
Крымын хүн амын 58 хувь нь орос үндэстнүүд, үлдсэн хэсэг нь украин болон татарууд юм. Үндсэрхэг үзэлтэн болон татарууд бүх нийтийн санал хураалтад оролцохоос татгалзаж, бойкотолсон бөгөөд татар иргэдийн хувьд Оросын мэдэлд очвол амьдрал илүү хүнд болно гэж үзэж буйгаа сэтгүүлчдэд ярьсан байна. Татарын албан бус парламентын тэргүүн Рефат Чубаров энэ талаар ярихдаа "Бүх нийтийн санал хураалт хууль бус, Оросын цэргүүдийн хатуу хяналт дор болсон. Бидний эх нутгийн хувь заяаг цэргүүдийн бууны сүүдэр дор шийдэх ёсгүй” гэжээ.
Европын холбоо, АНУ-ын зүгээс уг санал хураалтыг хууль бус хэмээн буруутгаад байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй санал хураалтын үеэр утсаар ярилцсан ч нааштай үр дүн гараагүй талаар Цагаан ордны зүгээс мэдээлсэн байна. Гэхдээ талууд Украин дахь нөхцөл байдлыг эв зүйгээр намжаах тал дээр санал нэгджээ. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Киевийн Засгийн газар хэт үндсэрхэг үзэлтнүүдийнхээ зэрлэг балмад үйлдлийг зогсоож чадахгүй байгааг буруутгасан байна. Ерөнхийлөгч Обама Крымд болсон санал хураалтын дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гээд, Украины зүүн бүсийн асуудалд хяналт тавих олон улсын хүчин чармайлтыг дэмжихийг Москвагаас хүссэн байна.
Үр дүнг мөн л хүлээн зөвшөөрөхгүй гэж буй Европын холбооны Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Брюссельд уулзаж, Оросын нэр бүхий албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах асуудлаар хэлэлцэх юм байна.
Оросыг баримтлагчид болон Оросын цэргийн бүрэн хяналтад орсон Крымээс бусад бүс нутагт жагсаал үймээн үргэлжилсээр байгаа бөгөөд Украины зүүн өмнөд бүсийн Донецк хотод Оросыг дэмжигчид "Донецк бол Оросын хот” хэмээн хашгирч орон нутгийн прокурорын газрын байр руу халдаж орсон байна.
Э.Наранбат Eagle.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих