Хойд
Америкт хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтод муугаар нөлөөлөх сахарын
агууламж өндөртэй хийжүүлсэн ундааг худалдан борлуулахыг хориглох
уриалга гарах болсон билээ. Тэгвэл Канадын ахлах сургуулийн сурагч
сургууль дээрээ хийжүүлсэн ундаа борлуулсан гэх үндэслэлээр
сургуулиасаа "хөөгдсөн” байна.
Хэргийн талаар тодруулахад, Алберта мужийн Летбрижийн 17 настай Кээнан Шау гэх хүү өнгөрсөн долоо хоногт сургуулийн дотоод дүрэм зөрчсөн хэмээн хоёр өдрөөр сургуульд явах эрхээ хасуулжээ. Учир нь тэрбээр сургууль дээрээ хийжүүлсэн ундаа худалдаалсан аж.
Журам ёсоор бол сургууль дотор хоол хүнс, ундаа борлуулахыг зөвхөн боловсролын байгууллагатай тохиролцсон аж ахуйн нэгжид л зөвшөөрдөг бөгөөд сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглодог байна.
Орон нутгийн сонингуудад "Хийжүүлсэн ундаанаас болж сурагч сургуулиасаа хасагдлаа”, "Өөрийнхөө шүүгээнээс пепси гаргаж уусан сурагчийг сургуулиас хасна” гэх зэрэг том том сүржин гарчигуудтай нийтлэлүүд гарсан байх аж. Мөн сoke гэдэг үг кока кола гэсэн утга агуулахаас гадна кокайн гэсэн утгатай хэмээн мэдээлжээ.
Хүүгийн ээж ийм арга хэмжээ авч байгааг нь эрс буруушааж, "Миний хүүг хар тамхины төрлийн бодис нууж авчираад зардаг сурагчидтай адилхан шийтгэж байгаа нь тэнэг хэрэг” хэмээн өмгөөлсөн боловч сургуулийн удирдлагууд сурагч Шауг сургуулийн захирлын гаргасан тушаалыг зөрчсөн учраас түүнд арга хэмжээ авсан хэмээн тайлбарласан байна.
Б.Даваа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих