
Дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй спортын төрөл хөлбөмбөгийн дүрэм ямар нэг томоохон өөрчлөлт хувиралтгүйгээр өнөөг хүрсэн бол энэ спортын гол "зэвсэг” болох бөмбөг байнга шинэчлэгдэн хувьссаар иржээ. Анхны ширэн бөмбөгийг 1830-аад онд хөлбөмбөгийн эх орон Англид хийж эхэлсэн гэдэг. Аливаад дэг журам баримталдаг нягт нямбай англичууд 1872 онд бөмбөгийн голч 68-70 см, жин 380-420 грамм байна гэж нарийн тогтоосон бөгөөд энэ хэмжээ 1937 он хүртэл өөрчлөгдөөгүй. Харин тэр цагаас бөмбөгийн жин яльгүй нэмэгдэн 410-450 грамм болсон бол голч нь хэвээр үлдсэн юм.
1960-аад он хүртэл бөмбөгийг ширээр хийж, резинэн дотрыг агаараар дүүргэдэг хэсгийг ширэн үдээсээр үддэг байжээ. Ийм бөмбөг бороотой үед өөртөө ус шингээн хүнд болдог нь тоглогчдын ур чадварт муугаар нөлөөлдөг байсан нь мэдээж. Иймээс ч технологийн дэвшлийг даган бөмбөгийг синтетик материалаар хийдэг болсон аж.
Ингээд, хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хэрэглэж байсан бөмбөгүүдийг танилцуулъя.
"Tiento”, "T-Model” (Уругвай, 1930 он)
Анхны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод шалгаран үлдсэн Уругвай, Аргентины шигшээ багууд өөр өөрсдийн бөмбөгөөр тоглоно гэж маргаан дэгдээсний улмаас тоглолт товлосон цагаасаа нэлээд хоцорч эхэлжээ. Эцэст нь хоёр тал зөвшилцөн эхний үеийг Аргентины "Tiento”, хоёрдугаар үеийг Уругвайн "T-Model” загварын бөмбөгөөр тогложээ. Аргентинууд дассан бөмбөгөөрөө тоглон 2:0-ээр давамгайлж эхэлсэн ч хоёрдугаар үед Уругвай өөрийн бөмбөгөөр наадан өрсөлдөгчийнхөө хаалгыг дөрвөн удаа мялааж 4:2-ын харьцаатай хожин дэлхийн анхны аваргаар тодорсон билээ.
"Federale 102” (Итали, 1934 он)
Италид болсон ДАШТ-ий бүх тоглолтод албан ёсны цорын ганц "Federale 102” бөмбөг л "оролцсон”. Арван гурван ширэн хэсгийг нийлүүлэн гар аргаар оёсон энэ бөмбөгийн онцлог нь резин дотрыг хийлдэг тусгай хэсэгтэй болж амсрыг нь хөвөн даавуун үдээстэй болгосонд оршжээ. Ингэснээр хөлбөмбөгчид толгойгоор тоглохдоо элдэв бэртэлт авах нь багассан аж.
"Allen” (Франц, 1938 он)
Энэ тэмцээнд францууд Парисын "Allen” компанид захиалж гар аргаар хийсэн ширэн бөмбөгийг сонгожээ. Өмнөх ДАШТ-ий бөмбөгтэй адил 13 ширэн хэсэгтэй ч хэсэг тус бүрийн өнцгүүд дугуй хэлбэртэй байсан бөгөөд оёос нь амархан задардаггүй болжээ.
"Duplo T” (Бразил, 1950 он)
Бразилд болсон энэ тэмцээнд анх удаа удээсгүй "Duplo T” бөмбөгийг танилцуулжээ. Энэ бөмбөг резинэн дотрыг зүү хэрэглэн насосоор хийлэх нүхтэй болсон бөгөөд тухайн үедээ технологийн том дэвшил болсон гэдэг. Хэдий тийм ч энэ бөмбөгийг мөн л гар аргаар, 12 ширэн хэсгийг нийлүүлэн оёж хийсэн аж. Энэ тэмцээнээс эхлэн ФИФА албан ёсны бөмбөгт таних тэмдэг лого дарахыг зөвшөөрчээ.
"Swiss World Champion” (Швейцар, 1954 он)
Энэ мундилаас эхлэн ФИФА начала бөмбөгний хэмжээ, голч, жинг шалгадаг болжээ. Улбар шөр өнгөтэй "Swiss World Champion” 18 ширэн хэсгээс бүрдсэн анхны бөмбөг болсон юм.
"Top Star” (Швед, 1958 он)
Шведэд болсон ДАШТ-ий "Top Star” бөмбөг 24 ширэн хэсгээс бүрдсэн бөгөөд хүрэн, улбар шар, цагаан гэсэн гурван өнгийн хувилбартай байжээ. Зохион байгуулагчид тэмцээнд оролцохоор шалгарсан бүх багт бэлтгэл сургуулилтаа хийхэд нь зориулж тус бүр 30 бөмбөг өгсөн гэдэг.
"Crack Top Star” (Чили, 1962 он)
Чилийн Кустодио Замора гэгч үйлдвэрлэгчийн 18 ширэн хэсгийг хооронд нь нийлүүлэн оёсон "Crack Top Star” бөмбөг тэмцээний нээлтийн шүүгч Кена Астонагийн шаардлагад нийцээгүй ажээ. Иймд нээлтийн тоглолтын хоёрдугаар үеийг Европоос авчирсан бөмбөгөөр тоглоход хүрчээ. Энэ тэмцээнд Европын багууд албан ёсны бөмбөгийг өөчлөн өөрсдийн авчирсан бөмбөгөөр тоглож байсан гэдэг.
"Challenge 4-star” (Англи. 1966 он)
Хөлбөмбөгийн эх орон Англид болсон ДАШТ-д гадны нөлөөлөлд автан дугариг хэлбэрээ амар алддаггүй 24 ширэн хэсгээс бүрдсэн "Challenge 4-star” бөмбөгийг "Слезинер” компанид мөн л гар аргаар хийжээ.
"Telstar” (Мексик, 1970 он)
ФИФА спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэлээр амжилт олсон ХБНГУ-ын "Адидас” компани илүү дэвшилтэт бөмбөг хийх хүсэлт гаргаснаар хөлбөмбөгийн түүхэнд том дэвшил гарсан гэж үздэг.
Тус компанийн захирал Ади Дасслер дэлхийд хамгийн их эрэлттэй бүх төрлийн бөмбөгийг харьцуулан судлаад хар, цагаан өнгөөр будсан сайн чанарын 32 ширэн хэсгээс бүрдсэн бөмбөгийг үйлдвэрлэлийн аргаар хийж эхэлжээ.
Тэрээр бөмбөгтөө 1962 онд сансарт хөөрсөн Америкийн "Telstar” хиймэл дагуулын нэр өгсөн бөгөөд тэр үеийн хар, цагаан телевизээр сайн харагдах үүднээс ийнхүү цагаан дэвсгэр дээр хар шоотой бөмбөг хийсэн байна. Энэ тэмцээнээс эхлэн бүх ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг "Адидас” компани үйлдвэрлэх болсон юм.
"Telstar Durlast” (ХБНГУ, 1974 он)
Энэ бөмбөг өмнөх ДАШТ-ий бөмбөгийн ус нэвтрэлт эрс багассан хувилбар байв.
"Tango” (Аргентин, 1978 он)
"Tango” нь 12 ижил дугариг харагдуулах 20 гурвалжин хээтэй анхны бөмбөг байлаа. Энэ бөмбөг нь цаг агаарын нөхцөлд илүү тэсвэртэй болж чаджээ.
"Tango Espana” (Испани, 1982 он)
Энэ бөмбөгийг анх удаа шир болон синтетик материал нийлүүлэн үйлдвэрлэжээ. Дээр нь ус нэвчүүлдэггүй полиуретан гадаргуутай болсон байна.
"Azteca” (Мексик, 1986 он)
"Azteca” бол тэр чигтээ синтетик материал ашиглан хийсэн анхны бөмбөг юм.
"Etrusco” (Итали, 1990 он)
Энэ бөмбөг эртний Италийн өвөг этруск нарын хээ бүхий 20 гурвалжин дүрстэй.
"Questra” (США, 1994 он)
"Questra”-гийн дизайн, хэлбэр зэргийг Францад бүтээсэн бөгөөд "оддыг тэмүүлэх” (the quest for the stars) гэсэн англи үгийг товчлон нэрийг нь өгчээ.
"Tricolore” (Франц, 1998 он)
ДАШТ-ий түүхэнд дэх анхны өнгөт энэ бөмбөгийг анх удаа Европт бус Мароккод үйлдвэрлэжээ.
"Fevernova” (Япон, БНСУ, 2002 он)
Гадаргууныхаа дотор тал; синтетик хөөс ашигласан энэ бөмбөгийг ДАШТ-ий түүхэн дэх тааж боломгүй хамгийн хачирхалттай нислэгтэй байсан гэдэг.
"+Teamgeist” (ХБНГУ, 2006 он)
"Багийн уур амьсгал” гэсэн утга бүхий нэртэй энэ бөмбөг 14 синтетик хэсгээс бүрдсэн бөгөөд цохилтыг оновчтой болгох явдлыг эрс дээшлүүлжээ.
"Jabulani” (ӨАБНУ, 2010 он)
Өмнөд Африкийн омгийн хэлнээс хөрвүүлбэл "Баяр цэнгэл” гэсэн утгатай энэ бөмбөгт орчин үеийн термо наалтын технологи ашиглажээ.
"Brazuca” (Бразил, 2014 он)
Анх удаа ДАШТ-ий албан ёсны бөмбөгийн нэрийг хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар сонгожээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих