Элчин сайд, түүхийн ухааны доктор Равдангийн Болдын бичсэн "Зарлаагүй дайн”:Халхын голын байлдааны цэрэг-дипломатын түүх” гэсэн номыг Халхын голын байлдааны ялалтын75 жилийн ойн босгон дээр "Непко” хэвлэлийн газраас хэвлэн уншигчдын гарт хүргэж байна. Зохиогчоос, Халхын голын байлдааны түүхийг өмнө нь үзэл суртлын бодлогын улмаас танигдахгүй болтол нь гоёж чимсэн,амьд гэрч цөөрөх тусам улам дэвэргэх болсоныг оршил хэсэгтээ тэмдэглэжээ.
Тус ном нь арван гурван бүлгээс бүрдсэн томоохон бүтээл бөгөөд зохиогч бүтээлээ гол төлөв ОХУ-ын цэргийн төв архивын материалд тулгуурлан бичсэн байна. Зохиолд Монголын талаарх Япон,Зөвлөлтийн бодлого, буриад иргэд,лам нарын эсрэг хэлмэгдүүлэлтийг Зөвлөлтийн тал хэрхэн эртнээс бэлтгэж хэрэгжүүлсэн, Ванчин ламыг Монголд урьж байсан тухай, "Монголго” Улс байгуулах Японы оролдлого,Халхын голын байлдааны өмнөх Монголын эсрэг явуулж байсан Японы тагнуулын ажиллагаа зэргийг урьд өмнө гарч байгаагүй сонирхолтой шинэ баримтуудаар дэлгэжээ.Зохиолд япончууд Баянтүмэн хотыг хэрхэн бөмбөгдсөнийг анх удаа тодорхой гаргасан байна. Халхын голын байлдаан үүсэх болсон нэг үндсэн шалтгаан нь төмөр зам байсныг баримтаар харуулж,Халхын голын дайн нь Дорнод аймагт төмөр зам тавихад хүргэсэнийг харуулжээ. Тус ном нь Халхын голын дайны түүхийг иж бүрнээр нь авч үзэхийг оролдсон анхны бүтээл бөгөөд Монголын20 дугаар зууны түүхийн зарим толбыг арилгахад тус дөхөм болох юм. Номыг академич Ж.Болдбаатар, түүхийн ухааны доктор хурандаа С.Ганболд нар хянан нягталсан байна.Тус номыг зохиогч, элчин сайд Р.Болдын эцэг, хурандаа генерал Равдан нь Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат бөгөөд Халхын голын байлдаанд батальоны комиссар цолтой оролцжээ. Зохиогчийн ээж Цэнд нь Халх голын сумын уугуул иргэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих