Долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын хооронд Буриадын төрийн гүйцэтгэх байгууллагын эмэгтэйчүүдийн ажлын өдрийг бууруулжээ.
Ингэснээр баасан гаригт богиносгосон цагаар ажиллана. Гэвч дундаж цалингаа хэвээр авах тухай тус бүгд найрамдах улсын тэргүүний хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна.
"Гэр бүл бэхжүүлэх, үр хүүхдээ хүмүүжүүлэх, гэрийн ажлаа хийж гүйцэтгэх мөн зуслангийн аж ахуйд хөдөлмөрлөх зэргийг төрийн ажилтай хослуулахад шаардлагатай нэмэлт нөхцөл бүрдүүлэх” зорилгоор энэ шийдвэрт хүрснийг уг мэдээлэлд дурджээ.
Тус бүгд найрамдах улсын Эдийн засгийн яамнаас гаргасан санааг Буриадын Ерөнхийлөгч В.Наговицин дэмжсэн юм. "Тивиком” телевизэд өгсөн ярилцлагадаа тэрээр энэ бол "шударга арга хэмжээ” хэмээн онцолсон байна.
"Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад бага ажиллах ёстой гэсэн байр суурийг би баримталдаг. Эхлээд нэг цаг хасна, дараа нь хоёр, магадгүй хожим хагас өдөр хүртэл ажлын цагийг бууруулж болох юм. Эмэгтэйчүүдийн нуруун дээр гэрийн олон асуудал байдаг. Тэд голомтоо сахидаг. Ийм үүргийг эрчүүд үүрдэггүй нь харамсалтай” гэжээ.
Эмэгтэйчүүдийн ажиллах цагийг хасах практикийг Кемерово мужид мөн хэрэглэдэг бөгөөд тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хэрэгждэг байна.
GOGO MN

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих