МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ж.Мөнхбат,
МАН-ыг Бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн
Н.Номтойбаяр нар Английн Хөдөлмөрийн намын урилгаар Лондон, Манчестер
хотноо ажиллаж байна. Тэд Английн хөдөлмөрийн намын бага хуралд оролцож
байгаа нь энэ юм. Английн Хөдөлмөрийн намын бага хурал жил бүрийн намар
хуралддаг бөгөөд тус хуралд Хөдөлмөрийн намаас сонгогдсон төлөөлөгчид,
үйлдвэрчний эвлэл, социалист нийгэмлэгүүдийн төлөөллөөс гадна олон
улсын зочид төлөөлөгчид ажиглагчаар оролцдог онцлогтой. Энэ нь жил бүр
10000 гаруй зочид төлөөлөгчид нэг дор цуглардаг Европ тивийн улс төрийн
чухал үйл явдлын нэг юм.
Энэ үеэр нийгэм, улс төр, эдийн засаг, залуучууд, эмэгтэйчүүд гэхчилэн тодорхой чиглэлээр 400 гаруй салбар хуралдаан хуралдаж, хүн бүр чөлөөтэй санал бодлоо солилцох боломжийг олгодог юм байна. Манай улсын төлөөлөгчдийн хувьд тусгай уулзалт, арга хэмжээнд оролцож байгаа аж. Тухайлбал, хурлын үеэр Британи-Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга ноён Жоннтой уулзаж ярилцав. Мөн үүний дараа Хөдөлмөрийн намын гадаад харилцаа хариуцсан, парламентын гишүүн хатагтай Керри МакКарпитэй уулзсан юм. Түүнчлэн Английн Хөдөлмөрийн намын дарга ноён Эд Милибанд гадаадын улс төрийн намын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Мөн тэрбээр Английн Хөдөлмөрийн намын дарга ноён Эд Милибандтай тусгайлан уулзаж, санал солилцлоо.
Английн хөдөлмөрийн намын бага хурал таван өдөр үргэлжлэх байгаа бөгөөд баасан гаригт дуусах юм. Энэ өдөр "Монгол Лондон бизнес уулзалт 2014-Улаанбаатар хот” семинар зохион байгуулагдах бөгөөд МАН-ын Бүлгийн дарга , УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлж хаах юм.
Д.Анар

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих