Бразил хүрэх зам
Испаничууд бол цомыг хамгаалагчид. Европ, Дэлхийн аваргууд маань өнгөрсөн 5 жилийн бүрэлдэхүүн, тоглолтын арга барилдаа нэг их өөрчлөлт оруулалгүй өөрсдийн 2 дах дэлхийн аваргын цомыг хүртэхээр энэ удаагийн тэмцээнд оролцох болно. Тэд энэ эрхээ Европын хамгийн жижиг буюу ердөө 5 багаас бүрдсэн "I” хэсгийг тэргүүлэн олж авсан бөгөөд хэсгийн 8 тоглолтынхоо 6-д нь ялж, 2-т нь тэнцсэн юм.
Испаничууд Европын сонгон шалгаруулалтын үеэр бүсдээ хамгийн бага буюу 3-хан гоолыг алдсан бөгөөд өрсөлдөгчийнхөө хаалганд нийт 14 гоолыг оруулсан байна.
ДАШТ-нд үзүүлсэн амжилтуудаас
2010 онд өөрсдийн анхны Дэлхийн Аваргын цомыг хүртэхээс өмнө Испаничууд "шөвгийн наймын хараал” туссан гэж яригддаг байсан. Учир нь тэд түүхэндээ дөрвөн ч удаа хагас шигшээд орох боломжоо алдаж байсан юм. Мөн цомыг хамгаалагчид маань 14 дэх удаагаа уг тэмцээнд оролцож байгаа бөгөөд "Бразил 2014” тэдний 10 дах дараалсан дэлхийн аваргын тэмцээн нь болох юм.
Хөгжөөн дэмжигчид нь Бразилийг Испаничуудад ээлтэй газар гэж ихэд билэгшээж байгаа. Учир нь хамгийн сүүлд буюу 1950 онд Испаничууд Бразилд ирэхдээ уг тэмцээний хагас шигшээд шалгарч байсан юм.
Түлхүүр тоглогчид
Испаний шигшээ багийн хагас хамгаалалтын шугамыг дэлхийн зэрэглэлийн болгож чаддаг тоглогчид нь ямар ч маргаангүйгээр Шави, Андрес Иньеста, Хави Алонзо нарын шилдгүүд билээ. Гэхдээ мэдээж Испаничуудын амжилт зөвхөн энэ 3 эрхмээр хязгаарлагдахгүй. Эзэн хааны багийн үнэнч албат Сержио Рамос, ямар ч үед аюултай довтолгоо үүсгэж чаддаг Жерар Пике, Жорди Алба нарын сонгодгууд хамгаалалтанд багийн ахлагч, бүх цаг үеийн шилдэг хаалгачдын тоонд зүй ёсоор тооцогддог Икер Касильсынхаа удирдлаган дор тоглох юм.
Харин нөгөө талд Давид Вилья, Фернандо Торрес нарыг формоо олох гэж дэнцэгнэж байхад Педро Испаний довтолгооны шугамыг авч явж чадна гэдгээ удаа дараалан харуулсаар байгаа бөгөөд тэднийг дэмжин тоглохоор Сеск Фабрегас, Альваро Негредо болон Испаний шигшээг сонгосон Бразилын Диего Коста нар гарааны төлөөх ширүүн өрсөлдөөнд нэгдээд байна.
Боломжит гарааны бүрэлдэхүүн
Дасгалжуулагч: Висенте Дель Боске
Луис Арагонэсийн цогцлоосон гэгдэж буй өнөөгийн тики така Испаний шигшээг Дель Боске маш сайн удирдаж байгаа. Үүнийхээ үр дүнд 2010 оны ДАШТ, 2012 оны Европын аваргын түрүүг Испанид авч ирж, 3 том тэмцээнд дараалан түрүүлсэн гэх тодотголыг Испанид авчирсан.
Хэрвээ энэ удаагийн Дэлхийн Аваргад түрүүлэх аваас Дель Боске өөрөө 3 том тэмцээнд багаа удирдаж түрүүлүүлсэн амжилтыг өөрийн нэр дээр бичүүлэх юм.
ТААМАГЛАЖ БУЙ АМЖИЛТ
Өнгөрсөн жилийн Тив хоорондын аварга шалгаруулах тэмцээнд Бразилд 3:0-ээр хожигдсоны улмаас Бразилыг нутагтаа болж буй ДАШТ-д түрүүлнэ гэх мэргэжилтнүүд цөөнгүй болсон.
Гэсэн хэдий ч Испаний шигшээд дуудагдсан залуусын өнгөрөгч улиралд үзүүлсэн тоглолт, амжилт зэргээс харвал хоёр дараалсан дэлхийн аварга болоход тун ойрхон байна. Мөн түүнчлэн Д.Костагийн гэмтэл ДАШТ-ээс өмнө эдгэрвэл хамгийн сул шугам ямар ч асуудалгүй болно.
ФИФА-гийн түүхэнд үзүүлж байсан хамгийн сайн амжилт:
ДАШТ 2010 (Аварга)
20-с доош насны ДАШТ 2009 (Аварга)
Олимпийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 1992 (Аварга)
Түүхэн тоглогчид: Луйс Суарез, Эмилио Бутрагеньо, Фернандо Йерро
gogo.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих