Л.Оюун-Эрдэнийн тухайд шүүхийн үйл ажиллагааг зөөлөн хэлэхэд шүүмжилж, шулуухан хэлэхэд байнга довтолж байдаг юм.
Тэр өмнө нь "Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна”, "Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй”, "Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэх мэтээр олон удаа шүүх рүү хандаж үг хэлж байлаа.
Үүнийх нь төлөө ШЕЗ"Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан байж болзошгүй” гээд хэлэлцэж ч байв. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Хятадаас ирээд Хөгжлийн банкны хэргийн шүүхийн шийдвэрийг хэрхэх нь сонин байна. Дуугүй байхгүй нь лав биз.
Яагаад гэхээр Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг хууль хяналтын байгууллага руу явуулсан хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байгаа юм.
Тэрбээр 2022 оны хоёрдугаар сарын 14-нд "Би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2019 оны тавдугаар сард УЕП, АТГ-ын удирдлагуудад Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой илэрсэн зөрчлүүдийг ангилахыг хүссэн бичиг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкны 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралд танилцуулсан. Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж авч үзнэ. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаасаа хойш зорилгоороо ажиллаж чадаагүй. Сан ч юм шиг, арилжааны банк ч юм шиг тодорхойгүй статустай өнөөдрийг хүрлээ. Үүний уршгаар нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон. 2011 оноос хойшх бүх хэргийг Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаасан зүйл ангиар шалгах хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг агуулгаар олон албан тушаалтан мултарч үлдэх асуудал байгаа. Тиймээс зээл авсан биш мөнгө угааж, татвар төлөгчдийн мөнгөнд ноцтой хохирол учруулсан хэмээн үзэж, төрийг хохиролгүй болгох агуулга бүхий бичиг өгснийг Ерөнхий прокурор хүлээж авсан. Зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Үүнийг баялаг бүтээгчдийн эсрэг бус бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг хөгжүүлэх, хувийн хэвшлүүд тэгш байх, Хөгжлийн банк зөв ажилладаг байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хийж байгаа. Яг жагсаалт гаргаж үзвэл, ердөө 15 хүн л Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа. Тиймээс бид Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн дагуу авч үзнэ” гэж байв.
Мөн 2022 оны хоёрдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, ТУЗ-ийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан. Ингээд л Хөгжлимйн банкны хэрэг гээч зүйл мандаж байв.
Улмаар сар гаруйн өмнө Хөгжлийн банкнаас зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлсэн. Тэгэхдээ "Чанаргүй зээлийн эргэн төлөлт 2022 оны нэгдүгээр сараас эхлэн эрчимжсэнээр өнөөдрийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдлээ” гэсэн.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад уржигдар БНХАУ-ын дарга Си Жиньпинд бараалхахдаа хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцан тохиролцсон авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн тухай Засгийн газрын албан ёсны мэдээллийн сайтад бичжээ. Мөн тэр өдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид бараалхаж "Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр БНХАУ-ын хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах, туршлага судлах, мэдээлэл солилцох чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” гэсэн байгаа юм. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи ч "Цаашид хууль тогтоох байгууллага хороондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.
Энэ нь наанаа "Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээллийг хүссэн” гэж ойлгогдож буй. Гэхдээ агуулгаараа "Монгол Улс авлигатайгаа тэмцэж байна” гэдгээ л хэлээд яваа бололтой. Харин шүүх тэр өдөр нь энд шүүхээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон этгээдүүдийн 60 хувийг "Гэм буруугүй” гэсэн шийдвэр гарав. Үүнийг зарим нь "Засгийн газрын довтолгоог шүүх амжилттай хамгааллаа” хэмээн ёгтолж байх юм. Бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадаас авлигачдынхаа талаар мэдээлэл хүсч байхтай давхцаад Монголын шүүх авлигачдаа цагаатгалаа гэсэн "өнцөг”-үүд ч яригдаж байна.
Ө.Бааст

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих