Өнөөдөр байнгын хорооны хуралдаан болоод УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэнэ. Төслийг хаврын чуулган завсарлах болсонтой холбогдуулан өнөөдрийн дотор яаравчлан баталж магадгүй байгаа юм. Гэвч УИХ-ын гишүүн Х.Баттулгын хийсэн нэвтрүүлэгт "автсан” иргэд энэ төслийг эсэргүүцэж байгаа гэх. Нийгэмд талцал авчирсан энэ төсөлд юу гэж заасныг сийрүүлэхэд ийм байна.
1. БНХАУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол-Хятадын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах БНХАУ-ын далайн боомтын тоог тус тус нэмэгдүүлэх. БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох. Тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.
2. БНХАУ-тай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой -Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай” гэжээ. Энэ төслийг "Шударга ёс” эвслийнхэн дэмжих ёстой гэдэгт байр сууриа нэгтгэсэн талаар бүлгийн дарга Н.Батцэрэг өчигдөр мэдэгдсэн бол АН, МАН яах эсэхээ илэрхийлсэнгүй. Гэхдээ АН-ын цөөн хэдэн гишүүнээс бусад нь дэмжиж буйг эх сурвалж мэдээлж байгаа юм.
Д.БОЛОР /ЗУУНЙ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих