Банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны болон үнэт цаасны компаниудын нийт 21 шинжээчийн дунд 2024 оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 3-ны өдрийн хооронд явуулсан Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааны дүнгээс танилцуулъя.
ИНФЛЯЦ
2024 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотын жилийн инфляц 5.0% болж буурсан. Энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 1.8 нэгж хувиар доогуур гарсан байна. Шинжээчид 2024 оны III улиралд инфляц 6.1%, жилийн дараа 7.0% болно гэж таамаглаж байна.
Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2024 оны III улиралд инфляц 5.0-5.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 34.7%-тай байна. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны III улиралд инфляц 6.0-6.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 29.3% гэж таамаглаж байжээ.
Энэ удаагийн инфляцын таамаглалын үр дүнг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад буурсан хэдий ч цаашид бага зэрэг өсөх хандлагатай байна. Шинжээчид 2024 оны III улирлын инфляцыг өмнөх улирлын судалгаагаар 7.2% гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 6.1% гэж таамаглажээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ
2024 оны эхний хагас жилийн байдлаар бодит ДНБ-ий жилийн өсөлт 5.6% гарсан. Энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 1.4 нэгж хувиар бага гаржээ. Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны III улиралд 5.9%, 2025 оны II улиралд 6.0% гэж таамаглаж байна.
Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл 2024 оны III улиралд 5.0-5.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 30.6% байна. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны III улиралд өсөлт 7.0-7.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 27.2% гэж таамаглаж байжээ.
Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад буурах хандлага ажиглагдаж байна. Шинжээчид 2024 оны III улирлын бодит ДНБ-ий жилийн өсөлтийг өмнөх улирлын судалгаагаар 6.8%-д хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 5.9% байна гэж таамаглажээ.
БОДЛОГЫН ХҮҮ
Шинжээчид төв банкны бодлогын хүүг 2024 оны III улиралд дунджаар 11.0%, хамгийн ихдээ 13.0%, хамгийн багадаа 10.0% гэсэн хүлээлттэй байна. Цаашид бодлогын хүү өнөөгийн түвшнээс бага зэрэг буурч 2025 оны II улиралд 10.7% байна гэж таамаглажээ.
Бодлогын хүүний таамаглалыг тархалтаар нь авч үзвэл шинжээчдийн дийлэнх нь 2024 оны III улиралд бодлогын хүү 11.0% байна гэсэн таамаглалтай байна.
2022 оны эхэн үеэс үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүг аажмаар нэмэгдүүлсээр мөн оны эцэст 13% хүргэсэн бол 2024 оны 3 сараас бодлогын хүүг бууруулж өнөөгийн байдлаар 11%-д хүргээд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 2 улирал дараалан шинжээчдийн таамаглал буурах хандлага ажиглагдлаа.
Өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2024 оны III улирлын бодлогын хүүг 11.1% байна таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар өнөөгийн түвшинд 11.0% хэвээр байна гэж таамаглажээ.
Тодотгоход, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны есдүгээр сарын 10, 13-ны өдрийн ээлжит хурлаараа Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгож шийдвэрлээд байна.
ЗЭЭЛИЙН ХҮҮ
Шинжээчид төгрөгийн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг 2024 оны III улиралд дунджаар 16.2%, хамгийн ихдээ 17.0%, хамгийн багадаа 15.5%-тай байна гэж таамаглажээ. Цаашид зээлийн хүү бага зэрэг буурч 2025 оны II улиралд 16.1% орчим байхаар таамагласан байна.
Зээлийн хүүний таамаглалын тархалтаас харвал 2024 оны III улиралд зээлийн жигнэсэн дундаж хүүг 15.6-16.0% байна гэсэн таамаглал давамгайлжээ. Зээлийн хүүний таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын үр дүнтэй харьцуулан авч үзвэл бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байна. 2024 оны II улиралд шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү бага зэрэг буурсантай холбоотойгоор шинжээчдийн таамаглал мөн буурчээ. Тухайлбал, өмнөх улирлын судалгаагаар шинжээчид 2024 оны III улиралд зээлийн хүүг 16.7% гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 16.2% гарна гэж үзжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих