ОХУ-д12 настай охиныхоо хичээл дээр зурсан зураг болон сошиал сүлжээнд Украины дайныг шүүмжилсэн агуулгатай зүйл бичсэн шалтгаанаар ганц бие аавыг Оросын эрх баригчид баривчилжээ.Нийслэл Москва хотоос өмнө зүгт 240 км зайтай оршдог Ефремов хэмээх жижиг хотын оршин суугч Алексей Москалёвыг өчигдөр баривчилж, гэрт нь нэгжлэг явуулж, охиныг нь улсын хамгаалалтад шилжүүлсэн тухай өмгөөлөгч нь мэдээлсэн байна. Эцгийнх нь хэрэг шийдэгдтэл, эсвэл өөр асран хамгаалагч гарч ирэх хүртэл охиныг нь улсын хамгаалалтад шилжүүлсэн гэнэ.
Хэрвээ шүүх Москалёвт хорих ял оноовол охиныг өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт шилжүүлэхээр төлөвлөжээ."Ингэвэл төрсөн цагаасаа хойш аавтайгаа амьдарсан охинд том цохилт болно. Тиймээс бид аавыг нь суллуулахын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж өмгөөлөгч Владимир Билиенко хэвлэлд ярьсан байна.Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Москалёвын зургаадугаар ангид сурдаг охин Мария эх оронч үзлийн хичээлд суухаас татгалзаж, хичээл дээрээ Оросын арми Украин айл өрхүүдийг бөмбөгдөж буйг харуулсан хэд хэдэн зураг зурж байжээ.Сургуулийн захиргаа энэ талаар цагдаад мэдэгдсэний дараа охиныг байцааж, хүүхдээ зөв хүмүүжүүлээгүй шалтгаанаар эцгийг нь дарамталж эхэлсэн байна.
Дараа нь Украины Буча хотод үйлдэгдсэн гэмт хэргийн талаар Москалёв сошиал хуудсандаа шүүмжлэн бичсэн нь асуудлыг улам хүндрүүлсэн гэнэ.Тухайн үед түүнийг $300 орчимтой тэнцэх мөнгөөр торгож, Холбооны Мөрдөх Товчооны ажилтнууд эцэг, охин хоёрыг байцааж байжээ."Тэд гурван цаг хагасын турш намайг байцаахдаа охиныг минь салгаж, намайг шоронд суулгахаар сүрдүүлж байсан” гэж Москалёв сүүлд хүний эрхийн байгууллагын төлөөлөгчтэй ярихдаа өчсөн байна."Охиных нь зурсан зураг цагдаа нарын анхаарлыг татсан учраас аавынх нь сошиал хуудсыг хянаж эхэлсэн гэж бид үзэж байна. Москалёвын хэрэг дайныг эсэргүүцэгчдийн дуу хоолойг нухчин дарах үзэгдлийн маш аюултай жишиг болон тогтож магадгүй юм. Бидний цуглуулсан мэдээллээр бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд дайныг эсэргүүцсэн шалтгаанаар 544 хүүхэд баривчлагдсан. Тэднээс долоо нь шийтгүүлээд байна. Дайныг эсэргүүцсэн шалтгаанаар 19 багш ажлаасаа халагдсан” гэж OVD-Info хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Мария Кузнецова ярьжээ.
Одоо үйлчилж буй хуулиар Москалёв гурван жил шоронд хоригдох магадлалтай гэнэ.Одоогоор түүний охиныг асрамжлах хүсэлтээ 10 орчим хүн илэрхийлээд байгаа ажээ. Хэрвээ шүүх зөвшөөрвөл охиныг улсын асрамжийн газарт шилжүүлэлгүй тэдний нэгний асрамжид өгөх төлөвлөгөөтэй байгаагаа өмгөөлөгч Билиенко ярьсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих