Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Та бидний ярилцлага эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй
давхцаж байна. НАМЭХ энэ өдрийг хэрхэн тэмдэглэдэг талаар яриагаа
эхэлье.
-Юуны өмнө "Монголны үнэн" сонины уншигчдадаа олон улсын эмэгтэйчүүдийн
эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Мөн саяхан манай нам үүсэн
байгуулагдсаныхаа 93 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ ойн мэндийг ч
мөн хүргэе. Намын үндсэн дүрэм, хичээн эрмэлзэх зүйл, нийгмийн
ардчиллын үзэл баримтлалыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь бидний үндсэн
зорилго.
Манай холбоо үндсэндээ хоёр чиглэлд үйл ажиллагаа явуулах мандаттай.
Нэгдүгээрт, намынхаа гишүүн, дэмжигч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог
нэмэгдүүлэх замаар тэдний манлайллыг дээшлүүлэх үндсэн үүрэгтэй.
Нөгөөтэйгүүр монголын нийт эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийн төлөө хийж
болох бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хичээн ажиллах
үүрэгтэй.
Цаашлаад эмэгтэйчүүдэд тугламдсан ямар асуудал байна. Тэдэнд ямар
дэмжлэг төрөөс болон улс төрийн зүгээс хэрэгтэй байна гээд хүн тойрсон
бүхий л асуудалд анхаарал хандуулж, эмэгтэйчүүдийнхээ нөхцөл байдлыг
дээшлүүлэхийн төлөө ажиллах ёстой л доо. Энэ бүхэнд анхаарч чадаж
гэмээнэ бид эмэгтэйчүүдээ баярлуулж чадах юм.
-Таны хувьд холбооны тэргүүнээр сонгогдоод удаагүй байна. Энэ
албанд сонгогдохдоо өөрийн мөрийн хөтелбөрөө тодорхойлсон. Ажил хэрэг
болгох бодит боломж танд бий болчихлоо. Шинэ хүн авсан гэдэг утгаараа
холбооны үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж, өөдлөхийг харж суугаа хүн олон
байгаа байх?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд НАМЭХ-ны ээлжит VI чуулган болж,
тэндээс олон эмэгтэйчүүдийнхээ итгэл хүлээж энэ холбооны ерөнхийлөгчөөр
сонгогдсон. Хоёр cap гаруйн хугацаа өнгөрч байгаа ч гэлээ чамгүй ажил
амжууллаа. Хэчнээн төрийн бус байгууллага ч гэсэн төрийн байгууллага шиг
л өдөр тутмынх нь үйл ажил тогтворжсон, хүрээд ирсэн эмэгтэйчүүдэд үүд
хаалга нь нээлттэй, хийх ажил нь төлөвлөгдсөн байвал тухайн байгууллагын
ажил идэвхтэй тасралтгүй явна гэж боддог.
Тийм учраас юуны түрүүнд шинээр сонгогдсон удирдах зөвлөл маань хоёр ч
удаа хурлаа хийлээ. Энэ хурлуудаар 2014 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг
цогцоор нь хэлэлцэж баталлаа. Цаашлаад төлөвлөгөөний дагуу хийх ажлуудад
шаардагдах төсвөө хэлэлцлээ. Ямар ч байгууллагын өдөр тутмын үйл
ажиллагаа бодитой, ойлгомжтой байх нь маш чухал байдаг.
Тиймээс үйл ажиллагааны үндсэн таван чиглэлээр журмуудыг боловсруулан
хэлэлцэж баталлаа. Үүнд удирдах зөвлөл сард нэг удаа хуралдахдаа юу
хэлэлцэх, цаашлаад бид олон мянган эмэгтэйн дуу хоолой болж ажиллаж
байгаагийн хувьд хэрхэн яаж ажиллах, хуралдаа яаж оролцох гээд бүх
процессийг журамлаж өгсөн.
Нөгөөтэйгүүр энэ холбоо ТББ учраас нам эсвэл төсвөөс санхүүжилт байхгүй
болохоор яаж ажлын албаныхаа хүмүүсийг цалинжуулах вэ гэдгээс өгсүүлээд
холбооныхоо төсөв санхүүг бүрдүүлэх журмаа баталсан. Мөн НАМЭХ-ны
шагнал урамшууллын журам гэж бий.
Өнөөдөр сайн дураараа үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн эмэгтэйчүүд маань
нэг талдаа намдаа туслах үйл ажиллагаа явуулж байгаа боловч нөгөө
талдаа эд нар маань нийгэмд сайн үйл бүтээж байгаа учраас тэднийгээ яаж
урамшуулах вэ гэдгийг тодорхой зохицуулсан журамтай боллоо.
-НАМЭХ бол 21 аймаг, есөн үүрэгт салбар зөвлөлтэй үндэсний
хэмжээний бүтэцтэй том байгууллага. Энэ хэрээр үйл ажиллагаагаа том
байна гэж хэлж чадах уу?
-Яг үнэндээ улс орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж чадахгүй байгаа.
Тийм учраас бид 21 аймаг, есөн дүүргийнхээ дунд болзолт уралдаан
зарласан. Зорилго нь бүх аймаг, нийслэлийн дүүргүүд ижил төвшинд үйл
ажиллагаагаа гаргаж ирэх юм. Энэ ажлыг бид 2014 онд хийнэ, тэгж байж
2016 оны сонгуульд намдаа туслах учиртай.
Хэрвээ үүнийг хийхгүй бол дотоод үйл ажиллагаа нь жигдрээгүй, зарим
аймаг нь ажиллаж байгаа эсэх нь бүрхэг, зарим нь эзэнгүй юм шиг байгаа
энэ дүр зураг намын ажилд сайн нэмэр тус болохгүй. Тийм учраас дотоод
болон салбар зөвлөлүүдийнхээ ажлыг цэгцлэх үүднээс дээрх ажлуудыг
идэвхжүүлэхээр шийдсэн байгаа.
Нөгөө талаас ажлын албатай байхаар шийдвэрлэсэн, өнөөдрийн байдлаар
хоёр хүн ажиллаж байна. Цаашлаад үнэхээр үндэсний хэмжээн дэх том
бүтэцдээ хүрч ажиллахын тулд бид ажлын албаа өргөтгөж, чадавхжуулах
шаардлагатай байгаа. Байгууллагын гадаад харилцааг хөгжүүлэх үүднээс
гадаад харилцааны ажилтан авч ажиллуулна.
Энэ ажилтан маань байгууллагын гадаад харилцааг хөгжүүлэхээс гадна
монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллагуудад үйл
ажиллагааныхаа чиглэлийг ойлгуулж, тэднээс төсөл хөтөлбөрийн дэмжлэг
авах үүрэгтэй ажиллана. Нөгөөтэйгүүр манай нам болон намын дэргэдэх
байгууллагуудад шүүмжлэл их ирдэг.
Нэг арга хэмжээ хийчихээд л бусад үед алга болчихог гэдэг л дээ.
Тэгэхээр бид улс төр хийх гэж байгаа улстөрийн намын дэргэдэх
байгууллага юм бол өдөр тутмынхаа амьд үйл ажиллагааг бусдад хүргэж
ажиллахын тулд хэвлэл мэдээлэл, олон нийтийн чиглэлээр туршлагатай
ажилтан авч ажиллуулах шаардлагатай байгаа.
-Олон нийтийн ажил гэснээс танай холбоо өөрийн гэсэн цахим хуудастай болж байх шиг байна.
-Холбооны зүгээс зориод цаг зав, хөрөнгө хүч гаргаж байгаа нэг томоохон
ажил бол веб сайтаа динамик байдлаар ажиллуулахаар болж байна. Нэг
үгээр бол, өдөр тутмын хийсэн ажил маань сонирхсон хүмүүст нээлттэй байх
юм. Цаашлаад www.nameh.mn хаягтай сайтаараа дамжуулан эмэгтэйчүүдтэйгээ
амьд холбоо үүсгэн тэдний санаа бодлыг сонсон ажиллах юм.
Манай холбооны үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг бол улс төрд
эмэгтэйчүүдийг бэлтгэх. Сонгууль болохоор нэр дэвшүүлэх эмэгтэй байхгүй
байна гэх шүүмжлэл дотроосоо ч гаднаасаа ч гардаг. Тэгэхээр манай нам
хамгийн анх удаа бусад улс төрийн намуудад үлгэрлээд жендерийн тэгш
байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг бодитойгоор хангаж, сонгогдох
болон томилогдох албан тушаалд 25 хувь эмэгтэйчүүд байхаар шийдэж дүрмээ
баталсан.
Энэ утгаараа бид.бүх шатны сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийг бэлдэх,
гаргаж ирэх, олон нийтийн танил болгох ажлыг тусгай хөтелбөртэйгөөр
хэрэгжүүлнэ.
-Шинээр бүрдсэн удирдах зөвлөлд олны танил эмэгтэй цөөнгүй
багтсан байсан л даа. Үүнийг хүмүүс янз бүрээр л ярьж байна. Гэхдээ
нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын удирдах
зөвлөлд олны танил хүмүүсийг түлхүү оруулснаар холбоонд болон ажлын
үзүүлэлтэд эерэг үр дүн авчрах боломжтой байдаг гэж ойлговол болох уу?
-Нам маань ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөлөлтэй байдагтай
адилхан эмэгтэйчүүдийн байгууллага маань ч намын дэргэд үүсээд 20 жил
болж байна. Түүхгүй байгууллага гэж байдаггүй. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн
байгууллагын төлөө цаг зав, залуу нас, туршлагаа зарж байсан олон
эмэгтэйчүүдийн зүтгэлийг бид дааж явах ёстой.
Тийм учраас манай удирдах зөвлөлд туршлагатай олон эмэгтэй багтсан.
Улстөрч, олны танил эмэгтэй цөөнгүй бий. Намд бэлтгэгдэх залуу үеийн
төлөөлөл болгож, нэлээд олон залуу бүсгүйчүүдийг ч оруулсан байгаа. Энэ
маань энэ намын боловсон хүчний залгамж халаа, хүний нөөцийн бодлогод
эмэгтэйчүүдийг бэлтгэх зорилгоо хэрэгжүүлэх үүднээс тэгш төлөөллийг
нэлээд сайн анхаарсан гэсэн үг.
Нийгэмд эмэгтэйчүүдийн асуудал байгаа цагт эмэгтэйчүүдийн байгууллага
тасралтгүй үйл ажиллагаа явуулах л үүрэгтэй. Сонгуулийн үед идэвхжээд
бусад үед саармагждаг байдлаар биш олон нийт рүү чиглсэн үйл ажиллагааг
эмэгтэйчүүдийн байгууллага манлайлан хийе гэсэн зорилгоор ажиллаж байна.
-Монголын нийгмийн олонхийг эмэгтэйчүүд бүрдүүлж, нуруундаа
үүрч яваа атлаа яг шийдвэр гаргах төвшинд тийм ч олуулаа биш байна л
даа. Энэ удаагийн УИХ-д арав гаруй эмэгтэйн төлөөлөл багтсаныг
чамлахааргүй амжилт гэж дүгнэж байгаа. Цаашдаа энэ тоог нэмэгдүүлэхийн
тулд эмэгтэйчүүдийн гэгдэх байгууллагууд хэрхэн ажиллах ёстой юм бол?
-Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр ямар ач
холбогдолтой юм бэ гэдэг асуудал өөрөө их чухал л даа. Өнөөдрийн төвшинд
эрчүүд давамгайлсан улс төр явж байна, цаашлаад бизнесийн орчинд ч
гэсэн эрчүүд л давамгай байна.
Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусмаа хууль эрх зүйн орчин ч
сайжирна, нийгмийн хамгааллын бодлого ч өөр болох учиртай. Нэг үгээр бол
шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд олноороо очвол тэр хэрээрээ нийгмийн
тулгамдсан асуудал болсон ажлын байр, ядуурал, халамжийн асуудалд
нэлээд нааштай ахиц гарах учиртай юм.
-Таны хувьд амаргүй цаг үед намын дэргэдэх байгууллагыг
удирдахаар болж байна. МАН сөрөг хүчин байгаа энэ үед дэргэдэх
байгууллагуудын оролцоо их чухал байх л даа. Нийгмийн олонхийг бүрдүүлж
байгаа эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байгаа таны хувьд цаашид ямар
байдлаар намдаа дэмжлэг болох бодлого барьж байна вэ. Нэг ёсондоо таны
мэдэлд хүчтэй баг бүрэлдэхүүн байна гэж хараад байна л даа?
-Одоо л сөрөг хүчин байгаа үед хэлэх үгээ хэлж, дуугарч, иргэдийн
хүлээлт үүсгээд байгаа тэр асуудалд анхаарч мэдрэмжтэй ажиллах ёстой.
Манай намын шат шатны сонгуульд ялагдал хүлээгээд байгаа гол шалтгаан нь
хүндээ хүрч ажиллахгүй байгаа явдал гэсэн шүүмжпэлийг хэн хүнгүй
хэлдэг.
Миний хувьд ч тэр, манай холбооны зүгээс ч тэр өрөөнөөсөө гарч ажиллая,
олон нийтэд хүрье гэсэн бодолтой байгаа. Эхний ээлжинд бид энэ ондоо 21
аймаг, есөн дүүрэгтээ хүрч ажиллахаар төлөвлөж байна.
Ондоо багтаагаад бүсчилсэн хэлбэрээр намынхаа бүтцээ дагаад
эмэгтэйчүүдийнхээ чуулганыг хийнэ. Тийм учраас өөрийн багахан туршлага
дээрээ суурилаад энэ байгууллагыг босгоод ирэх юмсан гэж бодож сууна
даа.
-Эмэгтэйчүүдийн байгууллага энэ цаг үед цөөнгүй байна л даа. Энэ дундаас намын харьяат байхад тодорхой хүндрэл гардаг болов уу?
-Ийм хүндрэл байдаг. Хэт улс төржсөн, талцсан байдал иргэдийг залхааж
байна. Тэр ч утгаараа намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага ийм ажил
хийж байна гэхэд хүмүүс их болгоомжтой ханддаг болчихсон. Тэгэхээр бид
яаж энэ босгыг давж ажиллах вэ гэдэг асуултын хариуг олох ёстой.
Тэдний тугламдсан асуудлуудыг зоригтой барьж авах хэрэгтэй. Нийгэмд
байгаа ямар л асуудал байна, тэр бүхэнд хүрч ажиллаж байж, олонд хүрнэ.
"Намын дэргэдэх байгууллага юм бол хамтарч ажиллах боломжгүй" гээд шууд
хэлэх нь ч бий. Энэ бүхнийг үйл ажиллагаараа л давах ёстой.
-Улстөрч хүн гэдэг утгаар биш хувь хүний тань хувьд асуухыг
хүсч байна. Энэ цаг үед эмэгтэйчүүд хэрхэн амьдарч, нийгэмдээ оролцож
байна вэ таныхаар. Сүүлийн хэдэн сарын турш бүсгүйчүүд зүй бусаар амиа
алдах тохиолдол ч цөөнгүй гарлаа.
-Би өөрийгөө нийгмийн салбарын хүн гэж боддог. Скаутын холбоо, Хүүхэд
залуучуудын хөгжлийн газрын дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний
хорооны ажлын албаны дарга гээд нийгмийн салбарт ажиллаж ирлээ л дээ.
Болж байгаа хэсэг нь болохгүй байгаадаа тусалж байгаа тэр нийгэм хүний
төлөө нийгэм шүү дээ.
Энэ үзэл санаа өөрөө манай намын үзэл баримтлалтай давхацдаг. Тийм
учраас болж бүтэж байгаа хэсэг нь болохгүй бүтэхгүй байгаа хэсэг рүүгээ
анхаарал хандуулах учиртай. Халамж хэрэгтэй байгаа хүнд хүрч ажиллах нь л
чухал. Тийм учраас хувь хүнийхээ үүднээс, ч тэр холбооныхоо зүгээс ч
тэр энэ ажилд нэн тэргүүнд анхаарлаа хандуулна.
Ямар ч халуун цэг рүү орж ажиллахаас би цэрвэхгүй. Ингэх ч ёстой. Бодит байдал руу орж, харж байж л асуудлыг шийддэг.
-Эмэгтэйчүүд рүү хандсан бодлого, эрх ашгийн талаар багагүй
ярилцлаа. Бусдын төлөө ярьж байгаагийн цаана та ч бас эмэгтэй хүн,
нийгмийн нэг хэсэг. Олон жил нийгмийн салбарт ажиллалаа, өнөөдөр ч
сонгуульт ажил эрхэлж байна. Өнгөрсөн хугацаанд ар гэртээ хэр анхаарал
хандуулав. Зав гардаг эсэхийг л сонирхож байна л даа?
-1992 онд сургуулиа төгсч ирснээс хойш өнөөдрийг хүртэл нийгмийн асар
их идэвхтэй хүн байлаа шүү. Бүх л баяраар завгүй байсаар ирж дээ. Цагаан
сараар хүртэл гэртээ ах дүү нартаа золгож чадахгүй хэн нэгэн ахмад
настанд бэлэг гардуулах үүрэгтэй л явдаг. Айлын эзэгтэйн хувиар, халуун
ам бүлээрээ ганцхан удаа л тухтай ардаа санаа зовох юмгүй тайван
баярласан. Тэр бол өнгөрсөн оны мартын найман. Учир нь 2012 оны
сонгуулиар нам маань ялагдаад гэртээ ажилгүй суугаа нь тэр л дээ
/инээв/.
-Гэр бүлдээ цаг гаргахгүй бусадтай баярлана гэдэг нэг бодлын хэцүү ч юм шиг.
-Миний хувьд хүүхэд байхаасаа л нийгмийн ажилд оролцож ирсэн. Мэдээж
өөрөө дуртай болохоор ч энэ хүртэл явсан хэрэг. Энэ утгаараа дасчихсан
байдаг даа. Тэгээд ч өөрийгөө бодож сууснаас олон хүнийг баяруулж явах
илүү буянтай сайхан шүү дээ.
М.Өнөржаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих