болсон. Энэ хуралд ирэх ёстой 67 гишүүний 46 нь оролцсон ба тэдний дийлэнх нь "Хэрвээ үндэсний бөхийн хүрээнд өрнөөд байгаа маргаантай асуудалд төрийн болон Баяр наадам зохион байгуулах хороо хариуцлагатай хандаж, тэдний тавьсан саналуудыг эргэж харахгүй бол бөхчүүд нийслэлийн Прокурорын газар болон Авлигатай тэмцэх газрын үүдэнд жагсаж, улмаар өлсгөлөн зарлах хүртэл тэмцэл хийнэ” гэдэг дээр санал нэгджээ. Хэрэв бөхчүүд допингийн эсрэг төлөвлөсөн тэмцлийнхээ дор нэгдвэл энэ жилийн наадам "бөхгүй” болох нь ээ.
"Допингод нэр холбогдсон, бага шийтгэл авсан, одоог хүртэл хариуцлагын асуудал нь маргаантай байгаа "Допингтой” зургаан бөх нь тусдаа барилдана биз. Допингийн эсрэг нэгдэж байгаа бусад 1018 бөх тусдаа барилдана” гэх байр суурь ч бөхийн хүрээнээс сонсогдож эхэллээ. Сүүлийн хоёр жил дараалан аварга, арслан цолтой бөхчүүд допингийн шинжилгээнд бүдэрсэн нь монгол бөхийг үзэгчдээс холдуулж, нэр хүндийг нь унагаж байгаа нь үнэн. Үүнийг давж гарахын тулд Бөхийн холбоо, бөхчүүд өөрсдөд байгаа боломжийнхоо хүрээнд тэмцэж, хэлж ярьж эхэлсэн ч үндэсний бөхөд хүсэн хүлээсэн шинэчлэл хийхэд хөндлөнгийн нөлөөллүүд саад болсоор байна.
Тиймээс бөхчүүдийг нэгтгэсэн Үндэсний бөхийн холбоо эцсийн сануулгыг өгч, холбогдох газруудад гурван ч асуудлаар шаардлага хүргүүлээд байна.
МҮБХ болон бөхчүүдээс тавьж буй ГУРВАН ШААРДЛАГА
НЭГ: Э.ОЮУНБОЛДЫН ЦОЛЫГ ХУРААЖ, УНАСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ ОЛГОХ
МҮБХ Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны наадмын асуудлаар хандаад байна. 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн "Зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичигт "МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналын дагуу энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна. Удахгүй болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо "2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (Тухайн үеийн цолоор) начин цол олгох санал гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих” саналыг танд 2019 оны аравдугаар сард хүргүүлсэн. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал, хуваагдал гарч, сүүлийн гурван жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 30-р зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдгийн хувьд допингийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Жич: 2020.11.02-нд болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Э.Оюунболдын гомдлыг хэлэлцсэн. Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэх асуудлаарх анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс "Аварга цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасан, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргаж байсан ба Э.Оюунболд энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй хэмээн Улсын дээд шүүхэд хандсан юм. Үүний дараа Улсын Дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор шийдвэрлэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан саналыг Дээд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр эцэслэгдсэн. 2019 оны наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр болон шүүх хурлаар тогтоогдсон Э.Оюунболд ийн барилдах эрхээ хасуулаагүй ч аварга цолоо хураалгах болсон ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн барилдаанд зодоглоогүй, шүүхийн шийдвэрийн дагуу түүний цолыг ч хураагаагүй байгаа. Хуулиараа бол Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооноос дээрх нөхцөл байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, Ерөнхийлөгч цол хураах, цол нөхөж олгох зарлиг гарган, асуудлыг эцэслэдэг. Гэсэн ч 2019 оны наадамд эцсийн цэг хатгасан Ерөнхийлөгчийн зарлиг хоёр дахь жилдээ хүлээгдэж байна.
ХОЁР: Н.БАТСУУРЬ, Р.ПҮРЭВДАВГА, Б.БАТ-ОРШИХ НАРТ ОНООСОН ШУДАРГА БУС ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРАХ
2020 оны наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон ч бусад бөхчүүдтэй харьцуулахад хугацааны хувьд бага шийтгэлтэй үлдсэн Улсын аварга, Н.Батсуурь, Улсын арслан Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарт хамаарах шийдвэрээ эргэн харж, дахин хуралдахыг хүссэн албан бичгийг МҮБХ 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржид хүргүүллээ.
Албан бичигт "Үндэсний бөхийн салбар хороо 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр хуралдан, 2020 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан Н.Батсуурь, Р.Пүрэвдавга, Б.Бат-Орших нарын асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар тэдний барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэр гаргасан. Энэ нь МҮБХ-ны 2017 онд баталсан Допингийн эсрэг журмыг зөрчсөн, мөн өмнөх жилүүдэд ажиллаж байсан Бөхийн салбар хорооны 2018, 2019 онд допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд оногдуулж байсан хариуцлагаас ухарсан, шударга бус шийдвэр болсон. Дээрх шийдвэр нь монгол бөхөд маш их хор нөлөөтэй шийдвэр гэдгийг та бид сайн мэдэж байгаа. Тиймээс олонхийн саналаар шийдвэрлэсэн гэх шийдвэрээ эргэн харж, шударга шийдвэр гаргахаар салбар хороогоо хуралдуулахыг хүсье.
Хэрэв дээрх гаргасан шийдвэрээ өөрчлөхгүйгээр Баяр наадмын Зохион байгуулах хороогоор хэлэлцүүлэн, бөхчүүд, тамирчдын шударга, тэгш байдал, үндэсний бөх, спортын мөн чанарыг үгүйсгэсэн шийдвэрийг эцэслэн батлуулвал Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадмыг зохион байгуулахад нэн хүндрэлтэй байдал үүсэхээр байна.
Бөхийн салбар хороо 1990 оноос баяр наадмын бөхийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулж ирсэн ба одоо допингийн хэрэг нийт бөхчүүдэд хамааралтай эмзэг асуудал болж байгаа тул таны даргалж байгаа салбар хороо хариуцлагатай цаг үед ажиллаж байгааг анхааран, шударга шийдвэр гаргахыг хичээн ажиллана уу” гэжээ.
Жич: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарт 11 сарын хугацаагаар барилдах эрхийг нь хасаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдах боломж олгохоор зохицуулсан тул тэдний барилдах эрх энэ зургаадугаар сард сэргэнэ. Баяр наадмын тухай хуулийн дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах, цол, чимгийг нь хураах зэргээр хариуцлага тооцдог.
ГУРАВ: ДОПИНГИЙН НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРГАСАН 38 БӨХИЙН НЭРСИЙГ ЗАРЛАЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ
МҮБХ мөн Авлигатай тэмцэх газарт хяналт тавин ажилладаг нийслэлийн Прокурорын газарт гурав дахь удаагаа хандлаа. 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнайд хүргүүлсэн албан бичигт "МҮБХ-ноос 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр болон 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр танай байгууллага руу Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан допингтой холбоотой хэргийн талаар албан бичгээр хандаж байсан. АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр өөрийн байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг мэдээлэхдээ нэр бүхий 38 бөх 2010-2019 онд допингтой холбоотой зөрчлийг гаргасан, түүнд холбогдуулж БТСГ-ын албан тушаалтныг шалгаж байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хэлсэн байдаг. Энэ тухай мэдээлэл авахаар МҮБХ-ноос удаа дараа АТГ-т хандахад "Хэргийг шалгаж байгаа, нууцлалыг хангах үүрэгтэй тул мэдээлэх боломжгүй” гэсэн нэг л хариултыг хуулбарлан, албан бичгээр өгсөөр ирсэн. Танай байгуулагад манай холбооноос 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр дээрх хэргийг АТГ-аас татан авч, хянан үзэхийг хүсэхэд, "АТГ нь 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр тус хэрэгт хохирогч тогтоогдохгүй байгаа тул хэргийг хаасан" гэх хариулт өгсөн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан энэ хэргийг хаасан нь нийгэмд шударга ёс алдагдсаныг илэрхийлж, допингийн ноцтой зөрчил гаргасан 38 бөх бусад бөхчүүдийнхээ олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн асуудал болж байгааг илэрхийлэн, нэр бүхий бөхчүүд эрхээ хамгаалуулахаар МҮБХ-нд хандаад байна. Иймд та дээрх хэргийг сэргээлгэн, дахин хянуулан, зөрчил гаргасан бөхчүүдийн нэрсийг гарган өгвөл, бид хохирогч бөхчүүдийг даруй тогтоон, тэднийг АТГ-т хандуулах нэн ойлгомжтой шийдвэр гарган ажиллах болно” гэжээ.
Жич: Бөхчүүдийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаарх асуудал уг нь бүр 2019 оны аравдугаар сард яригдаж эхэлсэн. Бөхчүүдийн гаргасан гомдолтой холбоотойгоор АТГ-аас Баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага бүхий зарим хүмүүст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар тухайн оны арваннэгдүгээр сард мэдэгдэж байлаа. Энэ нь "Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй” гэх дуулиант мэдэгдэл байсан бөгөөд асуудал ноцтой тийш эргэсэн тул сүүлийн 10 жилийн хугацаан дахь допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн хариу зөрсөн, сольсон эсэх асуудал байгаа үгүйг нягталж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд үргэлжлүүлж байгаа гэдгийг ч зарласан. МҮБХ-ноос нийслэлийн Прокурорт хандаж байгаа асуудал нь энэ юм. Үнэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд бөхчүүдийн шинжилгээний хариуг сольж, хольсон нөхцөл байдлын сэжүүрийг атгасан бол энэ мэдээллийг нийгэмд ил гаргаж, эцсийн бодит үнэн, эзэн холбогдогчийг олж тогтоох ёстой. Маш ноцтой энэ сэжүүрийг хуулийн байгууллагууд яагаад "Эзэн холбогдогчгүй” нэрээр тавьж орхив гэдэг нь өөрөө хардлага, сэрдлэг төрүүлж байна. Төрүүлэхээс ч аргагүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих