Дорнод аймгийн Матад сум дахь Газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу” газрын тосны орд нээлтээ хийлээ.
Нээлтэд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд, АҮЭБЯ-ны ГТБХЗХ-ийн дарга Ч.Хишигдалай нар оролцлоо.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар “Цэн тогоруу” газрын тосны ордын нээлтийг нээж үг хэлэхдээ "Өнөөдөр бид Монгол инженер, геологичид, геофизикчид өөрсдөө илрүүлсэн, үндэсний компанийн газрын тос олборлох орд ашиглалтад орж байгаагийн гэрч болж байна" хэмээв. Петроматад ХХК нь 2005 онд байгуулагдаж, 2006 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, 2008 онд Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гарган Олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсан анхны Монгол компани болсныг онцлон тэмдэглэв.
Тус компанийн зүгээс байгуулагдсан цагаасаа эхлэн санаачилгатай, тасралтгүй үйл ажиллагаа явуулсны эцэст энэхүү үр дүнд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Матад ХХ талбайд өнгөрсөн хугацаанд 67 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1800 тууш км-т чичирхийллийн 2 хэмжээст судалгаа, 134 км² талбайд 3 хэмжээст судалгаа, 14 хайгуулын цооногийн өрөмдлөг, туршилтын ажлуудыг гүйцэтгэсний үр дүнд 8.7 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг 2021 онд бүртгүүлсэн байна. Энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцсон "Петроматад" ХХК-ийн удирдлагууд, инженер, технологийн ажилчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
"Петроматад" ХХК-ийн Цэн тогоруу-1 цооногоос 2024 оны туршилтын байдлаар өдөрт 200 баррель газрын тос олборлох төлөвлөгөө гарч, шингэн хагалбарын ажил, цооногийн гадаргуугийн байгууламжийн угсралтын ажлууд хийгдсэн байна.
Газрын тос олборлох бүтээн байгуулалтын үйл ажиллагаа өргөжин тэлснээр, Дорноговь аймагт бүтээн байгуулалтын шатанд явагдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрлэл, технологийн паркийг тосоор хангаж, цаашлаад Монгол Улс дотоодын хэрэгцээнийхээ 55 хувийг өөрсдөө хангахаар төлөвлөж буй юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих