"Харсан
юмтай, хариад ярих юмтай наадам боллоо” гэдэг дээ. Энэ нь сэтгэл
сэргээсэн, омогшил, бахархал бадраасан хүндэтгэлийн концертоос эхлээд
наадмын сонин сайхан мэдээлэл, морь, бөх, сурын харвааны гайхамшгийг
хэлсэн хэрэг. Харин өнөө жилийн наадам арай л өвөрмөц боллоо. Зохион
байгуулалт сайтай, эмх замбараатай, гэмт хэргийн гаралт бага гээд сайн
мэдээ олон дуулдсан ч монгол наадмын түүхэнд байгаагүй жигтэй хачин
"ярих юм” олон байв.
"Жигтэй юмс” нь наадмын нээлтийн ажиллагаа, хүндэтгэлийн концертоос эхэлсэн. "Чио чио сан” дуурийн Чио чио саны ари дэлхийн сонгодог урлагийн гайхамшиг мөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин нөхөртөө хаягдсан золгүй бүсгүйн гунигт дууг төрийн наадмын хүндэтгэлийн концерт дээр дуулах нь зохимжтой байсан уу.
Тэр тусмаа "Хонхны дуу”-гаар яах гэж байгаа юм бол. Наадмыг хүртэл нам хувьчилдаг болоо юу гэсэн сэтгэгдлийг зүй ёсоор төрүүллээ. Яагаад "Халуун элгэн нутаг”-аа дуулаад уртын дууны шуранхай хадааж давтагдашгүй гайхамшигаараа гайхуулж болсонгүй вэ. Уртын дуунаасаа уйдах эрх монгол хүнд бий гэж үү.
Гэтэл "Гай газар дороос” гэгчээр "Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн нээлтийн ажиллагааны үеэр "Толин хул”-аа дуулж байгаад мориноосоо унав. Байдаг л явдал гэмээр боловч монголчууд л болсон хойно сэтгэлдээ сэвтэй үлдсэн. Дээр нь мориноосоо уначихаад байхад түүний дуу нь хадсаар байсан нь "ам барьсан”-ыг нь илчлэх нь тэр. Жилдээ ганцхан болдог монгол наадам дээрээ "амьдаараа” дуулж чадаагүй гавьяатад гомдсоноо нуух юун.
Мөн Төрийн шагналт гавьяат жүжигчин Д.Сосорбарам, төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатарын хамт бүжиглэх гэж баахан дэвэв. Уг нь үзэгч олон нь Со гавьяатаа хайрлаж, хүндэлдэг, түүнийг билэг авьяасыг хүлээн зөвшөөрдөг ч лав бүжиглэж гайхуулна чинээ санасангүй. Бүхнийг мэддэг, чаддаг гэх түүний хувийн тоглолт энэ удаад бүжгийн урлагийг "дайрч” арай л басамжилсан явдал боллоо гэлцэж буй нь үнэний ортой. Нөгөөтэйгүүр наадмын ерөнхий найруулагчаар хоёр дахь удаагаа ажиллаж төрийн хүндэтгэлийн концертийг зохион байгуулж байсан туршлагатай уран бүтээлчийн хувьд үзэгчид, наадамчдын урмыг хугалсан гэхэд хатуудахгүй болов уу. "Төсөв хөрөнгийн хувьд 900 сая төгрөг гээд зарлачихсан ч миний багцад 300 сая төгрөг л багтсан” хэмээн урьдчилан мэдэгдэж байсан Со гавьяатыг энэ удаад наадмын ерөнхий найруулагчийн үүргээ боломжийн гүйцэтгэсэн гээд халааг авах нь зүйтэй биз ээ.
Төр бол төр шүү дээ. Гаднын олон зочид монгол наадмыг л үзэх гэж ирж, монголчууд нь тэсэн ядан хүлээдэг наадмын хүндэтгэлийн концерт бол тоглоом биш. Тиймээс бөхийн цол олгоход хүртэл хууль баталж өгөөд байгаа шигээ төрийн хүндэтгэлийн концертийг ч хуульчлахад харамлах, харамсах юу байх вэ. Төрийн наадмаар заавал дуулдаг дуутай, тэр тусмаа уртын дуутай, олон түмнээрээ хүлээн зөвшөөрч, хэзээ ч үл уйдахаар "Халуун элгэн нутаг” дуугаа сонсдог байх учиртай.
Уртын дуунуудаас "Уяхан замба тивийн наран”, "Эртний сайхан” гэхчлэн хэчнээн ч сонссон татгалзахааргүй энэ дуу монгол түмний бахархал, хойч үедээ үлдээх аугаа өв яах аргагүй мөн. Энэ дуунуудгүйгээр наадмаа, цагаан сараа төсөөлөхөд бэрх. "Халуун элгэн нутаг” дуу хэдийгээр социализмын үеийнх гэгддэг ч эх орноо гэсэн омогшил бахархлыг төрүүлж чаддаг үг, аятай, давтагдашгүй, мартагдашгүй бүтээл. Тиймдээ хуучирдаггүй, монгол хүн бүхний дуулах дуртай дуу хэвээрээ байна.
Харин "Хонхны дуу” зэргийн тухайд сонгуулиар ч юм уу, эсвэл бусад баяраар сонсож болох юм. Үг бүрийг нь бодоод үзээрэй. Энэ улс орон "унтаж” байгаад сая л сэрж байгаа юм болов уу ч гэж ойлгож болох талтай. Гэхдээ л "Хонхны дуу” бол ардчиллын "сүлд дуу” гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз ээ. Тэгвэл жишээ нь, Иргэний зориг, ногоон нам сонгуульд олонх болж Засгийн эрхийг барихаар ямар дуу дуулах бол.
Энэ мэтчлэн Монголын төрт ёсны их баяр наадмыг олон нийтэд таашаал өгөх гэхээсээ илүү ихэс дээдсийн сэтгэлд таашаагдах, тухайн нам, улс төрийн хүчний талд нөлөөлөл үзүүлэх зорилгод нийцүүлэх шаардлагагүй. Ингэвэл ёстой л "Миний бөхийг хаяад байна. Би энэ наадмыг үзэхгүй” гэдэг ноёны эрх дагинын үг биелэлээ олох нь. Тиймээс төрийн наадмыг ард түмэнд үлдээхийн тулд нээлтийн ажиллагаа, хүндэтгэлийн концертийн арга хэмжээнээс эхлэн хуульчилж өгөх хэрэгтэй болж буйг өнөө жилийн наадам харууллаа. Ийм жигтэй хачин сонин ихтэй наадам олширвол наадмаараа гоёх бус наадмаасаа ичих болох нь.
uls

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих